8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Отгондалай эх орондоо ирж, Хэн болох нь тодорхойгүй цогцос олдсон өдөр

2016-08-26 18:05:00

Намар ирчихжээ. Сэрүүн салхи зөөлөн үлээсэн ч жиндүүлж, байгаль дэлхий торгон шар эмжээрээ зүүж, өнгийн цэцэгс хагдарч, шаралсан навчис хөл доор ээрэгдсэн энэ оройн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнтэйгээ уулздаг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хуудаснаа

Чуулган эхэлж гишүүд байр сууриа илэрхийлж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм байна. Мөрийн хөтөлбөр хэлэлцэж буйтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 12 багц асуудал хэлэлцэгдэх юм.

Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай эх орондоо ирлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай өнөөдөр өглөө 06.00 цагт эх орондоо ирлээ.  Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчинаа   ХХЕГ-ын удирдлагууд болон эмээ, эхнэр үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, нутгийн зон олон монголчууд алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү барин угтан авч баяр хүргэлээ. 

Олимпийн хүрэл медалт Д.Отгондалайг эх орондоо газардаад байхад нь баяр сэтгэгдэлээс нь хуваалцлаа. 

-Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ. Анх удаа олимпод хүч үзэж эх орондоо хүрэл медаль авчирлаа. Баярын сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон олимпод амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Өөрийнхөө сэтгэл зүйг барьж олон улсын тэмцээнд орж байгаа юм шиг тоглолоо. Өмнө нь таарч байсан тамирчидтай таарсан. Эх орондоо ирээд маш сайхан байна. Миний тэмцээн наймдугаар сарын 16-ны өдөр дууссан. Эх орон руугаа маш их яарч ирлээ. 
-Таны сүүлийн тулаан сошиал ертөнцөөр маш их маргаан дагуулсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Яг тоглоод хожигдоход мэдээж маш их хэцүү байсан. Гэхдээ би залуу хүн цаашид илүү их хичээх болно. 

-Таны хувьд 2014 онд Азийн наадамд түрүүлж ард түмнээ баярлуулсан. Энэ удаад амжилтаа дахиад ахиуллаа. Медалийн тавцанд зогсож байх үед төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу? Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

"САНХЕРО ХХК" төсвийн мөнгөөр хувийн бизнес цэцэглүүлж байна уу

Өнгөрсөн нэг дэх өдрөөс эхлэн  цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж, өнөөдөр өглөө сугалаа сугалах үйл ажиллагаа боллоо. Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 мянга 570 хүүхэд байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Үүний 80 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой  гэсэн судалгаа гарсан. Цэцэрлэгийн сугалааны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжилхаар СХД-ийн 25 хорооны 170 дугаар улсын цэцэрлэг дээр очлоо.  Тус цэцэрлэгт энэ жил 2 настай нийт 150 хүүхэд бүртгүүлсэнээс 30 хүүхдийг сугалаагаар тодрууллаа.

 Өнгөрсөн жил тус цэцэрлэгт нийт 2 настай 400 гаруй хүүхэд бүртгүүлж байснаас нийт 35 хүүхэд нь элсэж орсон аж. Энэ жил харин ч бага буюу 150 хүүхэд бүртгүүлсэн байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч эцэг эхчүүдэд хэлж байсан юм. Ингээд бүртгүүлсэн хүүхэд бүрт тасалбар өгсөн бөгөөд тэр тасалбарын дагуу эцэг, эхчүүдийн нүдэн дээр эцэг, эхчүүдээс төлөөлөл болгож 5 хүн гаргаж ирж байгаад сугалааг сугалууллаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Хэн болох нь тодорхойгүй цогцос олджээ

"Өнөр" хотхоны урд талд байрлах усан оргилуурын ус зайлуулах худагнаас хэн болох нь тодорхойгүй цогцос олджээ. Одоогоор цогцсыг цагдаагийн ажилтнууд болон Онцгой байдлын 5 алба хаагчдийн тусламжтайгаар худагнаас гаргаад байгаа аж. Удахгүй шинжилгээнд оруулж хэн болохыг нь тогтоох аж. "Өнөр" хороолол нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг. 

Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэхийг шаардаж гарын үсэг цуглуулжээ

"Эрдэнэт үйлдвэр - Ард түмний өмч" хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хөдөлгөөний зүгээс  "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж, Орхон аймгийн 15 мянган иргэний гарын үсгийг цуглуулсан талаараа дуулгалаа.  Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани болох "Монголын зэс" компанид шилжүүлсэн. Шинэ Засгийн газар энэхүү шийдвэрийг дахин нягталж, шалгах шаардлагатай хэмээн ажлын хэсэг байгуулсан. Улмаар тус үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс" компанид эзэмшүүлэх өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгон УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм. Харин "Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч" хөдөлгөөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгож, улмаар дотоодын аж ахуйн нэгжид боруулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тус хөдөлгөөн УИХ, Засгийн Газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ.

Халуун тогоонд түлэгдсэн 8 сартай охины бие таруухан байна

Бага насны буюу дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд халуун хоол цай, буцалсан усанд түлэгдэх, цаашлаад амиа алдах харамсалтай хэрэг өдөр өнжихгүй гарч байна гэхэд хилсдэхгүй болов уу.  Тэгвэл дахин нэг хүүхэд түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр ГССҮТ-д дахин нэг хүүхэд халуун тогоотой шөлөнд түлэгдэж ирсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү хүүхэд ГССҮТөвд Булган аймгаас түлэгдсэн хүүхэд ирж хэвтсэн байна. Булган аймаг Баяннуур сумын харьяат 8 сартай эмэгтэй Н нь гэртээ халуун тогоотой мах татаж асган, цээж, бүсэлхий хэсгээр түлэгдэж, тус төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Охины бие тааруухан байгаа гэнэ. 

