8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нийслэлд ноцтой хэрэг гарч, сургуулийн автобусуудыг шалгаж эхэлсэн өдөр

2016-08-25 18:43:00

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна. Тэртээ 91 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн бөгөөд үгээ хэлэх эрх чөлөө, дуу хоолойгоо ийнхүү албан ёсоор нэгтгэж байжээ. Энэхүү өдрийг тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газар анх 1997 онд тогтоол гаргаснаар жил бүр наймдугаар сарын 25-нд залуучуудын өдрийг тэмдэглэх болж, даруй 19 жилийг ардаа орхисон байна. Өнөөдөр залуучуудын өдөр болж байгаа учраас яруу найрагч Р.Чойном Залуу нас шүлгийг та бүхэндээ зориулж байна. 
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь. Та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэе.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Иргэдийг хагас тэрбумаар хохироосон хэргийг цагдаа нар хаацайлж байна уу

Иргэдийг ямар нэгэн аргаар залилдаг гэмт хэрэг сүүлийн үед их гарах болсон. Зарим залилагч этгээдүүд хүний амь нас, эмчилгээний зардалыг хүртэл залилсан хэрэг хүртэл гарсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 100 гаруй иргэдийг 520 сая төгрөгөөр хохироосон нэг хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, тухайн хэргийг гадаад худалдаа, автомашин импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Алтан Харилцаа” ХХК-ий захирал С.Цэвэлмаа, түүний ах С.Мягмардаш нар бүлэглэн хийжээ. Хохирогч дунд нялх нярайтай ээж байхад, хөгшин хүмүүс ч мөн цөөнгүй байлаа. Тухайн залилагч этгээдүүд хөл залгуулах унаа хайсан иргэдийг мэхлэх замаар залилан хийсэн байна. 
Анх тухайн иргэд Dreamcar гэх фэйсбүүк хаягийн доор тавьсан зарын дагуу очиж мөнгө төгрөгөө залилуулсан аж. Тухайн зар нь Япон болон бусад орноос автомашин худалдан авч импортоор оруулж ирэх гэрээ байгуулан урьдчилгаа 30-100 хувийн төлбөрийг авдаг байсан нь баримтаар ногтлогдсон. Гэвч Японоос захиалсан гэх автомашин Монгол улсын хилээр огт орж ирээгүй төдийгүй автомашинаа хүлээж бай хэмээн хэдэн сарыг ардаа үлдээсэн байна.  Машин нь ирэхгүй байсан иргэд эхнээсээ залилуулсанаа мэдээ 2016 оны 5 сард эхний хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд одоо хохирсон иргэдийн тоо 100 хүрээд байгаа аж. 
 60 хүнийг ганцхан сарын дотор залилсан бөгөөд хамгийн дээд тал нь 36 сая төгрөгөө залилуулсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Нийслэлд хүн амины ноцтой хэрэг гарлаа

 Өчигдөр буюу наймдугаар сарын 24-ны өглөө нийслэлд нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан байна. Тодруулбал, Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр, 11-р хорооллын ... тоот есөн давхар орон сууцны гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын үүдэнд 30 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэйгөөр нас баржээ.Талийгаач нас барахаасаа өмнө нэлээдгүй цус алдсан бөгөөд цусанд будагдчихсан байсаныг оршин суугчид хэлж байна. Цусны мөр 300 гаруй метр үргэлжилсэн бөгөөд  байрны гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын буланд хүрээд талийгаач түргэн тусламжийнхан ирэхэд нас барсан байна. Цагдаагийн байгууллага тухайн хэргийг шалгаж байна. 

Хувьцааны мөнгөө аваагүй иргэдийн анхааралд

Засгийн газар 2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа билээ. Засгийн газрын наймдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл сайн хөтөлбөрт хамрагдсан болон сайн хувьцааг аваагүй иргэдийн мөнгийг 2016 оны төсвийн тодотголд нэмж тусгуулсан байна. Өнөөдрийн байдлаар хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим иргэн байгаа аж. Эдгээр мөнгийг бүрэн гүйцэт олгохоор тусгажээ.

Дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үргэлжилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийхээр болсон.

Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8 төгссөн автомашин наймдугаар сарын 27-ны бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9 төгссөн автомашин наймдугаар сарын 28-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Автозамчид Сангийн сайдад шаардлага хүргүүллээ

2015 онд Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжих “Гудамж төсөл”-ийн хүрээнд Автозамын салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний АЗЗАТӨХК-иуд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна.

Энэ талаар мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа харъяа газрын удирдлагад шаардлагыг хүргүүлжээ. АЗЗАТӨХК-иудад шаардлагатай нэмэлт хөрөнгийг 2015 оны хоёрдугаар сард УИХ-ын 93 тоот тоггоолоор төсвийн тодотголд тусган шийдвэрлэхээр болсон ч одоо хэр нь шийдэгдээгүй аж.

