8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн тойм: Гэнэт халагдсаны тэтгэмж, цалинг бууруулна

2016-09-04 11:20:00

Дуулиан шуугиан, амжилт бүтээл  дагуулсан долоо хоног ийнхүү дуусаж байна. Эрхэм уншигч таны ажлын өдрүүд амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр амралтын өдөр учраас гэр бүлээрээ хэрхэн юу хийх талаар төлөвлөж сууна уу. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. Энэ сарын 5-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын зарим газраар, энэ сарын 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно гэсэн цаг агаарын мэдээ байна. Тиймээс та бүхэн минь цаг агаарын байдлаас шалтгаалан ажил үйлсээ төлөвлөхийг сануулж байна. Харин одоо та бүхэндээ энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох мэдээлэлиг Долоо хоногийн тойм булангаараа онцлон хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу.

Чухал үйл явдал: Хичээлийн шинэ жил эхэллээ

2016-2017 оны хичээлийн шинэ жил энэ долоо хоногийн пүрэв гаригт эхэллээ. Энэ хичээлийн жилд улс даяар нийт 69100 хүүхэд сургуулийн сурагч болж байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотод 27629 хүүхэд нэгдүгээр ангийн сурагч болж байгаа бол хөдөө орон нутагт 41471 сурагч нэгдүгээр ангид элсчээ. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт шинээр 62679 хүүхэд элсч байгаагаас Улаанбаатар хотод 27579, хөдөөд 35100 хүүхэд хоёр нас хүрэн цэцэрлэгт явж эхэлсэн байна.

Чухал мэдээ: Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр олимпиос медаль хүртсэн тамирчид эх орондоо ирсэн. Эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчидаа энэ долоо хоногийн даваа гаригт ХХЕГ хүлээн авч, Рио 2016 олимпийн наадамд амжилттай оролцож, эх орондоо хүрэл, мөнгөн медаль авчирсан  Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад  гурван өрөө байр, олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн  Д.Отгондалайд хоёр өрөө байр Хуульзүйн яам бэлэглэсэн батламжийг гардуулан өглөө. Мөн үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамирчидаа хүлээн авч, Засгийн газрын мөнгөн шагнал гардууллаа. Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг 60, хүрэл медальт Д.Отгондалайг 30 сая төгрөгөөр шагналаа

Чухал шийдвэр: Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олгожээ

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Ю. Цэдэнбал агсны “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг буцаан олгосон байна. Мөн “Монголбанкны Хүндэт дэвтэр”-т бичжээ. Ю.Цэдэнбал нь 1939 оны долдугаар сараас Сангийн Яамны сайдаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан түүхтэй аж. Тухайн үед түүнийг “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан ч Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалаар хураасан байдаг юм байна. Энэ онд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн Б/499 дугаар тушаалаар 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, цол тэмдгийг нь ийнхүү буцаан олгожээ.

Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагчийг бүдүүлэг үйлдэл гаргасан гээд хариуцлага тооцохоо мэдэгдлээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ долоо хоногт  мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сумъяабазар болон Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж нар оролцсон юм. " Рио-2016" олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаантай холбоотой асуудлаар ийнхүү мэдээлэл хийсэн юм. МБЧХ-ны Удирдах зөвлөлөөс “Монгол Улсын баг тамирчид 13 дахь удаагаа Зуны олимпийн наадамд оролцлоо. Энэ удаагийн наадамд Засгийн газар 8 тэрбум төгрөг зарцуулсан. Олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн барилдаан дэлхийн нийтийн анхаарлын төвд өнөөг хүртэл байсаар байна. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг хоёр удаа хуралдлаа. Ингээд бид Монголын ард түмэн, Төр засгаасаа уучлалт гуйж байна гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. Удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж дараах шийдвэр гарлаа.Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгасан. Монголын чөлөөт бөхийн холбооны Ёс зүйн хорооноос олимпийн наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр дасгалжуулагчийнажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Ингээд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйж байна.” гэсэн мэдээлэл хийлээ.

Чухал шийдвэр: Гэнэт халагдсаны тэтгэмж, цалинг бууруулна

УИХ-ын нэгдсэн чуулганд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон цалин, тэтгэмжийг бууруулах багц хуулийн төслийг танилцуулсан. Энэхүү төслүүдээр төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарагахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгодог байсныг өөрчилж 1-12 сар болгохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл