8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Паралимпиос Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж, 1 настай охины амийг аварсан өдөр

2016-09-09 18:20:00

Эрхэм уншигч та бүхэнд энэ 7 хоногийн ажлын сүүлийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдөрийн тоймоо хүргэхээс өмнө нэгэн сайхан мэдээг дуулгах гэж байгаадаа таатай байна.  “Рио 2016” паралимпийн наадмын эхний өдрийн тэмцээн жүдо бөхөөр эхэлж манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн юм. Тэрбээр Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аваргатай барилдаж тэмцээний эхний 4-хөн секундад цэвэр ялж Монголын багийнхнаа медалийн салхийг хагаллаа.  

Чухал хүн: Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж манай тамирчдын салхийг хагаллаа

Рио 2016 паралимпийн наадмын эхний өдрийн тэмцээн жүдо бөхөөр эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор манай эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Манай бөх хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялж, Монголын багийнхнаа медалийн салхийг хагаллаа.

Чухал шийдвэр: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Өмнөх парламентын баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудыг эцсийн найруулга сонсоогүй, ёсчлоогүй гэдэг шалтгаанаар хууль санаачлагчид нь буцаасан билээ. УИХ-ын энэхүү үйлдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Харин Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн буюу есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

 Чухал томилгоо:  Яамдын ТНБД-ын нэрс тодорчээ

Өнөөдрийн байдлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорчээ.

-Гадаад харилцааны яамны ТНБД-аар О.Оч

-Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан

-Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар УИХ-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Өнөрбаяр 

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нар томилогджээ.  

Чухал амжилт: Манай өсвөрийн жүдочид 2 алт, 1 мөнгөн медаль хүртжээ

Энэтхэгийн Шинэ Дэли хотноо Азийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Охидын 44 кг-ын жинд Боржин дэвжээний Б.Бүрнээбаяр, 52 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Л.Сосорбарам нар алтан медаль хүртсэн байна. Харин хөвгүүдийн 55 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Энэбиш мөнгөн медалийн эзэн болжээ. Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаал хөвгүүдийн -90 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл, +90 кг-д Б.Мандалбат нар эх орноо төлөөлөн өрсөлдөх аж. 

Чухал мэдээ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, Хөрөнгө оруулагчид итгэл алдарсаар л ...

Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурсан талаар өнгөрсөн 7 хоногт Олон Улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг мэдэгдсэн. Дахин гэж тодотгосоны учир нь өнгөрсөн наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний “Stan­dard & Poor’s”, “Fitch” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-болгон бууруулсан. Сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа манай улсын зээлжих зэрэглэл буурч байгаа нь эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол авч ирэхэд хүрээд  байна. Учир нь Сангийн яамнаас хоёр удаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг зарлаж мэдээлэл хийсэн нь хөрөнгө оруулагчдыг “үргээсэн” гэхэд болно. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд байна. 2011 онд манай улсад 4,62 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан нь жил дараалан буурсаар 2015 онд 110,2 сая ам.доллар болж, 41,9 дахин буурчээ. Мөн энэ оны эхний 6 сарын байдлааргадаадын шууд хөрөнгө оруулалт 35 сая ам.доллар болж буураад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагсаны хамгийн тод жишээ” гэж мэдэгдсэн.

Үүнийг зарим иргэд “Эдийн засгийн нөхцөл байдлыг үнэнээр нь хэлж байна хэмээн зөвтгөж байсан ч нөгөө хэсэг нь олон нийтэд ийнхүү зарлах нь хэр зохистой вэ.Гадаад харилцаа, олон улсын санхүүгийн байгууллага, манай улсыг сонирхож байгаахөрөнгө оруулагч нарт сөрөг нөлөө үзүүлэх муу үр дүнтэй” хэмээн дүгнэж байсан. Энэ нь биелэлээ олж өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-оос B3 болгон бууруулсан талаар Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг мэдэгдсэн юм. Ёстой л “Нуухыг нь авах гээд нүдийн сохлов” гэдэгтэй агаар нэг боллоо. Энэхүү зэрэглэл нь хөрөнгө оруулалтын бус эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж байгааг илэрхийлэх аж. Тус агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан шалтгаанаа гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарлажээ. Арга ч үгүй биз дээ шинэхэн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахад хүргэсэн гэхэд хол зөрөхгүй болов уу.

Хувь хүний нууц, өрх гэрийн цаашлаад улс орны нууц гэж бий. Тийм дээ ч монголчууд таарсан хүн болгондоо өрх гэрийнхээ асуудлыг яриад байдаггүй. Өрх гэрийн нууц гэж бий. Түүнийг шийдвэрлэх арга зам ч гэж байдаг.  Үүнтэй адил эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа хойно ингэж зарлах хэрэг байсан ч юм уу. Болохгүй байгаа зүйлийг зарлах нь зөв ч бидэнд ийм арга, төлөвлөгөө байна, жилийн дараа магадгүй хоёр жилийн дараа үр дүн гарна гэж гарцаа ярих ёстой байсан байх. Тэгж хэлээгүй учраас ирээдүйн бодлого, эдийн засгийн ахисан дүр зураг, нөхцөл байдал тодорхой бус гэдгийг зарлах нь гадаадыг хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөхөд хүрч байгаа юм. Түүгээр ч зогсохгүй олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг буруулсан гэдгээ мэдэгдэх хөрөнгө оруулагчдын итгэл ч алдарч байгаа юм. Мөн ирэх 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай гэж “Moody’s” агентлаг онцолжээ. Moody’s-ийн мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар манай улсын Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэхүйц болж нэмэгдэх гэнэ. Өнгөрсөн онд Засгийн газрын өр ДНБ-ий 63 хувьтай тэнцэж байсан аж. Манай улсад олон услын санхүүгийн байгууллага ийнхүү үнэлгээ өгчээ эрхэм Төрийн түшээдээ.

Сангийн сайд нь эдийн засгаа "Хэвтэрт" орсон,  олон улсын байгууллага дахин зээлжих зэрэглэл нь буурна гэсэн үнэлгээ өгсөн байна Эрх барчигчиддаа. Гэтэл эдийн засгийн хямралыг давахын тулд ард түмнийхээ халаас руу гараа “Шургуулж”, тавагтай хоол руу нь “Өнгийж” байгаа нь харамсалтай. Үүний оронд зээлжих зэрэглэл нь буурч, хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж байгаа энэ цаг үед гадагшаа хандсантомоохон төсөл, хөтөлбөр боловсруулж хөрөнгө оруулагчиддаа татах тал дээр ая дангаа тааруулвал цаашид монголын эдийн засагт үр өгөөжтэй бус уу.    

Оргосон хүмүүжигчийг эрэн сурвалжилж байна

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа жирийн дэглэмтэй Хорих 419-р ангид хоригдож байсан хоригдол хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчлагдаад байх үеэрээ оргосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл оргосон хүмүүжигчийг хараахан олоогүй байгаа ба холбогдох хуулийн байгууллагууд эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Амтралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment