Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэж, тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилж, эд мөрийн баримтаар хар ногоон өнгийн нунтаг ургамал хураан авч, сэжигтнүүдийг хорих 0461-р ангид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан байна. Албан бус тоогоор Монгол улсад 70 мянга гаруй хар тамхи хэрэглэгч бий болсон гэх ба хэрэглэгчид дээрх ургамлаас гадна химийн аргаар гаргаж авах “мөс” хэмээх бодис худалдан авагч, хэрэглэгч нар томоохон зах зээл үүсгээд байгаа аж. Улмаар залуусын дунд хар тамхинд донтогсдод хуурамч “мөс” худалдаж их хэмжээний мөнгөөр биенээ хохироох явдал цөөнгүй гардаг гэх ба хохирсон хүмүүс хууль цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй талаар баттай эх сурвалж мэдээлж байсан удаатай.
Хар тамхи хэрэглэж байсан 2 эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилжээ
2016-09-01 15:56:21