3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  төвөөс зүүн хойд зүгт 30 км-ийн зайд энэ сарын 24-нд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллийг Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлт тус сумын Асгат багийн Налуу гэдэг газар /E-109°43′00″ N-47°90′00″/ болжээ. Мэдээллийн дагуу ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан Цэнхэрмандал сумын   Засаг даргатай холбогдоход “Ард иргэдэд газар хөдлөлтийн чирэхийлэл мэдрэгдээгүй. Хохирол учраагүй байна” гэжээ.

20 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд завсарлага авлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авсн юм.  Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 179 300 төрийн албан хаагч бий. 2012 онтой харьцуулахад энэ тоо 40 мянгаар нэмэгдсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд төрийн албан хаагчдыг 20 мянгаар цомхотгоно гэж бид төлөвлөсөн. Гэхдээ зөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулна” гэжээ.

Д.Дагвадорж: Асуудал үүсээд байна одоо яадаг билээ

Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд  ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан маргаантай болсон. Тэрээр хүрэл медалийн төлөө Узбекстаны Наврузовтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан ч цаг дуусах мөчид торгуулж ялагдсан билээ. Энэ асуудлаас болоод Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын багийг тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан тухай МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж твиттертээ жиргэжээ. Гэхдээ UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.

Цус алдаж ухаан нь самуурсан үедээ гараа зүсэж алхжээ

Энэ сарын 24-ны өглөө үүрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.  Тодруулбал, СБД-7 "10-р байрны гадна цусанд хутгалдсан хүн хэвтэж байна" гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны гадна байрлах под станцын урд ХУД-3 хороонд суух Л /эр,37н/ нь мэсний шархтай байсан байна. Тухайн үед цагдаагийн байгууллагын алба хаагчид түргэн тусламжийн 103-аар ГССҮТөвд хүргэжээ. Тухайн үед хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Шалгалтын урьдчилсан байдлаар хүн амины хэрэг биш болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан иргэн цус алдаж ухаан нь самуурсан үедээ баахан алхсан байна. Явж байхдаа гараа зүсэж байсан нь бичлэгт буусан байна.  Тиймээс уг хэргийг хүн амины хэрэг биш гэдэг нь тогтоогдсон гэнэ.

Д.Сумъяаг “Хөдөлмөрийн баатар” цолонд тодорхойлжээ

Энэ даваа гаригт Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд болон багш дасгалжуулагчид өнгөрсөн олимпийн наадмыг дүгнэж хамтарсан хурал хийжээ. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний итгэлийг алдсан даа хүлцэл өчиж, ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тухайгаа дуулгасан. Гэсэн ч холбооны багш дасгалжуулагч, тамирчид энэ шийдвэрийг нь эсэргүүцсэн байна. Мөн тэрээр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчин Д.Сумъяаг “алтын дайтай мөнгөн медаль авсан” гэж онцлон хэлээд Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлохоо дуулгажээ. 

Зам тээврийн ослоор 2 хүн нас баржээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өнөөдрийн байдлаар зам тээврийн ослын  243 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зам тээврийн ноцтой ослоос болж хоёр хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг “Могойт” баг дахь нүүрс тээвэрлэлтийн засмал зам дээр  "N.Benz "маркийн авто машины жолооч Ж нь  машинтай мөргөлдсөний  улмаас жолооч Э-ийн амь хохирчээ. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын нутгийн  шороон замд улсын дугааргүй  өөрөө буулгагч механизим онхолдож, жолооч С амиа алдсан байна. Тиймээс Замын цагдаагийн газраас орон нутгийн замд болгоомжтой явахыг анхааруулж байна.

Цалинг бууруулахыг эсэргүүцэж УИХ-ын даргад албан тоот хүргүүлжээ

Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа энэ оны төсвийн тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр төсөвт 2016 онд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргаад байгаа. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдод албан тоот хүргүүлжээ. Тус бичигт шүүгч нарын цалинг Засгийн газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог бөгөөд шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгчийн хараат бус байх зарчимд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолсон байна. Одоо ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгасан аж. Шүүгчид дунджаар 2.7-3.3 сая төгрөгийн цалинг сард авдаг юм байна.  

Г.Мандахнаран эх орондоо ирлээ

Риогийн олимпийн наадамд амжилттай оролцож хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгарч үлдсэн Г.Мандахнаран өнөө өглөө эх орондоо ирлээ. Түүнтэй хамт бокс болон чөлөөт бөхийн шигшээ багийнхан ирсэн байна.  Түүнийг гэр бүл, найз нөхөд нь угтан авчээ. Монголын Чөлөөт бөхийн мастеруудын холбоо алтаар цутгасан медали гардуулна гэж мэдээлэл хийсэн. Хандивын үйл ажиллагаа өчигдөр зогссон тул түүнд ирэх долоо хоногтоо багтан ард түмний сэтгэл шингэсэн “хүрэл” медалийг  энэ сарын 29-ний гардуулна.