Цаг тооны бичээст хүмүүн заяаг элээж яваа эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Чухал шийдвэр: Гэр бүлийн хүчирхийлийг гэмт хэрэгт тооцно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон юм. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид зохих шийтгэл хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Чухал байр суурь: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм
Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлаж, олон хүний дургүйцлийг хүргээд авсан. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэсэн. Үүнийг сонссон ард түмэн болон сөрөг хүчин, намын гишүүд нэлээд эсэргүүцэж байгаа. Харин өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуулийг хүчингүй болгох шалтгаанаа ийнхүү тайлбарлав. Тэрбээр хэлэхдээ "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас Насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой" гэлээ. Хамтын тэтгэврийн хуулийн талаар Сангийн сайдын хэлсэн “онигоо” намжиж амжаагүй байтал Ерөнхий сайд нь хүртэл хөгшдийн хүлээж байгаа тэтгэврийн талаар санал бодлоо хэллээ. Ерөнхий сайдын үгээр бол чи хурдхан өнгөрчих юм бол чиний тэтгэврийг би авна гэсэн үг бололтой.
Чухал баривчилгаа: Банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
Зэвсэглэсэн этгээдүүд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдээд зугтсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэг өнгөрсөн сарын 22-ны өдөр болсон юм. Тэд банкны теллерийг сүрдүүлж мөнгөнөөс гадна гар утсыг нь дээрэмдсэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Тэгвэл эл этгээдүүдийг өчигдөр баривчилжээ. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Чухал мэдээ: Алба хаагчид шуурхай ажиллаж 26 хүний амийг аварчээ
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны 54 дүгээр байрны нэгдүгээр орцны хогийн цэгт хог шатаж байна гэсэн Нийслэлийн онгцой байдлын газарт ирсэн байна байна. Дуудлага энэ сарын 6-ны өдрийн шөнийн 01:38 цагт иржээ. Дуудлагыг хүлээж авч Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26 иргэний амийг аварсан байна.
Чухал санал: Намын гишүүд нь Сангийн сайдыг огцруулах санал гаргажээ
Сүүлийн үед Сангийн сайдын хэлсэн ярьсан бүхэн олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Учир нь “УИХ-ын гишүүн байхдаа юу ч дуугардаггүй байсан Б.Чойжилсүрэн сайд болсон хойноо гэнэт хэлд орж байгаа нялх хүүхдээс ч дор юм ярьж, намын нэр хүндийг хөлдөө чирч байна. Хэлсэн ярьсандаа дандаа ороогдох юм” хэмээн бухимдлаа илэрхийлэх гишүүд олон байгаа бололтой. Тэд Сангийн сайд Б.Чойжилсүрэнг огцруулах асуудлыг хөндөх хэрэгтэй гэсэн яриа ч намын гишүүдийн дунд гарсан аж. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байсан хамтын тэтгэврийн хуулийг засгийн газраас төсвийн хэмнэлтийн хүрээнд буцаахаар оруулж ирсэн. Эл үндэслэлээ Сангийн сайд тайлбарлахдаа “Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” тайлбар өгсөн нь олны гайхширлыг төрүүлээд зогсохгүй намын зарим гишүүдийн дурцгүйлийг хүргэсэн байна. Тиймээс ийнхүү Сангийн сайдыг огцруулах асуудал сөхөгджээ.
О.Пүрэвбаатар: МЧБХ дасгалжуулагчдынхаа эрхийг хасах эрхгүй
Монголын Улсын Гавъяат тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатартай ярилцлаа.
-“Рио-2016” наадмаас хойш Г.Мандахнарангийн барилдаан олны анхаарлын төвд байсаар ирлээ. Дасгалжуулагч, багш хүний хувьд энэ барилдааны үйл явцыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Бид тэр хүрэл медалийг авч чадсан. Барилдааныг маш олон хүн үзсэн, харсан. Тухайн үед хэн нь илүүрхэж барилдсаныг бүгд мэднэ. Хамгийн гол нь тэр өдөр Узбек, манайх хоёр чөлөөт бөхөөр медаль аваагүй байсан. Барилдаан эхлэхээс өмнө Узбек бөхийн тэргүүн Ахрол Рузиев тэнд явж байсан гэсэн. Мөнгөтэй, баян эрх мэдэлтэй хүн энэ олимпоос хоосон буцахгүй гэсэн дээ бүх зүйлийг хийж байсан. Тэрийг Монголын чөлөөт бөхийн холбооны Нарийн бичгийн дарга гэсэн нэр зүүсэн хууль бус албан туушаалтай хүн мэдэж байсан. Өөрийнхээ твиттер хуудсаар “Узбекийг шүүгчтэй нь ялахгүй бол бид барахгүй” гэж хүртэл жиргэсэн. Тэгсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ барилдааныг буруу шүүж луйвардаж манай медалийг авсан. Г.Мандахнаран гараа өргөөд өрсөлдөгч бөхөө тойроод гүйх үед Узбекийн бөх Наврузов мөн ижил гараа өргөж ямар ч мэх хийгээгүй. Тиймээс зугтсан зүйл биш. Хэрэв Узбекийн бөх мэх хийх үед Г.Мандахнаран тойрч, зугатсан бол шүгэлдэж зогсоогоод оноо өгвөл бид маргахгүй. Гэтэл хоёр бөх хоёулаа ямар ч мэх хийгээгүй цаг дууссан хойно торгуулийн оноо өгсөн. Г.Мандахнаран гараа өргөөд тойрсон нь хамгаалах тактик. Узбекийн бөх мэх хийгээгүй. Чөлөөт бөхийн дүрэм журамд ийм зүйл байхгүй.
-Тэгвэл манай тамирдчын барилдаанд луйвар орно гэдгийг МЧБХ-ны удирдлагууд мэдэж байсан гэсэн үг үү?
-Миний ойлгож байгаагаар Г.Мандахнаран луйвардуулна, Монгол Улс медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж, О.Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн. Яагаад гэвэл, эрэгтэй тамирчдын дөнгөж хоёр нь барилдсаны дараа Д.Дагвадорж "Бүх юм зүйл дууслаа. 0-ээс нь эхлэх хэрэгтэй юм байна" гэж мэдэгдсэн. Гэтэл цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах байсан шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан. Рио-д очоод олимпийг үзэгчийн суудал дээрээс үзсэн. Ямар ч арга хэмжээ аваагүй. Чөлөөт бөхийн холбооны Нарийн бичигО.Баянмөнхийн хэлсэн үг маш ноцтой гэж би бодож байна. Узбекийн бөхийг шүүгчтэй нь ялна гэх маягийн юм ярьсан. Ингээд бодохоор тэд луйвар орно гэдгийг эрт мэдсэн байна. Үүнийг мэдсэн байж яагаад бид нарт ирээд, луйвар орно шүү гээд хэлчихэж болоогүй юм бэ. Монголын чөлөөт бөхийг төлөөлж байгаа энэ нөхдүүд Дэлхийн бөхийн холбоонд "Шүүлт чинь булхайтай болох юм байна шүү. Манай бөх дээр луйвар гарах юм байна" гэж урьдчилж хэлэх боломж байсан. Гэтэл тэд тэгээгүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
4 ширхэг хуурамч 100-тын юанийг илрүүлжээ
Сүүлийн үед банкны гүйлгээнээс хуурамч мөнгөн дэвсгэрт илрэх тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг дахин гарчээ. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 47 настай иргэн Ө-ийн мөнгөн дэвсгэрт солиулах гүйлгээнээс BO5A398756 сери дугаартай 3 ш, R88Y463151 сери дугаартай 1ш, нийт 4ш 100-тын юань илэрсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Тэмцээний эхний өдөр манай 3 тамирчин өрсөлдөнө
"Рио 2016" паралимпийн эхний өдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр Монголын багаас гурван тамирчин тэмцээний салхийг хагалах аж. Тэмцээн Улаанбаатарын цагаар өдөр бүр 22.00 цагаас эхлэх юм байна. Тэмцээний эхний өдөр жүдо бөхийн А.Мөнхбат, Б.Ууганхүү нар барилдах юм байна. Мөн бөөрөнцөг шидэлтээр Г.Цогтгэрэл өрсөлдөх аж.
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан эко уншлагын цэцэрлэгтэй болов
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан гаднаа эко уншлагын цэцэрлэгтэй болов. Энэхүү эко уншлагын цэцэрлэгийг Америкийн Монгол судлалын төвийн санхүүжилтээр, хийсэн бөгөөд усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, мод бутаар чимэглэжээ. Нийслэлийн төв номын сан нийслэлийн төсвийн 370 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уншлагын танхимууддаа засвар, тохижилтын ажлыг хийсний зэрэгцээ тус номын сангийн байгуулагдсан цагаас ашиглагдаж байсан хуучин номын тавиур, уншигчийн ширээ, сандал зэргийг шинэчлэн шинэ өнгө төрхтэйгээр уншигчдаа хүлээж авч эхэлсэн байна.
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд амжилт хүсье.