Тэд үүнээс болж өрийн дарамтад орсноор эд хөрөнгөө хураалгаж, үүдээ хаалгаа барихад хүрсэн хэмээн мэдэгдлээ. Иймд АЗҮЭХ-ноос дараах шаардлагыг УИХ-ын гишүүд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн сайд Д.Ганбат нарт тус шаардлагийг хүргүүлж байгаа аж.

Шаардлагад:

“Монгол Улсын авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, замчдын эрхийг хамгаалах түр хорооноос 2016 онд улсын чанартай авто зам засвар арчлалтын ажилд 55,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн техник здийн засгийн үзүүлэлтийг үндэслэн төсөвлөсөн. Үүнийг төр засгаас 8,0 тэрбум төгрөгөөр төсөвт тусган баталсан. Товчоор хэлбэл төсвөөс авто зам засвар арчлалтын ажилд төсвөөс олгохоор баталсан найман тэрбум төгрөг бол энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 28 компаний 1000 'ажилтны цалинд ч хүрэхгүй. Ийнхүү хүрэлцээгүй, танасан төсвийн хор уршгаар замын компаниудын үйл ажиллагаа удааширч улмаар өрийн дарамтад орлоо. Мөн 180-300 мянган төгрөгийн цалинтай замчид энэ хэмжээний цалингаа ч авч чадаагүй хохирч байна. Энэ талаар 2016 оны 8 сарын 17-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тухай Сангийн яамнаас бидэнд “амаар” мэдээлэл өглөө. Иймд төреөс хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан замын ажлыг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөх.Монгол Улсын 2015 онд хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжзэ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсан Тудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн хувийн өмчит 22 компанид 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынх нь санхүүжилт болох 7,5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Сургуулийн автобусуудыг шалгаж эхэллээ

Замын цагдаагийн газраас  хичээлийн шинэ жилийг угтан, ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн автобусуудыг шалгаж эхэллээ. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт"-ыг хэрэгжүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж буй аж.

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран өнөөдрөөс энэ сарын 28-ныг хүртэл хийнэ. Шалгалтад 55 сургууль, дөрвөн цэцэрлэгийн нийт 132 хүүхдийн автобусыг хамруулах юм байна.

Д.Мөнхтөр: Тавантолгойн шалгалттай холбоотой намайг яаран чөлөөллөө


ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж  байгаа билээ. Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томилсон байна.Түүний хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд тус газрын даргаар томилогдсон юм. Гэнэт ийм томилгоо хийсэн талаар  Д.Мөнхтөр хэлэхдээ  “Шадар сайдын зөвлөхүүдийн хэлснээр би аравдугаар сард Хэрэглэгчийн хуулийг батлагдах хүртэл ажиллах ёстой байсан. Гэтэл Тавантолгой компанид шалгалт хийж эхэлсэнтэй холбогдуулж, намайг яаран чөлөөллөө гэж хувьдаа хардаж байна” хэмээн тайлбарласан байна. ШӨХТГ  Тавантолгойн компанид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалтын талаар одоогоор мэдээлэл хараахан гараагүй байна. 

Албан тушаалтны гадаад томилолт болон гар утас мөнгийг олгохгүй

Сүүлийн үед эдийн засаг хямарч, ард иргэд болон Засгийн газар хэмнэлтийн горимд шилжээд байгаа. Эдийн засгийн хүндрэлийг зардал багатай даван дуулахын тулд Засгийн газраас "бүсээ чангалах" арга хэмжээ авах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад буй. Тэгвэл энэ хуулийн төсөлд тусгагдсан тэвчиж болох зардлуудын жагсаалтыг хүргэж байна. 

  • · Төсвийн зарлагыг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр төсвөөс
  • · Гадаад томилолтын зардал гаргахгүй байх,
  • · Албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс төлдгийг зогсоох,
  • · Шинээр тавилга худалдан авахгүй байх,
  • · Эмнэлэг, сургуулиас бусад төсвийн байгууллагад албан өрөө, ажлын байрны өрөө, тасалгаанд урсгал засвар хийхгүй байх,
  • · Төсвийн хөрөнгөөр шинээр автомашин худалдан авахгүй байх,
  • . Эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдал, авлигатай тэмцэх байгууллага болон хил хамгаалах, хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсвийн байгууллагад албан ажлын хэрэгцээнд 1-ээс илүү автомашин хэрэглэхийг хориглох,

Төв суурин газарт шатахуун бага зарцуулалтай автомашин хэрэглэх журмыг мөрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, тавилга, эд хогшил, урсгал засвар, гадаад болон дотоод томилолт, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг зардлуудыг 10-100 хувь хүртэл бууруулж нийт 38.0 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг тэвчиж, хэмнэлт бий болгохоор тооцжээ. Энэ арга хэмжээг 2017 онд үргэлжлүүлснээр жилд 90-100 орчим тэрбум төгрөг бууруулах боломжтой аж. Харин чиг үүргийн онцлогийг харгалзан эмнэлэг, онцгой байдлын алба, хил хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлөх зарим зардлууд буюу тээвэр шатахуун, багаж, хэрэгслийн зардлыг бууруулахгүйгээр анх батлагдсан түвшинд хэвээр үлдээхээр тооцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл