8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, Өвс тэжээл бэлтгэж байсан хоригдол оргосон өдөр

2016-09-08 19:00:00

Үе үехэн сэвэлзүүр салхи нь салхилж, өглөө оройдоо огторгуйн шаргал наран царцчихсан мэт жиндүүхэн байна уу. Агаарын долгионоор “Алтан намар” дуу хангинаад ирэхээр л намар цаг  хэдийнэ эх нутагт минь айлчилсныг тодхон харагдана. Саяхан ногоон байсан өвч навч гандаад, аяа намар цаг айлчлан иржээ. 
Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис унаж байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлаг намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудыг дагаж
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй хэмээх шүлэг санаад орж байна. Уншигт та бүхэндээ зөвлөхөд өнөө маргаашдаа сэрүүхэн мөн амралтын өдрүүдэд  бороо орно гэж цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлж байна. Өглөө оройдоо сэрүүхэн жиндүү байгаа учраас дулаахан хувцасаа өмсөхийг сануулж байна. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн сонин содон мэдээлэлийг хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 


 Чухал хүн: Талбайн теннисний Канадын улсын аварга шалгаруулах тэмцээнд монгол охин түрүүллээ

Талбайн теннисний Канадын улсын аварга шалгаруулах тэмцээнд Т.Дариа хэмээх 14 настай Монгол охин түрүүлж, алтан медаль хүртсэн баяртай мэдээлэлийг хүргэж байна. Канадад эх орныхоо нэрийг гаргасан Т.Дариа охин гэр бүлийн хамт тус улсад амьдардаг аж. Канад улсад амьдардаг тэрээр өнгөрсөн жилийн Азийн АШТ-д Монголын улсын нэрийн өмнөөс оролцон, аваргалсан юм. Тийнхүү Азийн АШТ-д түрүүлсэн анхны Монгол теннисчин болсон юм. Т.Дариа талбайн теннисний спортоор найм дахь жилээ хичээллэж буй.

Чухал сэрэмжлүүлэг: Улсын фондын өвс тэжээлийг бэлтгэж байсан хоригдол оргожээ


ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь хорих 0419 дүгээр ангиас хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан хоригдол оргожээ. Улсын фондын өвс тэжээлийг бэлтгэж байх үеэр Хэнтий аймгийн харъяат 30 настай Ж.Даваахүү гэгч этгээд оргон зайлжээ. Оргосон хоригдлыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд Хэнтий аймгийн ой тайгад бүгсэн байж магадгүй гэсэн таамаглалыг албаныхан дэвшүүлээд байгаа аж. Учир нь Хэнтий аймгийн хорихоос ангиас оргосон оргодол хөвч тайга руу зугтаадаг байна.

Чухал шийдвэр: Ерөнхийлөгч хоригийг хүлээж авсангүй


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 сарын 05-ны өдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тависан билээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч, хориг тавьсан билээ. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хүлээх авах эсэхээ шийдэх ёстой. Энэ дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавьсан асуудлыг хэлэлцлээ.   Ингээд гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.


Таны сонорт: Автомашинаа халдваргүйжүүлээрэй


Орон нутагт тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж эхэлжээ.
Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг аж. Иймд нийслэлийг тойрсон товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдэд жолооч нар авто машинаа заавал халдваргүйжүүлэхийг санууллаа.


Чухал мэдээ: Г.Сэрээнэндорж нарт 5-10 жилийн ял төлөвлөжээ


УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгөөр зүтгүүр худалдан авахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод байгаа  Г.Сэрээнэндоржийг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ. Г.Сэрээнэндоржийн хамт Д.Мөнх-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Г.Санчир нар шалгагдаж буй. Г.Сэрээнэндоржийн хамт Д.Мөнх-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Г.Санчир нар шалгагдаж буй. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т заасан “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд хувьдаа завшиж, энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иргэдэд компани байгуулж өгнө хэмээн 700 сая төгрөг залилсан этгээдийг шүүн таслав


Иргэдэд компани байгуулж өгнө, хямд үнэтэй шатахуун их хэмжээгээр авч өгнө хэмээн нийт 34 удаагийн үйлдлээр онц их хэмжээний буюу долоон зуун сая төгрөгийн хохирол учруулсан гэх иргэн Б.Алтанцэцэг, М.Оюун-Амгалан нарын долоон хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноож, Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэжээ. Уг хэрэгт 2008 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд шүүх хурал болж М.Оюун-Амгаланд 10.1 жил жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх, шүүгдэгч Б.Алтанцэцэгт 5.1 жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр оногдуулжээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялыг өршөөн хэлтрүүлж шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцжээ.

МАН-ын популист амлалт юунд хүргэх вэ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Өчигдөр хэлэлцүүлгийн шатанд гишүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаас буцлаа гэсэн саналыг илэрхийлэхэд  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа  “Мөрийн хөтөлбөр дотор бид харин ч бүгдийг нь багтаасан. Тэгж яривал мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх төсөв чинь улайчихаад байна. Та нар сонгуулийн өмнө зургаа, долоодугаар сард нэг их наяд төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй авчихсан байсан. Төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг. Бид харин үүнийг сайжруулахаар явж байна. 2016, 2017, 2018 он хүнд жилүүд байж магадгүй” хэмээн хэллээ. Зарим МАН-ын гишүүд эхний хоёр жил хүнд байна, харин сүүлийн хоёр жилд сайхан болно хэмээн хэнэггүй ярьж сууж байна. 


МАН өнгөрсөн сонгуулиар бидэнд юу амалсаныг бид мэдэж байгаа. Жишээ сүүлийн хоёр өдөр хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа хамтын тэтгэвэрийн тухай хуулийн асуудал. МАН өнгөрсөн сонгуулиар “Ахмадаа ачилна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасаныг бид сайн мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр Засгийн Газрыг тэргүүлж байгаа Ж.Эрдэнэбат Хамтын тэтгэврийн тухай хуулийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлаж, хэлэхдээ “"Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас Насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой"  зүйлийг ярьж байна. Нөгөө ахмадаа ачилна гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг бүр Ерөнхий сайдын үгээр бол чи хурдхан өнгөрчих юм бол чиний тэтгэвэрийг би авна гэсэн утгатай зүйлийг хэллээ. 


Харин хамтын тэтгэвэрийн тухай хуулийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ  “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм”  хэмээн намын нөхөд, ард түмний эсэргүүцэлтэй тулгараад байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment