Маргааш 9 сарын 01. Монгол орны өнцөг булан бүрт хонхны дуу жингэнэж, хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Аав ээжийнхээ наран болсон бяцхан үрс тань нэг л мэдэхэд 6 нас хүрч сургуулийн алтан босгыг алхах гэж байна уу. Энхрийхэн чинээ гэж боддог бяцхан үрс тань ардын багшийн гарт очиж, анхныхаа А үсгийг заалгах гэж байна. Энхрий жаахан охид, хөвгүүд хичээлийн шинэ жилийн анхны мөнгөн хонхны дуу сонсож, ирээдүйн их үйлсийн цуурайг хадаана. Маргааш хүн бүрийн хувьд шинэ сар, шинэ бүхэн эхэлж байна. Та ч гэсэн ажил үйлсээ төлөвлөөрэй. Энэ сар амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн ажил үйлсээ амжуулсан бол сонин содон мэдээлэлийг нэг дор хүргэдэг Монголын нэг өдөр буланг хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Чухал шийдвэр: Цалингаа хасуулах албан тушаалтнууд
Засгийн газар хэмнэлтийн горимд шилжиж нялх балчираас настай буурай хүртэл бүсээ цангалж эхэлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн Засгийн газар агентлагийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа билээ. Тэгвэл дараах хүмүүс цалингаа халуулах юм байна. Ингэснээр хэчнээн төгрөг хэмнэж болохыг харна уу.
Чухал үйл явдал:Арабууд нэн ховор амьтдыг хууль бусаар агнаж байгаад баригджээ
Хөвсгөл аймагт отог байгуулсан Араб иргэд шонхор шувууг нууцаар барьдаг төдийгүй аргалийн хонт, хар сүүлт зэрэг ховор амьтадыг ч мөн агнаж эхэлсэн хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Арабын нэгдсэн Эмират улсаас ирсэн шонхор шувууны наймаачид Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шонхор шувууныхаа тоог илгээж, зөвшөөрөл хүссэн бөгөөд уг зөвшөөрлөө хүлээж байсан аж. Гэтэл зөвшөөрөл нь ирээгүй байхад Арабууд нэн ховор амьтдыг хууль бусаар агнаж байгаад орон нутгийн иргэдэд баригджээ. Баригдсан Арабууд нутгийн иргэдэд өмнөх Засгийн газрын үед баталсан идлэг шонхор шувууг нууцаар гадаадад гаргах тогтоолын хүрээнд 13 шонхор шувууг барихаар оторлож буйгаа тайлбарласан байна
Чухал сэрэмжлүүлэг: Завьтай иргэд осолдож 3 хүүхэд амиа алдав
Хөвсгөл аймаг: Хатгал тосгон Жанхайн даваа гэх газар "Байкаль" жуулчны баазын харалдаа далайн усанд 5 хүн завьтай явж байгаад осолдож, 6-14 насны 3 хүүхэд, 1 эрэгтэй хүн /27н/ нар живж нас барсан, 1 цогцос олдоогүй" гэсэн мэдээллийг шалгаж байна.
Иргэдийн амралт зугаалгын үеэр хүмүүс осол аваарт өртөх, усанд осолдох тохиолдлууд гарсаар байна. Тиймээс иргэд та орон нутгийн замд явахдаа аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна. Мөн гол усны ойролцоо амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй юм.
Чухал мэдээ: "Аварга шиг барилд, Монгол шиг тэмц" гэсэн цамц АНУ-д худалдаанд гарлаа
"Рио 2016" олимпийн наадам манай улсын хувьд нэлээд дуулиан шуугиантай болж өнгөрсөн. Тэмцээний сүүлийн өдөр барилдсан чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнарангийн барилдаан нэлээд маргаан дэгдээсэнийг уншигч та бүхэн мэдэж байгаа билээ. Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн нь дахин нэг онооны торгуулийг авчирсан билээ.Тэдний энэ үйлдэлийг монгол түмэн төдийгүй дэлхийн нийт харсан бөгөөд зөвтгөх нэгэн байхад буруутгах ч хүмүүс байгаа. Тэгвэл монгол дасгалжуулагчдын тэмцлийг харуулсан зурагтай богино цамц АНУ-д худалдаанд гарч эхэлжээ. Тус цамцны нэр "Аварга шиг барилд. Монгол шиг тэмц". Тус цамцыг 22 доллар зарж байгаа аж.
Чухал баривчилгаа: Улаанбаатар төмөр замын Хангамжийн албаны даргыг цагдан хорьжээ
Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны дарга Г.Энхсайханыг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Г.Энхсайхан нь Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны даргаар ажиллах хугацаандаа байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд өөрийн танил, хамаарал бүхий компаниудад илт давуу байдал бий болгож, гэрээ байгуулан, тэднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж шалгаж байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 268.2 -д зааснаар яллагдагчаар татагджээ. Эх сурвалж Г.Энхсайханг ШШГЕГ-ын 461-р ангид цагдан хорьсон гэх мэдээллийг өгч байна.
Сурагчдыг хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг хязгаарлах санал гаргав
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчдыг хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг хязгаарлах саналгаргажээ.Тэрбээр энэ талаараа өөрийн твиттертээ “ЕБС-ийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд, хичээлийн цагаар хязгаарлавал ямар вэ? Таны санал.... #СаналАсуулга” хэмээн жиргэжээ.
Хотын даргын энэхүү саналыг иргэдийн ихэнхи нь дэмжсэн хариу өгсөн байна. Тухайлбал, “Зөв гэж бодож байна. Ухаалаг утас хүүхдийн анхаарал болон оюун ухаан хараа зүйн мэдрэлд маш сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хязгаарлах нь зөв зүйтэй. Ухаалаг хэрэглээг нь хичээлийн үеэр, сургуулийн орчинд хязгаарлаж болно. Гэхдээ зөвхөн хязгаарлаад орхихгүй зохистой хэрэглээг сурталчлах нь зүйтэй. Харин дуудлага мессеж хүлээн авахыг хориглож болохгүй” гэжээ.
Таны маргаашийн ажилд амжилт хүсэе. Сайхан амраарай.