8o
Улаанбаатар хот
mobile menu

ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016-06-14 11:00:00

“Орон нутагт хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих, ур чадвар хөгжүүлэх арга хэмжээ болон нийгмийн хамгааллын үйлчилгээний уялдааг сайжруулах нь” туршилтын хөтөлбөрийг танилцуулах уулзалт семинар өнөөдөр “Blue sky” цамхагийн “Кристал” танхимд боллоо.

Энэхүү туршилтын хөтөлбөрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-аас Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоотой хамтран  “Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих, АСЕАН-ы туршлагаас суралцах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.

Уулзалт семинарын нээлтэд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мэйер нар оролцож, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлого, залуучуудын болон залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар болон ОУХБ-аас зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлж буй зорилт, үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ялангуяа залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн ач холбогдлын тухай санал солилцлоо.

Энэхүү туршилтын хөтөлбөрийг Баянхонгор аймгийн Галуут, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 2015 оны долдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд хэрэгжүүлж, малчдын зургаан хоршооны 90 залуу малчин өрхийг хамруулжээ. Малчдын ур чадварыг нэмэгдүүлж, бизнес эрхлэхэд сургах бизнесийн зөвлөх үйлчилгээнд хамруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдах хүрээг өргөжүүлэх, хоршоог хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг туршилтын хөтөлбөрийн явцад хэрэгжүүлсэн байна. Үр дүнгийнх нь талаар хөтөлбөр хэрэгжсэн сумдын дарга нар дэлгэрэнгүй танилцуулсан. Тэд малчдын хоршоог чадавхижуулах, залуу малчдын мал маллагааны арга барил, малын гаралтай түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх ур чадвар дээшилж, малчдын бизнесийн болон нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдлэг нэмэгдсэнд талархаж байлаа.

Семинарт оролцогсод малчдын хоршооны менежментийн чадавхийг бэхжүүлэх, залуу малчдын ур чадварыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, сумын түвшинд аж ахуй эрхлэлтийн сургалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ бий болгох, малчдын хоршооны хөгжлийг дэмжих, малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний албан хаагчдын чадавхи, орон нутгийн холбогдох талуудын зохицуулалтыг сайжруулах талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлогын болон үйл ажиллагааны зөвлөмж гаргалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment