8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хичээлийн шинэ жил эхэлж, Замын хөдөлгөөний хууль хэрэгжиж эхэлсэн өдөр

2016-09-01 18:10:00

Хөгжөөнт зуны улирал өнгөрч

Алтан намар айлчлан ирлээ

Хүүхэд бидний амралт дуусч

Сургууль, цэцэрлэг үүдээ нээлээ

Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд, залуусын баяр хөөртэй дуу цангинасанаар амьдралын анхны хонх дугарсан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим руугаа яаран. Аав, ээжийнхээ өврөөс салаагүй алдрай бяцхан зургаан настнууд  нулимс мэлмэрүүлэх нь ч бий. Цэцэрлэгийнхээ өхөөрдөм тоглоом дундаас хичээлийн танхимд шууд л сурагч болон ирэх тэд өөрсдөө ч бас өхөөрдөм байдаг. Зарим нь аав, ээжээ даган мэгших ийм л дүр зураг өнөөдрийг өртөөлсөөр.  Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч, цэцэрлэгийн алдрай бяцхан хүүхэд багачууд, оюутан залуус Та бүхэндээ 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүсье. Энэхүү ерөөлийн хамт “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.

Чухал хүн: 6 настай Э.Амаржаргал хүү Дэлхийн аварга боллоо

Энэтхэгийн нийслэл Делид болсон "Соробан сампин"-гийн олон улсын тэмцээнд зургаан настай Монгол хүү тэргүүн байрт шалгарчээ. Тодруулбал, тус тэмцээнээс зургаан настай монгол хүү Э.Амаржаргал "Алтан цом" хүртэж, Дэлхийн аварга болсон байна. Энэхүү тэмцээнд Монголын хүүхэд, залуучуудын Соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд оролцжээ.

Чухал сэрэмжлүүлэг: Японыг дайрч өнгөрсөн хар салхи маргааш манай орныг дайрна

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 2-нд манай орны зүүн хэсгийг хар салхи дайрч өнгөрөх талаар мэдээлсэн байна. Өнгөрөгч өдрүүдэд Японыг дайрч өнгөрсөн Тайфун хар салхи маргааш манай орныг ийнхүү дайрах аж. Энэ үеэр мөндөр, усархаг бороо орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Японы арлыг дайрч, Владивосток орчмоор эх газар дээр гарч эрч нь суларч, манай орны зүүн талд тулж ирэх бөгөөд аажмаар нутгийн зүүн өмнө тал руу шилжин есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах юм байна. Гэхдээ арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл манай оронд үзэгдэхгүй ч, 2-3 хоног усархаг бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрэх тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ анхааруулж байна. 

Чухал мэдээ: Улсын хэмжээнд 43000 хүүхэд цэцэрлэггүй хоцорлоо

Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр тохиож байна. Энэ хичээлийн жилд улс даяар нийт 69100 хүүхэд сурагч болж байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотод 27629 хүүхэд нэгдүгээр ангийн сурагч болж байгаа бол хөдөө орон нутагт 41471 сурагч нэгдүгээр ангид элсчээ. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт шинээр 62679 хүүхэд элсэж байгаагаас Улаанбаатар хотод 27579, хөдөөд 35100 хүүхэд хоёр нас хүрэн цэцэрлэгт явж эхэлжээ. Төрийн өмчийн 212, хувийн хэвшлийн 386 цэцэрлэгт 106717 хүүхэд хамрагдах аж. Жил бүр цэцэрлэг хүртээмжгүй байдгаас олон тооны хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй үлддэг. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж 43000 гаруй хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй үлдэж байгаа аж.

Чухал сэдэв: МАН-ын бүлгийн хуралдаанаар татвар нэмэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлосон байсан ч одоогоор бүлгийн хуралдаан эхлээгүй байна. Хуралдаанаар татвар нэмэх асуудлыг хэлэлцэх аж. Засгийн газар энэ оны төсвийн тодотголд 8 төрлийн татварыг нэмэх саналыг оруулсан. Үүнийг АН-ын гишүүд болоод МАН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн билээ.  

Чухал баривчилгаа:  Хар тамхи хэрэглэж байсан 2 эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэж, тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилж, эд мөрийн баримтаар хар ногоон өнгийн нунтаг ургамал хураан авч, сэжигтнүүдийг хорих 0461-р ангид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан байна. Албан бус тоогоор Монгол улсад 70 мянга гаруй хар тамхи хэрэглэгч бий болсон гэх ба хэрэглэгчид дээрх ургамлаас гадна химийн аргаар гаргаж авах “мөс” хэмээх бодис худалдан авагч, хэрэглэгч нар томоохон зах зээл үүсгээд байгаа аж. Улмаар залуусын дунд хар тамхинд донтогсдод хуурамч “мөс” худалдаж их хэмжээний мөнгөөр биенээ хохироох явдал цөөнгүй гардаг гэх ба хохирсон хүмүүс хууль цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй талаар баттай эх сурвалж мэдээлж байсан удаатай. 

Чухал томилгоо: Э.Батшугарыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилов

УИХ-ын чуулган 15.00 цагт хуралдахаар зарлагдсан боловч бүлгийн хурал нэлээд хожуу эхэллээ. Яг одоо хэлэлцэх асуудлын эхэнд багтсан Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Түүнийг чөлөөлж оронд нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Б.Лхагвасүрэнг томиллоо.

