"Эрдэнэт үйлдвэр - Ард түмний өмч" хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хөдөлгөөний зүгээс "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж, Орхон аймгийн 15 мянган иргэний гарын үсгийг цуглуулсан талаараа дуулгалаа. Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани болох "Монголын зэс" компанид шилжүүлсэн. Шинэ Засгийн газар энэхүү шийдвэрийг дахин нягталж, шалгах шаардлагатай хэмээн ажлын хэсэг байгуулсан. Улмаар тус үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс" компанид эзэмшүүлэх өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгон УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм. Харин "Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч" хөдөлгөөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгож, улмаар дотоодын аж ахуйн нэгжид боруулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тус хөдөлгөөн УИХ, Засгийн Газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ.
Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэхийг шаардаж гарын үсэг цуглуулжээ
2016-08-26 16:25:00