8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа ямар зарчим баримтлав

2016-08-29 10:08:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн тав дахь өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд 2016 оны Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар танилцуулсан. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дараах ямар зарчим баримталсан талаар мэдээлэл хүргэе. 
    Төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад, дотоод зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх;
    УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу яам, агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөвт тусгах;
    Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах;
    Төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин, хөлсийг түр хугацаагаар бууруулах;
    Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд, урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх;
    Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгаатай, харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах;
    Нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах;
    Тэтгэврийн сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр зайлшгүй хийгдэх зохицуулалтын арга хэмжээг авч эхлэх;
    Шинээр батлагдсан бөгөөд төсвөөс зардал нэмж шаардагдах зарим хууль, тогтоомжийг бүхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжилтийг хойшлуулах, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зарчмыг баримтлах;
    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр  санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа зарим барилга байгууламжийн санхүүжилтийг хойшлуулах зэрэг болно.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээл 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2тэрбум төгрөг буюу ДНБ-ний 18.2 хувьтай тэнцэхээр тооцож тусгалаа.
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний 18.2 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудыг өнөөгийн тодорхойлсон түвшинд мөрдөж, хэрэгжүүлэх боломжгүй болж байна.
Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 17 хувиас, 2018 онд 15 хувиас, 2019 онд 13 хувиас, 2020 онд 9 хувиас, 2021 онд 7 хувиас, 2022 онд 5 хувиас, 2023 онд 3 хувиас, 2024 оноос 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Түүнчлэн Засгийн газрын өрийн зохистой түвшинг дахин тодорхойлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан ДНБ-ий 55 хувийг давахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыгЗасгийн газрын өрийн зохистой түвшин болох ДНБ-ий 60 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна. 
Өрийн тусгай шаардлагыг хангахын тулд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулахаар холбогдох өөрчлөлтийг боловсруулжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment