16o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяа, Д.Отгондалай нарт тэтгэлэг гардууллаа

2016-09-01 17:13:04

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцов. 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн түүхт ой тохиож байгаа, түүнчлэн энэ хугацаанд улс орны хэмжээнд 70 000 гаруй мэргэжлийн багш бэлтгэн, боловсролын салбарыг боловсон хүчнээр хангаж ирсэн хувь нэмрийг үнэлж, нөгөөтэйгүүр, даян дэлхийн энх тайван, найрамдлын билэг тэмдэг болсон Олимпийн их наадамд амжилттай оролцсон медалийн эздийг төрүүлсэн хамт олон учраас Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нээлтэд хүрэлцэн ирсэн болохоо хэллээ. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд улс орныг хөгжүүлэх, бүхий л салбарт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг танилцууллаа. Түүнчлэн оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх 2016 оны төсвийн тодотголыг Улсын Их Хурлаар өнөөдөр хэлэлцэж байгааг онцолсон юм. Үргэлжлүүлэн “Боловсролын санг шинэчлэн зохион байгуулж, тус сангаас боловсролын зориулалтаар зээл олгодог, сургуулиа төгсөөд зээлсэн мөнгөө эргүүлж төлдөг тогтолцооны эхлэлийг тавьж, улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг тусгаж, энэ төсвийн тодотгол батлагдмагц хэрэгжихээр болж байгаа. 


Мөн оюутан, залуучууд хөдөлмөр эрхэлж, сурахын зэрэгцээ ажил амьдралын дадлага сууж, амьдралдаа хэрэгцээтэй байгаа санхүүгээ шийдвэрлэхэд нь тус нэмэр болох зорилгоор ирэх дөрвөн жилийн хугацаанд “Орлоготой оюутан” хөтөлбөрийг Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж, оюутан залуучуудыг ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоогоор хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн орон нутгаас ирж суралцдаг оюутнуудын хувьд тун чухал асуудал болдог дотуур байрны хүрэлцээ, хангамж, үйлчилгээг сайжруулах, оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг Та бүхний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийн төслийг Засгийн газар боловсруулснаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дуулгахад таатай байна” гэв. 

Цаашид төр засгаас боловсролын салбарт анхаарал хандуулах бодлого баримтлах талаар Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд оюутан залуучууд болон эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэв. 

Тус сургуульд энэ хичээлийн жилд бакалаврын түвшинд 13 000, магистр, докторын түвшинд  2000 гаруй оюутан суралцах юм байна. Нийт 23 мэргэжлээр 2800 гаруй оюутан шинээр элсчээ. 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг нээж, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал үг хэлэв. Тус сургуулийг багш бэлтгэх шинэ стандарт, сургалтын хөтөлбөрийг энэ хичээлийн жилд шинээр нэвтрүүлэн, чанарыг эрс сайжруулах зорилт тавин ажиллаж байгааг тэрээр онцоллоо. Орчин үеийн боловсрол судлал, сурган судлал, сэтгэл судлалын арга зүй, технологид суралцсан эрдэм мэдлэгтэй багш нарыг бэлтгэхээр зорьж, оюутан төвтэй олон арга хэмжээг явуулах төлөвлөсөн байна. 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийнхаа харьяа лицейг нээсэн бол энэ хичээлийн жилд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа цэцэрлэгийг нээн, үйл ажиллагаа явуулж байгааг дурдав. Түүнчлэн МУБИС-ийн оюутан Б.Сумьяа 2016 оны зуны олимпод амжилттай оролцон, мөнгөн медаль хүртсэн бол шинээр элсэн суралцаж буй Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн амжилтаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг тус сургуулийн  захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал нээлтийн үеэр онцолж байв. 

Тус сургууль 2013 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад Төрийн сангаас өндөр онооны тэтгэлэг гаруулж байгаа аж. Ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үеэр өндөр оноотой оюутнууд болон Олимпийн мөнгөн медальт тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяа, Олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт тэтгэлэг гардууллаа. 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар тус сургуулийн багш, оюутнуудын бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэнг үзэж, сонирхов. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, багш, оюутнууд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment