АНУ-ын Калифорни мужийн Беркели хотод байрладаг Ethical Traveller байгууллагаас манай улсыг аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны /the world’s Ten best distinations/ нэгээр шалгаруулсан талаар мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард байсан. Тухайн үед Шилдэг 10 орноор шалгарсан орнуудад гэрчилгээ гардуулах ёслол Калифорни мужийн Корт Мадера хотод болж, Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Д.Баярхүү гэрчилгээг гардан авч байсан таатай мэдээлэл гарч байсан. Манай улсын байгалийн үзэсгэлэн бусад улс орнуудтай харьцуулахад үзэсгэлэн, байгалийн өвөрмөц тогтоцтой, цэнгэг нуур горхи ихтэй үүнийг дагаад аялахад тохиромжтой улсын нэгээр шалгарсан. Харин харамсалтай гадаадын жуулчид аялахад тэд нарыг дээрэмдэх янз бүрийн тохиолдол манай улсад их гардаг. Саяхан л гэхэд манай улсад аялахаар ирээд байсан Их Британы тамирчин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хангай нуруунын оргилд гарахаар өөрийн хамтрагч, найз Гарет Астоны хамт манай улсад ирээд байсан Стив Нэш харамсалтайгаар амь насаа алджээ.
Талийгаачийн хувьд их Британийн уулчин, парапланы нисэгч юм байна. Тодруулбал, 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алджээ. Стив Нэш 10 жилийн өмнө манай улсад мөн ирж байсан бөгөөд 10 жилийн дараа дахин парапланаар нисэхээр манай улсыг найзын хамт зорьжээ. 10 жилийн өмнө ирэхэд цаг агаар тохиромжгүй байсан учраас парапланаар нисэж чадаагүй нутаг буцаж байсан аж.
Стив Нэш 10 жилийн дараа манай улсыг зорьж ирэхдээ цаг агаарын байдлыг сайн харж мөн хувийн бэлтгэлээ сайн хангаж байж өнгөрсөн наймдугаар сард манай улсыг зорьж ирсэн байна. Тэд нийслэл Улаанбаатараас баруун тийш 400 километрийн зайтай, 3900 метрийн өндөр Хангай Нурууны оргилд гарах зорилготой байж.
Парапланы нисэгчид наймдугаар сарын 30-ны орой нутгийн хүмүүсийн гэрт хоноглож, маргааш өдөр нь аялалаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч хамт ирсэн найзынхана хуучин шарх сэдэрч цааш аялах боломжгүй болжээ. Харин Стив ганцаараа цааш аялалаа үргэлжлүүлэхээр явжээ. Харамсалтай нь тун удалгүй Стивийг замынхаа талд буюу Завхан аймгийн Улиастай сумаас Архангай аймгийн Цэцэрлэг сум орох замд түүний хаана явааг заадаг траклог төхөөрөмж шинэчлэл хийхээ больж, нэг газраа маш удаан байх болсныг Их Британиас түүний найз Малколм Грэйс болон эхнэр Ширли нар нь харсан байна. Энэ үйл явдлын дараахан буюу нэг цаг орчмын дараа тэд Гаретаас Стивийг пасспорт болон мөнгөө дээрэмдүүлж, амиа алдсан тухай мэдээг гэр бүлийнхэнэ хүлээж авсан байна.
Стив Нэш тухайн өдрөө буюу наймдугаар сарын 31-ний өдрийн 13 цагт бусдад дээрэмдүүлж улмаар бусдын гарт амиа алджээ. Уг хэргийг манай улсын цагдаагийн газраас шалгаж байна. Стив Нэшийн цогцосыг энэ долоо хоногт нутагт нь хүргэхээр болжээ. Стивийн харьяалагддаг Нова багийн гишүүдийн хэлж байгаагаар тэрээр шилдэг тамирчин төдийгүй, сайн нисгэгч байжээ. Дэлхий дээр параплан нисэгч 200 хүрэхгүй тамирчид байдаг бөгөөд нэгэн гайхалтай нисгэгч манай улсад бусдын гарт харамсалтайгаар амиа алджээ. Талийгаачийн дурсгалд зориулан Их Британид Just Giving цахим хуудсаар дамжуулан “Wings for Life” аяныг эхлүүлжээ. Талийгаачид хүндэтгэл үзүүлэх мөн энэ төрлийн спортоор хичээллэгч тамирчдын эрүүл мэндийн төлөө мөнгөн хандив цуглуулах болсон байна. Одоогийн байдлаар нийт 2700 орчим фунт стерлинг цуглараад байгаа бөгөөд хандивыг сээр нурууны бэртлийн тухай судалгаанд 100% зориулахаар болжээ.