Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар өргөдөл гаргажээ. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн сарын 30-нд төв банкны дэд ерөнхийлөгчийг томилох чуулганы хуралдааны үеэр Монгол улсын валютын нөөц 400 сая ам.доллар байна хэмээн мэдэгдсэн. Мөн энэ сарын 9-нд Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл нь олон улсад цацагдаж үүнээс үүдэн монголын эдийн засгийн байдал улам хүндэрсэн төдийгүй зээл, тусламж татахад чөдөр тушаа болж, Засгийн газраас гаргасан бондын үнэ огцом унасан хэмээн өмгөөлөгч Г.Батбаяр үзэж байгаа аж. Тиймээс дээрх мэдэгдлийг хийсэн Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарыг, Эрүүгийн хуулийн 85.1-д заасан Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан, Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар болжээ.
Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарыг ТЕГ болон АТГ-т шалгуулна
2016-08-24 17:42:23