8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ

2016-05-06 10:00:00

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг Монгол улс жил бүрийн 4-р сарын 28-ны өдөр тэмдэглэдэг. Хөдөлмөрийн яам энэ өдрийг угтан “ХАБЭА-н сарын аян”-ыг орон даяар зохион байгуулж, аяны үр дүнг ХАБЭА-н Үндэсний хорооны 2013 оны 5-р сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцлээ.

Сарын аяныг зохион байгуулах Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны гурван талын хамтарсан ажлын төлөвлөгөөнд 12 асуудал төлөвлөгдснөөс 10 асуудал бүрэн хэрэгжиж, 2 асуудал тодорхой шалтгааны улмаас хийгдээгүй байна. Төлөвлөгөөний биелэлт 83,3 хувьтай байна.

“ХАБЭА-н тухай хуулийн шинэчлэлт, хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлагыг МҮЭ-ийн холбооноос талуудтай хамтран 4-р сарын 22-нд зохион байгуулж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, томоохон аж ахуйн нэгж, компаний төлөөллийг оролцуулан хийсэн. Хуулийн шинэчлэлттэй холбогдуулан үндсэн илтгэлийг Хөдөлмөрийн яам, ХАБЭА-н үндэсний хорооноос оруулж, хэлэлцүүлж, нийт 12 илтгэл, мэдээлэл хийгдэж, хуулийн шинэчлэлийн талаар олон санал гарсан байна.

ХАБЭА-н гурван талт үндэсний хорооны “УРИАЛГА”  гаргаж, “Өдрийн сонин”-ы  2013 оны 4-р сарын 18-ны 101 дүгээр сонины тэргүүн нүүрэнд нийтлүүлж,  үйлдвэрлэлийн ослоос иргэдийг сэрэмжлүүлэх чиглэлээр шторк хийлгэж, яамны сайтад байрлуулсан. “Таны аюулгүй ажиллагаа, танай гэрийн аз жаргал” мессежийг Нийслэл, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн 420 мянга гаруй иргэдэд  хүргүүлсэн. Энэ нь ХАБЭА-н урьдчилан сэргийлэх, мэдээлэх шинэлэг хэлбэр болсон.

Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд сарын аяны хүрээнд төлөвлөгөө гарган, орон нутагтаа ХАБЭА-н хууль, тогтоомж, стандартыг сурталчилах, сургалт зохион байгуулах, үзүүлэх сургууль, “АХА”, “ДЭВЖЭЭ” тэмцээн, ажил олгогч эздийн зөвлөгөөн зохион байгуулах, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалт хийх, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудыг эрүүл мэндийн урьчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Орхон, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Увс, Дорноговь, Нийслэлийн Хөдөлмөрийн хэлтэс, эзэд, үйлдвэрчний байгууллагууд олон хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Хөдөлмөрийн хэлтсүүдээс хийсэн зарим онцлог арга хэмжээг дурьдвал:

-Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс сарын аяныг идэвх санаачлагатай зохион байгуулж, аймгийн Онцгой байдлын газар, Цахилгаан түгээх сүлжээ, “Оч манлай” ХК гэсэн 3 байгууллагыг эхний 3 байрт шалгаруулсан.

-Баянхонгор аймагт “Аюулгүйн хөтөч” цүнхийг аж ахуйн нэгж, байгууллагуудаар аялуулж, цүнх аялсан байгууллага бүр ХАБЭА-н чиглэлээр бүтээлч ажил хийсэн. Аймгийнхаа сумдад ХАБЭА-н аяныг зохион байгуулахад илүүтэй анхаарсан байна.  

-Дорноговь аймагт ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Хөдөлмөрийн аюулгүй орчин” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж, дүгнэсэн байна. Мөн “Бидний оролцоо” сэдэвт сарын аяны хайрцаг, санал хүсэлтийн дэвтэрийг аж аж ахуйн нэгж, байгууллагаар хуваарь гарган аялуулсан байна.

-Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэс Алаг-Эрдэнэ суманд ХАБЭА-н өдөрлөг зохион байгуулсан байна.

-Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн хэлтэс ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үзэсгэлэнг аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой өргөн хүрээнд зохион байгуулсан байна.

-Говьсүмбэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэс ХАБЭА-н дэлхийн өдөр 4-р сарын 28-нд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон аймгийнхаа иргэдэд хүндэтгэл үзүүлж, сэтгэл санааны дэм өгөх арга хэмжээг зохион байгуулсан байна.  

-Уралдаан цэнгээнт “АХА” тэмцээнийг ХАБЭА-н сэдвээр Орхон, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг аймаг, Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд зохион байгуулсан байна.

-Архангай, Орхон, Хөвсгөл аймаг, Багануур дүүрэг ХАБЭА-н сэдвээр шторк хийж мэдээлэл сурталчилгаанд ашигласан байна.

-Нийслэлийн Хөдөлмөрийн хэлтэс “Эрүүл-аюулгүй ажиллацгаая” чуулганыг эзэд, үйлдвэрчний байгууллагатай хамтран зохион байгуулж, “ХАБЭА-н ажилтанд зориулсан гарын авлага” ном хэвлүүлж, үйлдвэрлэлийн ослоос сэрэмжлүүлсэн 3-5 төрлийн стикер хэвлүүлсэн байна.

-Нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд ажил олгогчдын зөвлөгөөн хийж, энэ үеэр сургалт, үзүүлэх сургууль, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан нь тайланд тусгагдсан байв.  

  Аймаг, дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс зохион байгуулагдсан нь орон нутагт ХАБЭА-н хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлж өгсөн төдийгүй, нийгмийн түншлэлийн талуудын хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөлж байгаа нь сарын аяны үр дүнгээс харагдаж байна. Цаашид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлэхэд аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд байнга анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаас гаргалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment