8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгч хориг тавьж, Усанд осолдсон 6 хүний амийг аварсан өдөр

2016-09-05 18:31:00

Хатаж, шарласан навчис модноосоо тасарч унах нь сэтгэл эмзэглүүлэмч намрын урь орсныг илтгэнэ.  Ногоон, шаргал, улаан, улбар шар, шар гээд өнгө өнгөөр солонгорох навчис газрын хөрсийг хучсан нь үзэсгэлэнтэй. Навч хэчнээн өнгөнд хувирдаг юм бэ дээ. Яг л хүний амьдралын олон үе, нугачаа мэт. Өчигдөрхөн ногоон өнгөөр нүд баясгаж, сайхан үнэрээр сэтгэл сэргээж байсан модод өнөөдөр нүцгэрч, өөрөөсөө ургуулсан навчис нь өнгөө хувиргаж унахыг харах харамсалтай ч юм шиг. Газраар хөглөрөх шар навч, байгаль дэлхийд өнгө, үзэмж нэмнэ. Нэг талаас навчны өнгө гадаад үзэмжээс илүүтэй дотоод мөн чанарын тухай бодогдуулах юм. Үүнтэй адил хорвоо ертөнцийн юмс бүхэн цаг хугацааг үл ажирч өнгөө засаж, хүн бүхэн намаржаандаа бэлтгэж эхэлжээ.  Намрын урь орсон шинэ 7 хоногийн мэндийг хүргэе эрхэм уншигч та бүхэнд хүргэе.  Өнөөдөр улс эх оронд минь болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Чухал шийдвэр: Ерөнхийлөгч хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт:

“Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.

Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.

Чухал сэрэмжлүүлэг: Шөнөдөө хасах хэм хүрнэ

2016 оны 9 дүгээр сарын 6-наас 9 дүгээр сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцуулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүсэх ажээ. Тодруулбал, энэ долоо хоногт шөнөдөө хасах хэм хүрч хүйтэрнэ. 

Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Есдүгээр сарын 8-9-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 6-7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнхдээ зүүн өмнөөс 4-9 м/с. 6-7-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 18-23 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 6-8-нд зарим газраар, 9-11нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-7нд нутгийн зүүн хэсгээр, 9-10-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи зарим газраар 9-12 м/с. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Чухал мэдээ: Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-оос B3 болгон бууруулжээ. Тодруулбал, Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг манай улсын зээлжих хэрэглэлийг ийнхүү буулгасан байна. Энэхүү зэрэглэл нь хөрөнгө оруулалтын бус эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж байгааг илэрхийлдэг юм байна. Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарлажээ. 

Чухал мэдээ: Дээрэмчид 2 удаа гал нээсэн ч халдлагыг таслан зогсоожээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар БНӨСУ-д “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа дээрмийн хэргийг таслан зогсоожээ. Тодруулбал, алба хаагчид хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Манай энхийг сахиулагчид зэвсэгтэй этгээд хүүхэдтэйгээ хамт явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж, бутан дотроос хоёр удаа гал нээсэн гэдгийг эх сурвалжууд онцолжээ. Энэ үед замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа тэдэнд талархсанаа илэрхийлжээ. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын суудал “Ганхаж” эхэлсэн үү

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  огцруулна  гэсэн бор шувуу  өнгөрсөн 7 хоногт Төрийн ордоноор жиргэлээ.  Ажлаа аваад 58 хонож байгаа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох уу. Энэ асуудал энэ 7 хоногийн гол сэдэв, яриа болох нээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тодруулбал , гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд онцолсон байна. Хуулийн дагуу бол ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих  нөхцөл бүрддэг билээ.  Албан бус мэдээллээр бол огцруулах саналыг энэ сарын 20-нд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ. Учир нь, энэ сарын 20 хүртэл яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлж ажлаа эхлэхтэй зэрэгцэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтворжсон хойно Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа авсан хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж,  22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад байгаа аж. 

