8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Олимпийн медалтнуудыг шагнаж, Монголын чөлөөт бөхийн холбоо шийдвэр гаргасан өдөр

2016-08-30 19:00:00

Намрын жихүүн өдрүүд хаяанд ирж, өглөө оройдоо хүйтэн жавар жүндүүлэх болж. Мөнх наран ээж дээрээс төөнөж өнгө алагласан цэцэгс бүхэнтэй зуны гурван сарыг үдэж намрын дунд сартай золгож буй энэ өдрийн мэндийг эрхэм  уншигч та бүхэнд хүргэж байна.  Өнөөдөр улс эх орны минь өнцөг булан бүрт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө уншигч танд хэрэгтэй бяцхан зөвлөгөө мэдээллийг хүргэе. Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байх төлөвтэй байгаа цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс эрхэм уншигч та дулаан хувцас, шүхрээ авахаа битгий мартаарай.
Чухал мэдээ: Олимпийн медальтнуудыг Ерөнхий сайд хүлээн авч шагнал гардууллаа

  Бразил улсын Рио Де Жанейро хотноо болсон зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын хоёр тамирчин медаль хүртсэн билээ. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл тамирчдыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэднийг хүлээн авч Засгийн газрын шагналыг гардуулж өгсөн юм.

Чухал шийдвэр: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг гишүүдийн 71,4 хувийн саналаар дэмжлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэн өгчээ. Ийнхүү Эрүүгийн хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах эсэхийг хэлэлцэхээр болж чуулганы хуралдаан үргэлжилж байна. Харин яг одоо Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  танилцуулж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Чухал үйл явдал: Хоёр дасгалжуулагчийн ажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос саяхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сумъяабазар болон Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж нар оролцсон юм. " Рио-2016" олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаантай холбоотой асуудлаар ийнхүү мэдээлэл хийсэн юм. МБЧХ-ны Удирдах зөвлөлөөс “Монгол Улсын баг тамирчид 13 дахь удаагаа Зуны олимпийн наадамд оролцлоо. Энэ удаагийн наадамд Засгийн газар 8 тэрбум төгрөг зарцуулсан. Олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн барилдаан дэлхийн нийтийн анхаарлын төвд өнөөг хүртэл байсаар байна. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг хоёр удаа хуралдлаа. Ингээд бид Монголын ард түмэн, Төр засгаасаа уучлалт гуйж байна гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. Мөн Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн нууцын зэрэглэлийн бичгийн дагуу бид есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан хүсэлтээ илгээх учиртай. Тиймээс Удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж дараах шийдвэр гарлаа. Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгасан. Монголын чөлөөт бөхийн холбооны Ёс зүйн хорооноос олимпийн наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр дасгалжуулагчийн ажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Ингээд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйж байна.” гэв.

Чухал хүн: Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжлээ

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгийг  гишүүдийн 91,1 хувь нь дэмжиж тэмдэглэхээр болсон байна.  Харин яг одоо Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  хэлэлцэж эхэлжээ.

Чухал  сэрэмжлүүлэг: Улаанбаатарт хүчтэй, дуу цахилгаантай аадар бороо орох тул анхаарна уу

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хотод хүчтэй, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Яг одоо тэнгэр муухайрч байгаа тул ард иргэдийг гэр орноосоо болон ажил албан байгууллагаасаа гарахгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна. Мөн 31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн баруун хагаст өдөртөө дулаарах юм байна. Тиймээс цаг агаарын нөхцөлд байдалд анхаарал, сэрэмжтэй байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. 

Чухал сэдэв: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг эргүүлэн татлаа

Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг 12 жилийн дараа шинэчлэн өнгөрсөн хавар батласан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан юм. Гэтэл  МАН-ын Засгийн газар уг хуулийг эгүүлэн татжээ. Ингэснээр уг хууль хэрэгжихээргүй болж байна. Зарим гишүүд энэ хуулийг хэрэгжүүлээд явах ёстой байсан гэдгийг онцолж байсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн хуульд шинэчлэлийг хийснээр гэр бүлийн хүчирхийллэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох эрхзүйн орчин үүсч байсан билээ. Мөн хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэх, хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээллэх үүрэгтэй байхаар тусгаж өгсөн. Хохирогчийг хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуулинд тусгаж өгсөн бөгөөд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэнэ гэх зэрэг олон давуу талуудыг хуулинд тусгаж өгсөн юм. Мөн уг хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүрээнд хүчирхийллэл буурах, энэ төрлийн хэргээр гэмт хэргийн холбогдогч багасах ач холбогдолтой байсан аж.

Ийнхүү "Монголын нэг өдөр" тоймоо чухал мэдээллийг хүргэлээ. Өдрийн үйл явдлыг цөөн үгээр хүргэж байна.

-Монгол Улсын начин Токитэнкү А.Хүчитбаатар хүнд өвчин туссан учраас зодог тайлахаар болсоноо мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ. 

-МУГТ Г.Мандахнаран болон Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа мэдээлэл хийж Рио-гийн олимпийн чөлөөт бөхийн хамгийн сүүлийн барилдааны талаар бид уучлалт гуйвал булхайтай шүүлт, бузар явдлын өмнө сөхөрч байгаатай адил байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

- "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль" есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

- Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс баруун хойд зүгт 41 км-т өчигдөр 05:04 цагийн үед 3,9 магнитудын хүчтэй мэдрэгдсэн байна. Энэ үеэр ямар нэгэн хохирол гараагүй аж.

- Зуны Паралимпийн XV наадамд оролцох Монгол Улсын найман тамирчин спортын 5 төрөлд өрсөлдөх бэлэн болжээ. 

- Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван иргэн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдаад байгаа билээ. Шүүхээс уг хэргийг хэлэлцээд, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

-Өнөөдрийн байдлаар манай улсын дөрвөн аймгийн есөн суманд  мал, амьтны гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд тань амжилт хүсье. Маргааш энэ цагтаа эргээд уулзъя.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment