8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол соёлын гайхамшиг” төслийн мөрөөр, Өлзий хээ, түмэн наст хээ бүтээхийн учир...

2016-09-08 11:05:00

Боловсролын яамны санаачилга, “Дэлхийн банк”-ны санхүүжилтээр нийслэл болон хөдөөгийн сургуулиудад хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн мөрөөр зарим сургуулиас ярилцлага, сурвалжлага хийснээ уншигчдадаа цувралаар хүргэхээр ажиллаж буйгаа бид өмнө нь мэдээлсэн.

Энэ удаад бид нийслэлийн  71 дүгээр сургуулийнхны хэрэгжүүлсэн “Монгол соёлын гайхамшиг” төслийг сурвалжиллаа.

Сургуулийн захирал Б.Бадамсүрэнтэй утсаар холбогдон сургууль дээр нь очих хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд тун уриалгахан хүлээн авав.

Дамбадаржаагийн эцэс орчимд байдаг тус сургуулийн талаар эхлээд товч танилцуулахад, гэр хорооллын орчинд муу сургууль байдаг гэсэн олон нийтийн  эг сөрөг хандлагыг эрс эсэргүүцэж чадсан, шил толь, цэцэг навч, өвс ургамлаар  хүрээлүүлсэн сайхан орчинтой ажээ. Сургуулийн давхар бүрийн коридорт битүү тарьж ургуулсан,арчилгаа сайтай цэцэг, цэвэрхэн гудамж, анги танхим цаанаа л нэг эерүү дулаан, таатай  аж.

Сургуулийн захирал Б.Бадамсүрэн төслийнхөө талаар “Монгол хээ угалз гэж дэлхийд гайхагдсан гайхамшигтай соёл байна. Үүнийг  хүүхдүүддээ танин мэдүүлэх, өвлүүлэх, хөгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлсэн. Бид одоо л хүүхдүүддээ өв соёлоо дамжуулж үлдээхгүй бол, өвлүүлэхгүй бол мартагдах вий” хэмээн яриагаа эхэллээ.

Энэ сургуулийн санаачилсан “Монгол соёлын гайхамшиг” төслийг 3000 доллараар санхүүжүүлжээ.

Энэ санхүүдээ тааруулан 10 гаруй багш, бага дунд ангийн 300 гаруй хүүхдийг төсөлдөө хамруулан сургасан байна.

Хүүхдүүд юу сурав. Төслийн удирдагч, дизайн технологийн багш Н.Оюунтүлхүүр ийнхүү ярьж байна.

-Монгол хүүхэд монгол гэрт өсөхдөө унь тооны хээ, уяа уялга, хананы нүдний дүрсийг харж өсдөг. Энэ нь харааны хөгжил, сэтгэхүйд маш чухал нөлөөтэй. Ингэснээр монгол соёлдоо өсөхөөсөө сурч байна гэсэн үг. Гэвч орчин үетэй хөл нийлэхийн хэрээр үүнийгээ орхигдуулж, мартах болсон. Тиймээс манайхан энэ төслийг барьж авч, хээ угалз бүтээхийн утга учир, гайхамшгийг хүүхдүүддээ таниулах, сургах, өвлүүлэхийг хичээлээ.

Монголчуудын хээ угалз угсаатны зүй талаасаа монголчууд тэнгэр үзэлтэй учир тэнгэрт танигдах гэдэг утгаараа хас хээг, тэнгэрт танигдсан буянаа хураах гэдэг утгаараа буянаа хураах сав гэж өлзий хээг бэлгэддэг. Тиймээс хамгийн түрүүнд энэ хоёр хээг хүүхдүүдэд таниулсан. Энэ хоёр хээ геометрийн байгуулалтын тэгш хэмийн бүх хувилбарыг гаргадаг. Энэ нь инженерийн ухааны суурь болж өгдөг. Орчин үед инженерчлэлийн эрин ирж байна. Энэ ухаан монголын уламжлалд яаж хөгжиж ирснийг харуулахаар төсөл анх санаачилж, улмаар төслөө амжилттай хэрэгжүүллээ.

Хүүхдүүддээ энэ хоёр хээг бүтээх дөрвөн түлхүүр дүрсийг сургасан. Үүнийгээ хүүхдүүд маш сайн сурсан. Түлхүүр дүрсээ хүүхдүүд сайн зурж, таньж ялгадаг болсон байхад цаашид бүх төрлийн хээг гаргаж чаддаг болно. Булангийн хээ, чагтан хээ гэхчлэн. Үүнийг зургийн биш хүмүүс мэддэггүй, баргийн том хүн өлзий хээ бүтээх түлхүүрийг мэдэхгүй. Харин манай хүүхдүүд бүгд сурсан, одоо ахуйдаа хэрэглэж байна. Хүүхдүүд маань түлхүүр дүрс сурсан дээрээ улбаалаад өлзий хээ, түмэн хаст хээгээр эвлүүлдэг тоглоом хийсэн. Өлзий хээний гэхэд 1800 модуль байдаг. Ганцхан түлхүүрийг нь заагаад өгчихөд энэ модулыг гаргаж чадна. Энэ бол төсөл хэрэгжүүлсний үр шим хэмээн ярилаа.

Багшийн сонирхолтой ярианаас  иш татан өлзий хээний талаар товчхон өгүүлэхэд өлзий хээ бол хамгийн хурдтай давхиж яваа соёолон морины дүрс гэнэ. Монголчууд соёолонгийн тоос үзнэ гэж шимтдэг. Өлзий хээ үүнийг бэлгэджээ. Өлзийгээ монголчууд бумбын сав буюу оньч дүрс гэж нэрлээд, тэнгэрийн зан үйлд оруулдаг, өлзийг эрхэмлэдгийн учир энэ гэнэ.

Айлууд хашааны үүдэнд, гэрийн хаалганд өлзий хээ тавьсан байх нь харагддаг боловч цоолбороор буланг нь сэтэлсэн байдаг аж. Хэрвээ ингэж буруу хийвэл бумбын саваа хурааж авахыг бэлгэддэг утга учир нь алдагдаж, сэтэрхийгээр буян нь гоожно гэсэн утга илэрхийлэх ажээ. Тиймээс өлзийгөө саадгүйгээр дээгүүр, доогуураа сүлжиж гараад зорьсон хэргээ бүтээгээд уулзаж байгаагаар битүү хийх ёстой аж. Энэ мэтчилэн хүүхдүүд хээгээ бүтээж сурснаас гадна уг хээ угалз юуг бэлгэддэгийг, яаж хэрэглээнд хэрэглэхийг сурчээ.

Төслийн хүрээнд хүүхдүүдэд хүргэсэн нэг гайхалтай зүйл нь “Хээ угалз бүтээвэл ертөнцийн нууцыг тайлах билгийн мэлмий нээгдэнэ” гэсэн ном аж. Гар урлалаас инженерийн ухаан хөгждөгийг харуулах зорилготой уг номоо 300 хувь хэвлэж, хүүхдүүддээ хүргэжээ.

Сургуулиуд төсөвтөө баригдан, сургалтын хөтөлбөрөөс гадна хүүхдүүддээ зааж сургах зүйлээ хүргэж чаддаггүй байдал “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн үр шимээр ахицтай болжээ. Энэ төслийн хүрээнд сургуулиудад хүргэж буй мөнгө маш чухал дэмжлэг болж буйг захирал,багш нар ам уралдан ярилаа.

Төслийг хүүхдүүдэд ч сайн хүлээж авчээ. Сайн сурч аваад ахуйдаа хэрэглэж байгаа. Зуны амралтаараа юу хийснийг нь одоо шалгана хэмээн багш ярьж байлаа. Төсөлд хамрагдан хүүхдүүдийн нэг архитектурын сургуульд шилжин оржээ. Энэ мэтээр төслийн үр шим цаашид ч хүүхдүүдийн ахуй амьдралд үр өгөөжөө өгөх юмаа.

Ц.Эрдэнэцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
71 сургууль Н.Оюунтүлхүүр
Өлзий хээний бүх хувилбарыг 4 модул дүрс эвлүүлэн дагнаас өнгөтэй нь уламжлалт "МОД"-ны аргаар бүтээж болно. бүх аргачилалыг "Хээ угалз "номонд бий. хүсвэл 99989889 холбогдоорой.
2016/09/08 59.153.85.116
н.оюунтүлхүүр
Hi. Монголчуудын ертөнцийг үзэх үзэлийн дүрсэн илэрхийлэл нь хээ юм. хамгийн өргөн хэргэлдэн хас дүрс яагаад төрийн тамганд, адуу малын тамганд, эдлэл хэрэглэлд байдаг вэ?гэдгийн л таниулахын учир,,
2016/09/08 59.153.85.116
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/09/08 59.153.114.19