8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ТОХИЛОГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЛОО

2016-05-09 10:00:00

Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах замаар ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодлого барьж ажилладаг. Энэ хүрээнд хэд хэдэн хөтөлбөр төслийг хэрэгжүүлдгийн нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Жилээс жилд уг хөтөлбөрт зориулан төсөвлөх хөрөнгийн хэмжээг тодорхой хувиар нэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон төрлийн арга хэмжээг Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг. Үүний нэг нь хүнсний худалдаа үйлчилгээ болон гутал засварын үйл ажиллагаа явуулж буй иргэдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангах зорилготой “Бид дэмжье, та чадна” төсөл.

Төслийн нээлтийг өнгөрсөн бямба гаригт хийсэн бөгөөд эхний ээлжинд нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны зориулалтаар ашиглах 20 ширхэг киоскийг үнэ төлбөргүй олгохоор болсныг эздэд нь хүлээлгэж өглөө. Энэ арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, ажлын байртай болж буй иргэдэд киоскны түлхүүрийг гардуулсан юм. Тэрбээр энэ үеэр “Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99,5 мянган хүн бий. Нийт хүн амын 3,3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахад Хөдөлмөрийн сайдын хувьд онцгой анхаарал хандуулан ажиллаж ирлээ. Манай яамнаас хэрэгжүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтйэ иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүг нөхөн олгох, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсруулсан төслийг сонгон шалгаруулж санхүүгйин буцалтгүй тусламж олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг тусгай тоног төхөөрөмж, нөхцөл бүхий тусгайлсан сургалтын хөтөлбөрөөр зохион бйагуулах, ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөтөч, дохионы орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэргээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлуудын нэг нь “Бид дэмжье, та чадна” төсөл бөгөөд төсөлд хамрагдаж ажлын байртай болох хүсэлт гаргасан иргэдээс эхний ээлжинд хүнсний худалдаа үйлчилгээ болон гутал засварын бизнес эрхлэх боломжтой хүмүүст ажлын байр олгож байна. Нэг бүр нь таван сая төгрөгийн үнэ бүхий 20 киоскийг өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн иргэд хүлээж авч байна” хэмээн ярилаа.

Хүнсний худалдаа эрхлэх, гутал засвар ажиллуулах иргэдэд ажлын байрны зориулалтаар өгч буй эдгээр киоскийг “Чингисийн төгөл” ХХК-д захиалан хийлгэсэн бөгөөд нэгд нь гурван хүн ажиллах боломжтой. Гутал засварын газар ажиллуулах киоск нь өвлийн дулаалгатай, дотроо цахилгааны холболтыг нь хийгээд өгчихсөн учраас  жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой. Хүнсний худалдааны зориулалтаар ашиглах киоскийг зөөвөрлөж тээвэрлэх боломжтойгоос гадна хийгээр шарах, халаах, грилдэх зэрэг халуун боловсруулалт хийх боломжтой, тавиур лангуу зэргийг зэвэрдэггүй, эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийсэн зэргээр давуу тал олонтой. Түүнээс гадна эдгээр киоскийг байрлуулах газрын зөвшөөрлийг шийдүүлэх үүргийг тухайн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хариуцах аж.  

Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 2013 онд 1.3 тэрбум төгрөг зарцуулж 1180 иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2014 иргэнийг хамруулж 1.7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон. 2015 онд 2.7 тэрбум төгрөг гаргаж, 3540 иргэн ажлын байртай болсныг энэ өнд нэмэгдүүлж зарцуулах хөрөнгийн хэмжээг 3,0 тэрбум төгрөг болгон төсөвлөсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьдагтай холбоотой гэдгийг төслийн нээлтийн үеэр албаны хүмүүс тодотгож байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл