8o
Улаанбаатар хот
mobile menu

Хураагдсан 90 ширхэг тарваганы тулмыг устгалд оруулжээ

2016-09-05 17:53:43

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос хураагдсан 90 ширхэг тарваганы тулмаас тарваган тахал өвчин илэрчээ. Тиймээс эдгээрийг 72 цагийн турш 0.3 хувийн жавелионы уусмалд байлган халдваргүйжүүлэн устгалд оруулсан талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллэв. Тус устгалын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллажээ. Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжидаг юм байна. Тиймээс гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрдэг байна. Иймд иргэдээ тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг холбогдох
 албаныхан анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл