Төсөл, төсөл хэрэгжүүлэх гэдэг манай улсад ер нь л нэг үнэ цэнэгүй талдаа. Үр дүн нь бага гардаг учраас тэр байж магадгүй юм. Гэхдээ чанартай, зориулалтаар нь хэрэгжүүлсэн, үр шимээ өгсөн төслүүд байдгийг үгүйсгэж болохгүй. Бага ангийн сурагчдын боловсролын чанарыг сайжруулах зорилготой “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн мөрөөр ярилцлага, сурвалжлага хийж явахдаа ингэж бодлоо.
Боловсролын яамны санаачилга, Дэлхийн банкны санхүүжилт, дэмжлэгээр эхний шат нь хэрэгжсэн, одоо хоёр дахь шат нь ид хэрэгжиж байгаа, ирэх онд гурав дахь шатандаа орох уг төсөл Монгол Улсын хэмжээнд бага ангийн сурагчдын сургалтын чанарыг сайжруулах, авъяасыг хөгжүүлэх зорилготой.
Төсвийн мөнгөндөө баригдаад, сурагчдадаа батлагдсан хөтөлбөрөөс илүүг зааж, чиглүүлж, хөгжүүлж чаддаггүй бэрхшээл манай улсын сургуулиудад тулгардаг түгээмэл зовлон. Харин “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл үүнд ахиц гаргажээ.
Сургуулиуд сургалтын хөтөлбөрөө сайжруулах шинэ санаагаа төсөл болгон бичиж, шалгарсан төсөлдөө нэг удаадаа 2000 доллараас дээш хэмжээгээр санхүүжилт авснаар сурагчдынхаа мэдлэг чадварыг ахиулан хөгжүүлэх, шинээр сурч мэдэх олон боломжийг нээжээ.
Төслийн эхний шатыг 2015 оны арваннэгдүгээр сард зарлаж, хот хөдөөгийн 437 сургууль төсөл ирүүлснээс 200 сургуулийн төслийг шалгаруулж нийт тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Тухайн сургуулийн төсөлд хамрагдах хүүхдийн тооноос хамаарч шалгарсан сургуулиудад 2000-3000 долларын тэтгэлэг олгосон. Монгол төгрөгт шилжүүлэхэд нэг сургууль дор хаяж 4-6 сая төгрөгийн дэмжлэг авсан гэсэн үг. Энэ мөнгөөрөө сургуулиуд юу хийв, сурагчдадаа зориулсан уу, үр дүн гаргаж чадав уу гэдэг нь төсөл хэрэгжсэний дараах хамгийн чухал асуудал юм.
200 сургуульд төсөл хэрэгжсэний дараа үнэлгээ хийжээ. “Хангалттай”, “Хангалтгүй”, “Маш сайн” гэсэн үнэлгээгээр дүгнэхэд бүх сургууль сайн үнэлүүлжээ. “Хангалттай сайн” үнэлгээг 22, “Хангалттай” үнэлгээг 178 сургууль авч, харин “Хангалтгүй” дүнтэй үнэлэгдсэн сургууль алга.
Сургуулиуд эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтынхаа чанарыг сайжруулснаас гадна сурагчдынхаа авъяасыг хөгжүүлэх, өв уламжлал, ёс заншлаа өвлөх, ардын уламжлалт тоглоом наадгайгаар оюун ухаанаа тэлэх гэхчлэн олон чиглэлээр төслөө хэрэгжүүлжээ. Бас орчин үеийн инженерчлэлийг ч орхигдуулсангүй, инженерийн мэдлэг, боловсрол, ур чадвар олгох STEM, UNIMAT, ЭЛЕКТРОНИК-ийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлжээ.
Төслийн тайланг харж байхад Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын бүрэн дунд сургуульд сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх “IQ сэтгэлгээний тойрог” нэртэй төсөл хэрэгжсэнээр 210 сурагчийг хамруулан “IQ сэтгэлгээний тойрог клуб” байгуулж, сурагчдынхаа дунд “Их сорилго”, “Мини сорилго” гэх мэт сэтгэлгээг хөгжүүлэх уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулах болжээ. Түүнчлэн төслийг олон хүнд хүртээмжтэй болгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг сэтгэгч ээж, аав”-ыг шалгаруулсан нь эцэг эхийн зүгээс төслийн үр шимийг мэдэх, хүүхдүүдээ дэмжих алхам болжээ.