Халуун цайнд түлэгдсэн хүү шархаа даалгүй амиа алджээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэж бэртэж, гэмтэх, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарах нь ихэссэн. Үүнийг мэргэжлийн хүмүүс эцэг, эхийн хайхрамжгүй байдалтай холбоотой хэмээн тайлбарладаг. Тэгвэл дахин нэг хүүхэд халуун цайнд түлэгдэж амь алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух гурван настай М хүү тогоотой халуун цайнд түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байгаад шархаа даалгүй амиа алдсан байна. Одоогоор тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. 

Өнөөдрөөс “SCHOOL POLICE” ажиллаж эхэллээ

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор авто замд ойр байрлалтай ЕБС-ийн орчимд  “SCHOOL POLICE” эргүүл ажиллаж эхэллээ. Гарч болзошгүй зам тээврийн осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор туслах ажилтан, олон нийтийн цагдаа нар ажиллаж, сурагчдын аюулгүй байдлыг хангах юм байна. 

Өнөөдөртөө багтаан Монголын чөлөөт бөхийн холбоо UWW-д хариу илгээх учиртай

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ  Франц улсад өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-д өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Нармандахын Насанбуян, 55 кг-д ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий гурван удаагийн аварга Занданбудын Занабазар, 60 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 66 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт Ганхуягийн Ханбүргэдэй, 74 кг-д өсвөрийн ДАШТ, Азийн АШТ-ий мөнгөн медальт Занданбудын Сумьяабазар, 84 кг-д залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт Бат-Эрдэнийн Бямбадорж, 96 кг-д Болдын Түвшинтулга нар оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Гэвч Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шийдвэрийн улмаас манай тамирчид залуучуудын ДАШТ-д оролцож чадсангүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын бүх насны ангиллын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр гаргахаар болсноо мэдэгдээд буй. Өнөөдөрт багтаан Монголын чөлөөт бөхийн холбооноос UWW-д хариу бичиг илгээх учиртай. Эл бичгийг харгалзан, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын тамирчдын эрхийг хэр хугацаагаар хасахаа эцэслэн шийдэх аж. 

Танилц: Өнөөдрөөс мөрдөж эхлэх шинэ дүрэм

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль" өнөөдөр хэрэгжиж эхэлнэ.

01. Явган хүний гарц дээр зогсвол 19.200 төгрөгөөр торгуулна.

02. Хурд хэтрүүлвэл 48.000 төгрөгөөр торгуулж, 6 сараар эрх хасна.

03. Согтуугаар машин барьвал 384.000 төгрөгөөр торгож, 6-24 сараар эрх хасна.

04. Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна.

05. Замын гэрэлтүүлэг осол гарах нөхцлийг бүрдүүлсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.

06. Давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 9600 төгрөгөөр торгоно.

07. Холын гэрлээ шилжүүлээгүй бол 19.200 төгрөгөөр торгоно.

08. Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48.000 төгрөгөөр торгоно.

09. Шалтгаангүйгээр хэт удаан явбал 19.200 төгрөгөөр торгоно.

10. Зөвшөөрөлгүй хурд сааруулагч хийсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.

11. Хүнд өвчтэй үедээ жолоо барьвал 48.000 төгрөгөөр торгуулна.

12. Бичиг баримтгүйгээр машин жолоодвол 48.000 төгрөгөөр торгуулна.

13. Замаа стандартын дагуу арчлаагүй бол 960.000 төгрөгөөр торгуулна.

14. Эсрэг урсгал сөрвөл 96.000 төгрөгөөр торгуулна.

15. Зөвшөөрөлгүйгээр замын тэмдэг шинээр тавьсан иргэнийг 96.000 төгрөгөөр торгоно.

16. Явган зорчигч согтуугаар ЗХД зөрчвөл 48.000 төгрөгөөр торгуулна.

17. Хэт ядарсан үедээ жолоо барьвал 48.000 төгрөгөөр торгуулна.

18. Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчвөл 19.200 төгрөгөөр торгуулна.

19. Буруу талаар нь гүйцэд түрүүлвэл 19.200 төгрөгөөр торгуулна.

20. Явган зорчигчийн замаар явбал 19.200 төгрөгөөр торгуулна.

21. Бүртгэлгүй машинаар хөдөлгөөнд оролцсон иргэн 96.000 төгрөгөөр торгуулна.

22. Улаан гэрлээр орвол 19.200 төгрөгөөр торгуулна.

23. Жолоодох эрхгүй этгээд машин барьвал 192.000 төгрөгөөр торгуулна.

24. Түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгийн торгуультай.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Өнөөдрөөс сайхан маргааш биднийг угтах болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hhh
Pizda ene ardiin nam hulgaich nar tsewerhen nertei deerem hiihee boliochee mungu oloh arga olj ydaj bnaa
2016/09/01 82.145.218.7
Амартүвшин
Улаанбаатар хотыг хар шуурган дайрхуу ???????????
2016/09/01 202.9.43.14
  • Recent
  • Most Read
  • Most Comment