Өнгөрсөн тав дахь өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанаар ард иргэдийн хамгийн их анхаарлыг татаад байсан нь хүүхдийн мөнгөний асуудал байлаа.
“МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан билээ. Эхний ээлжинд зорилтот бүлгийнхэнд олгоод, үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөж олгохоор төлөвлөөд байгаа талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн энэ үеэр нэмж цэцэрлэг сургууль барихад мөнгө төсөвлөхгүй гэв. Зарим гишүүд энэ асуудалтай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Тодруубал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ “Энэ жил цэцэрлэг сургууль барих төсөв баталж чадахгүй юм бол хүүхэд харах үйлчилгээг дэмжих ёстой юм биш үү? Гэтэл хүүхэд харах үйлчилгээний төсвийг хасчихсан байна. Дээр нь Монгол Улсын хүн болгон дээд боловсролтой болох гэж зүтгээд талх барьдаг, барилга барьдаг хүүхдүүд ховордоод байхаар нь МСҮТ-д суралцдаг хүүхдүүдэд тэтгэлэг олгож эхэлсэн. Гэтэл эргээд хасчихсан байх юм. Мөн түүнчлэн төсвийг танана гэчихээд харин ч зардал нэмэгдсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Гэж асуухад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “МСҮТ-ийн сурагчдад олгодог тэтгэлэг түр зогсоосон. Санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Зарим нэг урсгал зардал нэмэгдсэн. Учир нь шинэ ЗГ байгуулагдахаас өмнө өр үүсгэчихсэн байсан. Тиймээс зарлага нэмэгдсэн. Шинээр барилга барих боломжгүй. Харин эхлүүлсэн ажлаа дуусгах, урсгал завсар хийх ажилдаа санхүүжилт олгох бодлого бариад явж байна. Хүүхэд харах үйлчилгээний хувьд санхүү сайжирвал эргээд нэмэгдүүлнэ” гэсэн хариултыг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана гэдгийг хэлж байлаа.
Үүнхий дараахан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай Засгийн газар зээлийн бодлогоор явахгүй. Гэхдээ арилжааны биш хөгжлийн зээлийг зарцуулна. Хөгжлийн зээлээр зам тавихгүй. Мэдээж зээлээ төлөхөд манай улсад нэлээд их хэмжээний дарамт ирж байгаа нь тодорхой.
Энэ дарамтаасаа хэрхэн гарах вэ гэдэг тал дээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байна. Тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээсөрөө өөр өрөөр солих. Солихдоо хамгийн ашигтай нөхцлөөр хамгийн хямд өртөгтэй байдлаар шийдвэрлэнэ” хэмээсэн юм. Зарим нэг гишүүдийн хэлж байгаагаар бол өнгөрсөн жилүүдэд ард иргэд хэт их тансагласан харин одоо эдийн засаг муудсан хэмнэлтийн горимонд оруулана гэж хэллээ.