Дархан-Уул аймгийн Есдүгээр сургуульд “Математик-Оюуны хөгжлийн кабинет” төсөл хэрэгжсэнээр 1-5 дугаар ангийн багш нар математикийн хичээлд ашиглах иж бүрэн тохижилттой анги танхимтай болжээ.
Байгалийн ухааны чиглэлээр Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн хэрэгжүүлсэн төсөл орон нутаг болон нийслэлийн сургуулиудад туршлага судалхуйц түшиц үзүүлэх сайн үйл ажиллагаа болжээ. Сурагчид мод бутыг өөрсдийн гараар тарьж ургуулах, хайрлан хамгаалах, таньж ялгадаг болох, цаашид үр жимсийг хураах хүртэл үр шимээ өгчээ.
Эх хэлний сургалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гуравдугаар сургуулийнхны “Мини театр” төслийг онцлоё. Уг төслийн хүрээнд сурагчид жүжиг тоглож, тоглох жүжгийн сэдвээ өөрсдөө сонгодог болж, ном унших хүсэл сонирхлыг өдөөснөөр номын сангаас салдаггүй хүүхдийн тоо нэмэгджээ.
Сурагчдын урлагийн авъяасыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Нэгдүгээр бүрэн дунд сургууль цахилгаан хөгжим сурах сонирхолтой 168 хүүхдээс шалгалт авч, 60 сурагчийг сонгон, сургаж хамтлаг байгуулжээ. Эдүгээ хамтлаг нь “Говийн өглөө”, “Зуун зууны ерөөл”, “Хүүхэд нас” зэрэг олон дууг цахилгаан хөгжимтэй дуулж хөгжимддэг болжээ.
Өв уламжлал, ёс заншлыг өвлүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдээс Булган аймгийн Тэшиг сумын сургуульд хэрэгжсэн “Буриад ёс заншил” төслийн хүрээнд “Нутгийн аялгууны толь бичиг” зохиохоор болж, нутгийн аялгууны үг хөтөлсөн айл өрх, сурагчдыг шалгаруулсан байна. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн сурагчид сургууль дотроо монгол гэрээ барьж, буулгах, хураах зан үйлд суралцжээ.
Ардын уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулж сурагчдын оюун ухааныг тэлэх хөгжүүлэх зорилготой төсөл ч цөөнгүй хэрэгжсэн бөгөөд уг төслийн нэг нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хоёрдугаар сургуульд хэрэгжсэн “Ардын уламжлалт зан заншил, тоглоом наадгайгаар сурагчдыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь” төсөл юм. Уг төслийн үр дүнд Ёс заншлын өргөө байгуулжээ. Энэхүү өргөөнд 16 төрлийн 56 нэрийн тоглоом наадгайтай болсон байна.
STEM технологийг сургалтад нэвтрүүлэх чиглэлээрх төслийн нэг нь Баянхонгор аймгийн бүрэн дунд сургуульд хэрэгжжээ. Энэ төслийн үр шимээр тус сургуулийн бүх багш нар STEM боловсролын тухай мэдлэг мэдээлэл, аргачлалтай болж, уг боловсролыг бага анги, математик, физик, хими, биологийн хичлээлийн сургалтын дадлага, туршилтад ашигладаг болжээ.
Электроникийн чиглэлээрх хэрэгжсэн төслүүдийн нэг нь Баянгол дүүргийн “Шинэ эхлэл”, “Шинэ эрин” сургуулийнх бөгөөд төсөл хэрэгжсэний үр дүнд сурагчдын төлөөлөл энэ оны нэгдүгээр сард БНСУ-д зохион байгуулсан роботын тэмцээнд амжилттай оролцжээ.
UNIMAT ашиглан сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжсэн төслүүдийн тоонд орно. Энэ чиглэлээр хэрэгжсэн төслийн үр шимээр сурагчид UNIMAT машин дээр олон төрлийн ан амьтан, хичээлийн хэрэгсэл зэргийг бүтээж, түүгээрээ үзэсгэлэн гаргах хэмжээнд хүртэл өөрсдийгөө хөгжүүлж чаджээ.
Ийнхүү бичээд байвал “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн үр шимийг хүртсэн 200 сургуулийн тухай бичих болох юм.
Бид “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн мөрөөр зарим сургуулиас ярилцлага, сурвалжлага хийснээ уншигчдадаа цувралаар хүргэхээр ажиллаж байна.
Ц.Эрдэнэцэцэг