Ямартай ч намын зарим гишүүд нь Ерөнхий сайдаа огцруулах санал гарсан нь ард түмэнд таалагдахгүй байгаа гэнэ. Учир нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хямралаас гарах ая тал бодох байтал ажлаа аваад 2 сар хүрээгүй байхад ийнхүү огцруулах асуудал яригдаж байгаа нь ард иргэдээ бодох гэхээс илүүтэй ашиг сонжоо харсан эрх мэдэлтнүүдийн “нүүдэл” гэж үзэх хүн ч байна. Түүгээр ч зогсохгүй 2016 оны УИХ-ын сонгууль 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсанэрх баригч намын гишүүд дотроо хагарч эхэлсэнийг илэрхийлж байна. Юутай ч Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын Ж.Эрдэнэбатын суудал “Ганхаж” эхэлсэн бололтой. Гэхдээ нөгөө талаасаа аваад үзэхэд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад мөрийн хөтөлбөр ихээхэн ашиг тус өгсөн. Сонгууль дууссан үеэс л эхлээд МАН-ын Засгийн газрын амлалт биелэлт зөрж эхэлсэн. Тодруулбал, Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байсан ч сонгуулийн дараагаас эхлээд санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Хэрвээ улс мөнгөтэй болбол үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэж буй. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулсан. Мөн үүнээс гадна иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан бол өнөөдөр найман төрлийн татвар нэмэх асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ мэтчилэн үг үйлдэл нь зөрж байгаа болохоор үүний эсрэг намын гишүүд хөдлөж магадгүй бололтой. 

"УИХ–ын дарга бидний хүсэлтийг нь хүлээж авахгүй бол амиа егүүтгэхэд ч бэлэн байна"

БЗД-ийн 20 дугаар хорооны иргэд тус дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг газрын наймааны хэргээр шалгуулах мөн гомдол гаргахаар өнөөдөр төрийн ордноо гадаа эсэргүүцэл илэрхийллээ. Тус хорооны иргэд газрын наймааны талаар гомдолоо УИХ–ын дарга хандан хүсэлт гаргаж байгаа бөгөөд хүсэлтийг нь хүлээж авахгүй бол иргэд тэмцлийн хэлбэрт шилжиж, улмаар амиа егүүтгэхэд ч бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдэж байсан юм. УИХ–ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа иргэн бүрт өмчлүүлэх ёстой 0.07 га газрыг тус дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт орчмын уугуул оршин суугчдад олголгүй танил тал, ах дүү хамаатандаа өгсөн аж. 2008 оноос хойш өнөөг хүртэл тэд энэ асуудлаар дүүргээс гадна Газрын алба, Авлигатай тэмцэх газар гээд бүх шатанд хандсан ч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй гэнэ. Тэд өнөөдөр 100 орчим өрхийн төлөөллийн гарын үсгийг цуглуулсан аж.

Усанд осолдсон 6 иргэний амийг аварчээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Цонжинболдог орчмын Туул голд машин осолдлоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход машинтайгаа зургаан иргэн усанд осолдсон байжээ. Тодруулбал “Ланд-200”маркийн машинтай зургаан иргэн машинтайгаа осолдсоныг Улаанбаатар хотын харьяа хамгаалалтын гуравдугаар газрын дээд эх үүсвэрийн ахмад Б.Гансүхээр ахлуулсан цагдаа нар аварсан байна. Цагдаа нарыг ослын газарт очих үед машин голын усанд далд орсон байсан бөгөөд зорчигчид машин дээрээ гарч аврал эрж байжээ. “Ланд-200” маркийн автомашинд 20-25 насны дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй байсан аж.

Долоон аймаг хорио цээрийн дэглэмтэй байна

Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 3 сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг зэрэг нийт 7 аймаг, 49 сум, нийслэлийн 1 дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдон, 9035 хонь өвчилж, 215 мал хорогдож, 5597 малыг устгажээ. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн 3, Төв аймгийн 3, Дундговь аймгийн 3, Дорнод аймгийн 1, Дорноговь аймгийн 3, Сүхбаатар аймгийн 2 зэрэг 6 аймгийн 14 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдон, хорио цээрийн дэглэм тогтоогдсон байна. Иймд аймаг, нийслэл, дүүрэг сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, хүнсний худалдааны төв, хүнсний зах, хүнсний сүлжээний дотоод хяналтыг сайжруулах, хүнсний сүлжээнд мал, мах бэлтгэн нийлүүлэгч нар, мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчид мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу мал эмнэлгийн хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа. 

Хураагдсан 90 ширхэг тарваганы тулмыг устгалд оруулжээ

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос хураагдсан 90 ширхэг тарваганы тулмаас тарваган тахал өвчин илэрчээ. Тиймээс эдгээрийг 72 цагийн турш 0.3 хувийн жавелионы уусмалд байлган халдваргүйжүүлэн устгалд оруулсан талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллэв. Тус устгалын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллажээ. Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжидаг юм байна. Тиймээс гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрдэг байна. Иймд иргэдээ тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг холбогдох албаныхан анхаарууллаа. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд тань амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл