8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Татвартай холбоотой бүх заалтыг буцаан татаж, Дорнодод малын гоц халдварт өвчин гарсан өдөр

2016-09-06 18:50:00

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана  байгааг мэдэхгүй хэрнээ тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Аз жаргалын төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай, аз жаргал таны дэргэд байгаа шүү. 


Аз жаргал гэж юу вэ?
Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.
 Халуун ам бүлээрээ  бүгдээрээ хамтдаа амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа


Чухал шийдвэр: Татвартай холбоотой бүх заалтыг буцаан татлаа
Засгийн газраас боловсрууласан төсвийн тодотголд багтсан найман төрлийн татвар нэмэх асуудал олон нийт эсэргүүцэлтэй хүчтэй тулгараад  байсан. Тодруулбал, 150 ам.метрээс дээш хэмжээний орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах болон архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх  бодлого баримтална хэмээн Засгийн газраас мэдээлэл хийж байсан. Харин  МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2016 оны төсвийн тодотголын тусгаад байсан  татвартай холбоотой бүх заалтыг буцаан татсан байна.  

Чухал мэдээ: Аврагчид 26 иргэний амь насыг аварлаа
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны 54-р байрны 1 дүгээр орцны хогын сувагт хог шатаж байна гэсэн дуудлага шөнийн 01 цаг 38 минутад ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар , Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай  ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26  иргэний  амь насыг  авран хамгааллаа.   

Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид Аврах эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллаа.


Чухал сэрэмжлүүлэг: Дорнодод малын гоц халдварт өвчин гарлаа
Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Э-гийн бог малд боомын шинж тэмдэг илэрснээр өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд боом өвчин мөн болох нь тогтоогджээ. Одоогоор холбогдох байгууллагууд халдвартай бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ойр хавийн мал сүрэгт дархлаажуулалт явуулж, хорио цээр тогтоогоод байна. Өчигдөр оройноос аймгийн Төв рүү орж гарах зам дээр хяналтын постууд ажиллаж эхэлжээ.

Таны сонорт:Нийслэлийн 43 байршилд жимс, хүнсний ногоог зарж байна


Иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 25 байршилд 190 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм.

Цаашид төмс хүнсний ногоог дундын зуучлагчгүйгээр шууд худалдан борлуулах талбайг худалдааны төв, хүн ам олноор суурьшсан хороолол дүүргүүдэд гаргах, холбогдох зөвшөөрлийг олгох санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж. Батбаясгалан  нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 43 байршилд 434 цэгээр тариаланчид өөрсдийн тарьж ургуулсан жимс, хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа аж. 

Чухал дуулиан: Б.Чойжилсүрэн: Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаачийн тэтгэвэрийг авахгүй гэсэн

Өмнөх Засгийн газрын үед хамтын тэтгэвэрийн тухай хууль санаачилж байсан. Харин өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёрдахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлаж, олон хүний дургүйцэлийг хүргээд авлаа. 
Тэрээр “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэлээ. Үүнийг АН-ын багагүй шүүмжилж нэлээд бухимдалтай хандаж байна. 

Амлалт VS биелэлт

 Сүүлийн үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн  гэсэн мэдээлэл гарах болсон.  Ажлаа аваад 58 хонож байгаа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  болон одоогийн Засгийн газрыг амлалтандаа хүрэхгүй байгаа учраас ийн огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа авсан хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж,  22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад байгаа аж. Тэгвэл бид өнгөрсөн сонгуулиар ямар амлалтанд найдаж МАН-ыг сонгосон талаар эргээд нэг харъя. 
МАН-ын сонгуулийн амлалт ба биелэлт
Хүүхдийн мөнгө:
Амлалт: Өнгөрсөн жилүүдэд засгийн газрыг тэргүүлсэн АН алаг үрсээ ялгаварлахгүй гэдэг үүднээс сонгууль хүртэл хүүхдийн мөнгийг олгосон. Харин  МАН-ын засгийн газар сонгуулиар Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно хэмээн амлалт өгсөн.
Биелэлт: Гэвч үнэн хэрэгтээ МАН дараалан хоёр сарын мөнгийг өгөөгүй бөгөөд Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн долдугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Мөнгөтэй болсон үедээ үлдсэн 40 хувьд нөхөж олгоно хэмээн мэдээлэл хийсэн. 
Оюутны тэтгэлэг: 
Амлалт: Үндэсний тэтгэлэг 70200 үргэлжлүүлэн олгоно. Өндөр хөгжилтэй улсуудын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Биелэлт: Оюутны тэтгэмж 70 мянган төгрөгийг зогсооно. Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсооно.
Ахмадын тэтгэвэр
Амлалт: Ахмадуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.
Биелэлт: УИХ-аас өнгөрсөн онд баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцалж, гэр бүлийн хүн нь нас барахад тэтгэврийг нь авдаг тогтолцоог болиулна. Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмнэ. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байсан. Үүнийг болиулж 1-12 сарын дундажтай тэнцэх мөнгө өгнө.
Татвар:
Амлалт: Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй.
Биелэлт: Төсвийн тодотголоос хүн амын орлогын албан татвар, аж, ахуй нэгжийн орлогын албан татвар зэрэг найман төрлийн татвар нэмэгдэнэ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар хэлэлцлээ


Улсын Онцгой комисс шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа өнөөдөр буюу есдүгээр сарын 6-нд хийлээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Салбарын яам малчдын дулаан хувцас, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэл, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багц, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай, Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байна.
Таны маргаашийн ажилд амжилт хүсэе. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Teneguud iig zailuulyaaaaaaaa!!!!! BOSTSGOOOOOOOOO yooooooooo!!!!!!!!!!
2016/09/07 166.137.248.112
  • Recent
  • Most Read
  • Most Comment