Нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас эргүүл, хяналт шалгалтыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион явуулж байна. Энэхүү хяналт, шалгалтад 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуун мод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг шуурхай хүргэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 91 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ иргэдийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан мөрдөн шалгаж байна.