8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Булган суллагдаж, Засгийн газар үнэт цаас гаргахаар болсон өдөр

2016-09-13 18:32:00

Уулсын оройд манан суугаад усны шувууд дуулалдаад буцах нь гунигтай. Шарлаж гээгдсэн навчсын дэргэдүүр алхаж явахад шархирах чимээ нь хүртэл цаанаа л нэг уйтгартай. Бодол шиг хөл доор хөглөрч бороо шивэрсэн намрын өдрүүд ирж л явна. Намар гунигтай бас дурсамжтай. Эрхэм уншигч та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Уншигч та бүхэнтэй үдэш бүрийн энэ цаг мөчид уулздаг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө танд бяцхан мэдээлэл хүргэе. Маргаашнаас эхлэн нийт нутгаар бороо орж, уулархаг хэсгээр нь нойтон цас орж цочир хүйтэрнэ гэдийг анхаараарай. Тиймээс ойрын өдрүүдэд гэрээсээ гарахын өмнө цаг агаар мэдээ, мэдээлэл сонссож, дулаан хувцсаа өмсөж байгаарай. 

Чухал хүн:  Б.Булган өнгөрсөн амралтын өдрөөр суллагджээ

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан түүний гэргий Б.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгасаар арваннэгэн сар болоод байсан билээ. Тэгвэл түүнийг өнгөрсөн бямба гарагт сулласан гэнэ. Эх сурвалж Б.Булганыг С.Зориг агсны хэрэгт холбоогүй, өөр хэргээр шалгаж байгаа гэж мэдээлсэн. Харин зарим нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан тул түүнийг сулласан гэх зэргээр мэдээлж байна. Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Б.Булган суллагдаж, гэртээ харьжээ.

Чухал шийдвэр: Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ

Засгийн газар үнэт цаас гаргаж төсвийн алдагдлыг нөхөхөөр шийдсэн бололтой. Тодруулбал, Засгийн газар маргаашнаас буюу энэ сарын 14-ний өдөр 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болсон байна. Маргаашнаас эхлэн 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар төлөвлөжээ. 

Чухал сэрэмжлүүлэг: Маргаашнаас нойтон цас орж сэрүүснэ

Маргаашнаас эхлэн нутгийн зүүн хэсгээр, 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орох төлөвтэй байгааг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдэж байна. Борооны эхэн үед салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүсэх юм байна.

Чухал мэдээ: Яаралтай дуудлагын 71 хувьд нь тоглоом хийж залгажээ

Сүүлийн үед Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс хуурамч мэдээлэл ихээр ирэх болжээ. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж, хүндрэл учирч байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн ханджээ. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байгаа юм байна. Тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүүлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэлтэй учраас ажилд хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өрийн тааз нь “өндөрссөн” Засгийн газар хэрхэн ажиллах бол

Өнгөрсөн 7 хоногт хэлэлцсэн ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн хүрээний  мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.  ИнгэхдээМонгол Улсын өрийн таазыг 88 хувь болгож түүнээс цааш үе шаттайгаар нэмэх саналыг Засгийн газар оруулж ирлээ.  Тодруулбал, уг төслийн агуулга нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн дээд хэмжээг 2016 онд 88, 2017 онд 90, 2018 онд 97.5, 2019 онд 105, 2020 онд 100, 2021 онд 90, 2022 онд 80, 2023 онд 70, 2024 онд 60 хувиас хэтрүүлэхгүй байх тухай байсан юм. Өрийн таазыг ингэж нэмэх болсоныг зарим УИХ-ын гишүүд төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл эсэргүйцсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ерөнхий сайдтай уулзаж санал хэлэв. Өрийн босгыг нэмэхийг хойшлуулах. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөртэй цуг ҮАБЗ болон ээлжит чуулганаар хэлэлцүүлэх” хэмээн жиргэсэн ч тусыг эс олов. Мөн Засгийн газар Төсвийн хүрээний мэдэгдэл болон танхимынхаа бүрэн эрхийн хугацаанаас ч хэтрүүлэн төлөвлөлт хийснийг нь зарим гишүүн шүүмжилж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд найман жилийг хамарсан өөрчлөлт оруулж болохгүй. Дөрвөн жилийн дараа УИХ-ын сонгууль болж магадгүй Засаг солигдох үед шинэ Засаг байгуулагдаж ажиллана. Энэ нь дараагийн  Засгийн газартаа өр үлдээж өгч байгаагийн нэг хэлбэр гэж үзэж  шүүмжилж байна. Өрийн хязгаарыг хамгийн уртдаа төсвийн хүрээний мэдэгдлийн гурван жилийн хугацаанд төлөвлөх хэрэгтэй гэж үзэх гишүүн ч байлаа.

Мөн өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь ам.долларын ханштай шууд хамааралтай. Өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 7-ны өдөр Монголбанкнаас зарласнаар нэг ам.долларын ханш 2212 төгрөгт хүрсэн. Харин өчигдрийн байдлаар нэг ам.доллар 2232 төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс үзэхэд долоо хоногийн хугацаанд 20 төгрөгөөр нэмэгдэж энэ хэрээр ханшийн зөрүү байна үүсч байгаа юм.  Тиймээс энэ мэт ханшийг зөрүүг дагаад өрийн ДНБ-д эзлэх хувь,  хэмжээ өөрчлөгдөх үү гэсэн асуулт гарч ирж байна. Онолын хувьд бол ханшийг зөрүүг дагаад өөрчлөгдөж өсөх нь мэдээжийн хэрэг. Долдугаар сараас хойш тогтмол өсөлттэй байсан  ам.доллар өдөрт 40-50 төгрөгөөр нэмэгдэж байсан үе саяхан. Тодруулбал, өнгөрсөн сарын 17-ны байдлаар нэг ам.доллар 2280 төгрөгт хүрч нэг өдрийн дотор 40 төгрөгөөр нэмэгдэж байсан юм.  Ам.долларын ханш цаашид өсөлттэй байна гэдгийг  эдийн засагчид онцолж байна.

Уг нь Засгийн газар өрийн таазыг нэмэхийн оронд том төслүүдийг хөдөлгөж, экспортоо нэмэгдүүлж, валютын ханшийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангаж ам.долларын урсгалыг сайжруулах шаардлагатай. Тэгэх ч ёстой. Ямартай ч Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх болсон нь анхаар татаж байна.  Энэ бүхний хариулт Засгийн газраас боловсруулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт багтах биз ээ гэсэн таамаг төдий зүйл үлдэж байна.

УИХ Засгийн газар өөрийн таазийг 88 хувийн босгыг зөвшөөрснөөр цаашдаа Засгийн газар энэ мэт чухал ажлуудаа хийж, эдийн засгаа эрчимжүүлэх “ташуур” болох уу. Засгийн газар ч гэсэн, өрийн хязгаараа л нэмэгдүүлчихвэл ажил хийх гээд байна гэж тайлбарлаж байсан удаатай. Одоо өрийн тааз нь “өндөрссөн” Засгийн газар хэрхэн ажиллахыг харах үлдлээ. 

Ховд аймагт өнөөдрөөс хорио цээр тогтоолоо

Малын гоц халдварт бог малын "Мялзан төст" өвчинөөр Ховд аймгийн 11 сумын 34 багийн 59 голомтод 820 орчим өрхийн 65877 орчим мал өвчилжээ. Үүнээс 11632 толгойн үхсэн байна. Нөхцөл байдал даамжирч байгаа учраас Улсын онцгой комиссын баг орон нутагт ажиллаж тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч ажиллажээ. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжуудыг гарган холбогдох байгууллага, хэлтэс агентлагууд ажилдаа ороод байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдрөөс эхлэн 9-р сарын 23 хүртэл хугацаанд мөрдөж ажиллах юм байна. Өндөржүүсэн бэлэн байдал тогтоосон 10 хоногийн хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хоригложээ. 

БНХАУ-ын хилийн боомтууд пүрэв гарагт амарна

Монгол, Хятадын автозамын хилийн боомууд энэ сарын 15-ны өдөр амарна. Тодруулбал, БНХАУ-ын “Намрын баяр” энэ өдөр тохиож байгаа аж. Тиймээс “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд энэ сарын 15-нд буюу Пүрэв гарагт амрахаар болсон байна. 

Уулчин дотуур цус алдсан гэх дүгнэлт гарчээ

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Англи улсын иргэн Стивен Нэйш гэх уулчин Монгол улсын нутаг дэвсгэрт амиа алдсан хэрэг гарсан. Тэрбээр гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй талаар Консулын газраас мэдээлжээ. Талийгаач гадна болон дотуур цус алдаж нас барсан байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтийг Цагдаагийн байгууллагаас гаргасан байна. Одоогоор хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа аж.

Ихрүүдийг гэрт нь эх барьж авчээ

Сумын төвөөс 65 км-ийн зайд нутаглах иргэний гэрт нь ихэр хүүхдүүдийг нь эх барьж авчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт энэ сарын 9-ний өдөр ихрүүдийг эх барьж авсан байна. Ихрүүд 2.3 кг жинтэй охин, 2.2 кг жинтэй хүү байжээ. Одоогоор эх,  хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. 

Зөвшөөрөлгүйгээр шувуу тээвэрлэж явсан Араб иргэдийг саатуулжээ

Зөвшөөрөлгүй их хэмжээний шувуу тээвэрлэж явсан Араб иргэдийг саатуулжээ. Тодруулбал, Арабын Нэгдсэн Эмират улсын хэсэг иргэд шонхор шувуу барих, өгөөш бэлтгэх зорилгоор 21 ногтруу, 68 ширхэг тагтаа шувууг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тус шувуудыг Дундговь аймгийн Дэрэн сумаас шувуунуудыг барьсан гэдгээ хэлсэн байна. Дээрх шувуудыг барих зөвшөөрлийг тухайн орон нутгаас заавал авсан байх шаардлагатай аж. Гэтэл Арабууд ийнхүү зөвшөөрөлгүй шувуу барьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл