8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбатыг саатуулж, Ховд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдөр

2016-09-14 18:30:00

 Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр өнгөрч байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсараа алдсан тохиол бүрээ тунгаа. 
Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.  


Д.Сосорбарам: Б.Булганд хэн нэгэн хүний нэр хэл гэж тушаасан байхыг үгүйсгэхгүй
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, Ардчилсан намын Ардчиллын холбооны анхдагч гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.  Уг хуралд Ардчилсан холбооны анхдагч гишүүн С.Батчулуун, Ц.Хурцбилэг, СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Энэ үеэр хэвлэлийн хуралд оролцсон хүмүүс ардчилсан, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг дээдэлдэг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  бидэнтэй хамтдаа тэмцэж явсан, одоо ч энэ үйл хэрэгт ойр дөт хүн. Түүнийг бидний ардчиллын хүн гэхээсээ илүү Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүнийх нь хувьд хатуу шаардлага хүргүүлэх болно гэдгийг онцолсон юм. Энэ үеэр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Соромбарамаас цөөн асуултад хариулт авсан юм. 

-Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт сэжиглэж яллагдагчаар татаад байна. Гэтэл өнөөдрийн байдлаар АН-ын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН даргагүй болсон. Тиймээс өнөөдрийг хүртэл аливаа зүйл байр сууриа илэрхийлэхгүй байгаа болов уу. Түүний нэг нь Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татсан энэ тал дээр байр сууриа одоо хүртэл илэрхийлээгүй байна. АН-ын ҮЗХ хурлаа хурдан хийх хэрэгтэй.  Тэр хурал дээр дүрэм, журмаа шинэчилэх, намаа шинэчлэх шаардлага гарч ирж байгаа болов уу гэсэн хандлага байна. 
 

Б.Булганыг 10 сар хориход яаж тамлаж зовоосныг бид мэдэхгүй. Хэн нэгэн хүний нэр хэлчих, зүгээр заачих, тэгээд гүйцээ чи сайхан амьдарна гэж  шахаж дарамталсан байхыг үгүйсгэхгүй.

-Өнгөрсөн баасан гаригт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг сулласан. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 
-10 сар хорьж зовоосны эцэст сулласан. Би сулласан гэдгийг телевизээр үзлээ. Бидний амьдарч буй орчин нийгмийн өнөөдрийн дүр зураг энэ. Коммунист нөлөө, социалист схем, фашист хяналт нөлөөлж, энэхүү гурвалжин дунд бид амьдарч байна. Б.Булганыг 10 сар хориход яаж тамлаж зовоосныг бид мэдэхгүй.Хэн нэгэн хүний нэр хэл, зүгээр заачих, тэгээд гүйцээ чи сайхан амьдарна гэж шахаж дарамталсан байхыг бид үгүйсгэхгүй. Ингэж хэрэг тохдог үзэгдэл байна. Хүнийг гэнэт барьж хорьж, цагдаж амь нас эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироодог ийм нийгэм бий болчихсон байна.
 Ардчиллын төлөө тэмцэгчдийг хэн ч биш болгож, олон нийтэд нэр хүндийг унагасан байдлаар харагдуулах  ийм арга ядсан зүйл хийж байна.

 
 -2000 онд буюу сонгуулийн өмнөхөн Э.Бат-Үүлийг хорьж шалгаж байсан.  Энэ удаад ч нэг сарын дараа орон нутгийн сонгууль, цаашилбал ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Улс төрийн зорилготойгоор ийм үйлдлэл хийгээд байх шиг? 
-Мэдээж шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байна. Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуультай уялдуулан холбож харж болно. Үүнийг яаж харах нь тухайн хүний эрх. Гэхдээ миний монголын ард түмэн ухаантай хүмүүс зөв талаас нь харж байгаа байх. Харин Д.Сосорбарам гэдэг хүний хувьд энэ хэрэг монгол үндэстэй хүн бүрийн эсрэг шагайлгаж байгаа буу. Энэ буу шагайлгаж хүмүүсийн  эсрэг би зогсоно. Ганцаараа байсан ч мөнх зогсоно гэдгээ хатуу хэлье. Цаад нарийн учир нь ардчиллыг арилгах гэсэн башир арга явж байна. Ингэхийн тулд ардчиллын төлөө тэмцэгчдийг хэн ч биш болгож, олон нийтэд нэр хүндийг унагасан байдлаар харагдуулж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 
 

Чухал шийдвэр: Х.Баттулга дахин МЖБХ-г удирдана
Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал наймдугаар сарын 27-нд болсон. Харин өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны дөрөвдүгээр их хурал МҮОХ-нд болж байна. Энэхүү хуралд Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцож байна. Хурлаар тус холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга олонхийн саналаар улиран сонгогдсон байна. Ингэснээр Монголын жүдо бөхийн холбоог 2016-2020 он хүртэл Халтмаагийн Баттулга дахин удирдахаар боллоо.
Чухал үйл явдал: Улсын цолонд хүрсэн дөрвөн бөхөөс допинг илэрчээ
Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр болж өнгөрсөн билээ. Жил бүрийн наадмын барилдааны дараа улсын цолонд хүрсэн бөхчүүд допингийн шинжилгээ өгдөг билээ. Энэ жилийн тухайд  18 начин, зургаан харцага цолтон шинээр төрж түмэн олноо баясгасан. Үүнээс дөрвөөс нь допин илэрсэн тухай мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар МҮБХ мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд цаг нь болохоор дөрвөн бөхийн нэрийг зарлах юм байна. 

Чухал шийдвэр: Ховд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт мялзан төст өвчнөөр Ховд аймгийн 11 сумын 65877 орчим бог мал өвчилж 11632 нь үхсэн учир Улсын онцгой комиссын баг орон нутагт ажиллаж тодорхой үүрэг чиглэлийг өгчээ. Үүний дагуу Ховд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, шуурхай ажлын хэсэг байгуулан, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжуудыг Засаг дарга гаргажээ. Өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 23-ныг хүртэл мөрдөж ажиллах юм байна. Энэ хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглосон байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, айл өрхийн мах, сүүний хэрэгцээг тасалдуулахгүй байх үүднээс өвчин гараагүй эрүүл бүсээс, энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Тус өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт гуравдугаар сард анх илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор мялзан төст өвчин болохыг нь тогтоожээ. 

Чухал мэдээ: Английн уулчныг хөнөөсөн этгээд Архангай аймгийн харьяат байжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Англи улсын иргэн  Стивен Нэйш гэх уулчин Монгол улсын нутаг дэвсгэрт амиа алдсан хэрэг гарсан. Тухайн хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг шалгаж бана. Ажлын хэсэг шуурай ажиллаж,  алба хаагчид өчигдөр орой Стив Нэшийн амь насыг хөнөөсөн этгээдийг баривчилж, эд зүйлс нуусан газрыг нь илрүүлсэн байна. Сэжигтэн этгээд Архангай аймгийн харъяат нэгэн юм байна. Талийгаач  биедээ 400 орчим ам.доллартай тэнцэх монгол төгрөг бэлнээр авч явжээ. Сэжигтэн этгээд болон тухайн хэргийн шалгалтын үйл явцын талаар ЦЕГ мэдэлэл хийх гэж байна. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Чухал баривчилгаа: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбатыг саатуулжээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат нарыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс саатуулжээ. “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авч өнгөрсөн жилээс эхлэн шалгаж эхэлсэн билээ. 
Мөн үүнээс гадна  Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо Н.Мөнхбат нарыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн байдаг. Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн шалгуулж эхэлсэн. Одоогоор ямар зөрчил илэрсэн нь тодорхойгүй байгаа ч түүнийг баривчилсан гэсэн мэдээлэл байна. 

Элэгний В,С вирусийг үнэгүй оношилж, эмчилгээ хийнэ

Элэгний эмгэг судлалын холбоо Хаппи веритас оношлогооны төв хамтран В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаараа мэдээллээ. Элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа энэ үед эрт илрүүлгэ чухал байгаа учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү сарын аян зарлаж байгаа аж.
Есдүгээр сарын 15-наас сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд хамрагдаж болох юм байна. “Элэгний хорт хавдрын өвчлөл насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насанд, хожуу үед оношлогдож байна. Оношлогоонд орсон иргэдийн 81.3 хувь нь 3, 4-р шатандаа оношлогдож байгаа нь сэтгэл түгшээж байна. Хяналтад орсон өвчтөнүүдийн дөнгөж 16 хувь нь оношлогдсоноос хойш тав болон түүнээс дээш жил амьдарч байна. Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул аймаг улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа аж. 
Хилийн боомтууд ирэх сарын 1-3-ны өдрүүдэд амарна

Монгол Улсын ГХЯ-аас ойрын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтын түр амрах хуваарийн зарлан мэдээллээ. Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд есдүгээр сарын 15-ны өдөр, 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Мөн дээрх өдрүүдэд Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
 
Д.Сумъяа "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зочин хойморт Д.Сумъяа уригджээ
Энэ оны онцлох хүн байж чадсан Рио-2016 зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зочин хойморт уригджээ. “Hero entertainment” студи-ээс бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дүрс алдагдаж, олон нийтийн сүлжээнд нэлээн шуугиан тарьсан. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан бөгөөд хэсэг хугацаанд завсарлаад байсан тус нэвтрүүлэг тун удахгүй гарч эхлэхээр болжээ. олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяагийн бөхийн амжилт болоод нууцлаг амьдралын талаар хүүрнэх нэвтрүүлэг тун удахгүй гарах юм байна. Мөн тус нэвтрүүлэгийн хөтлөгчөөр топ модель Э.Одгэрэл ажиллахаар болжээ. 

16 Жил илрээгүй хэргийн 14 дэх сэжигтэн Эрдэнийн Бат-Үүлийн талаар

Өнгөрсөн оны 11 сард Төр,нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдаагийнхан баривчилж, өнгөрсөн баасан гаригт  түүнийг суллалаа.  Анх түүнийг баривчлагдаж байхад шүүхээс 14 хоногийн хугацаатай цагдан хорих тухай яригдаж байсан ч ийнхүү 10 сар хорьсоны эцэст гадуур байцаах шийдвэр гарган сулласан байна. Д.Булганыг 1999 оны гуравдугаар сарын 09-нд С.Зориг агсны хэрэгт хамраалтай байж болзошгүй хэмээн баривчилан шалгаж байгаад сулласан байдаг бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү хоригдоод гарлаа . Д.Булган өнгөрсөн баасан гаригийн орой суллагдсан бөгөөд өдөр болгон ТЕГ-т мэдүүлэг өгч, хотоос гарах эрхгүй байгаа бөгөөд нууцын зэрэгтэй хэрэгт шалгагдсан байгаа учраас нэг ч хэвлэлд ярилцлага өгөхийг хатуу анхааруулсан аж. Талийгаач учир битүүлэгээр амиа алдаад 16 жилтэй золгож байхад тухайн хэрэгт олон хүнийг сэжиглэн шалгаж байсан бөгөөд нийтдээ 16 жилийн хугацаанд  13 хүнийг хорьж шалгасан байдаг. Хамгийн сүүлийнх нь буюу 13 дахь Д.Булган болж таарч байгаа юм. 

 

Д.Булган суллагдсан энэ өдрүүдтэй хамт өөр нэгэн дуулиан гарч ирсэн нь Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг яллагдчаар татсан хэрэг байлаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэгт холбогдон шалгагдсан Э.Бат-Үүл, Д.Булган нараас гадна  чимээгүй сэжиглэгдээд өнгөрсөн нэг хүн байдаг нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг.

Ингэж хэлсэн минь учиртай.  Өнгөрсөн оны 11 сард Д.Булганыг хоригдсоноос сарын дараа буюу  (2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр) Ш.Отгонбилэг агсаны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг мэдэгдэл гаргасан билээ. Тодруулбал, О.Содбилэг хэлэхдээ “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ. Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгийн хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна” гэсэн мэдэгдэл хийсэн ч тухайн тэгсхийгээд намжсан. Үүнээс хойш шалгагдаж байгаа нэрийн дор байсан С.Зориг агсны хэрэг  16  жилийн өмнөх малгайны хэрэг дахин сөхөгдөж, энэхүү учир битүүлэг хэрэгт сэжиглэгдэн хоригдох 14 дахь хүн нь Э.Бат-Үүл байх уу. 

Түүнийг өмнө мөн л энэхүү хэрэгт сэжиглэн шалгаж байсан бөгөөд сонгуулийн жил буюу  2000 оны намар тухайн хэрэгт сэжиглэн Э.Бат-үүлийг Ганц хутагт хорьж байсан. Цаг хугацааг хөөгөөд үзвэл баривчлагдаж байсан үе нь сонгуулийн жил байв.

 Харин одоо түүний яллагдчаар татагдсан цаг хугацааг авч үзвэл мөн УИХ-ын сонгуулийн дараахан, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж таарч байгаа юм. Тиймдээ ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй хэмээх ээлжит нэгэн ажиллагаа ч гэж харах нэгэн байна. Учир нь Э.Бат-Үүл хувьд АН-ын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд хүчтэй өрсөлдөгчдийн нэг билээ. Харин нөгөө талаас харахад нэг хэрэгт Д.Булган, Э.Бат-Үүл нарыг хоёр дахь удаагаа шалгаж байгаа нь хэрэгт ахиц дэвшил гарсан уу, эсвэл улс төрийн үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. 16 жилийн дараа анх удаа Э.Бат-үүлээс хурууны хээ болон, үс, цусны шинжилгээ авсан яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, Өнгөрсөн сарын эхээр түүнийг Тагнуулын ерөнхий газраас дуудаж, сэжигтнээр татаж буйгаа хэлж, тогтоол гардуулсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт түүнээс хурууны хээ, үс болон цусны шинжилгээ авчээ. Үүнийгээ тэд харьцуулсан шинжилгээ хэмээн тайлбарласан байна. 16 жил чимээгүй байсан хэрэгт гэнэт яагаад шинжилгээ авах болов, хуулийн байгууллагынхан үнэхээр хэргийн үзүүрээс атгав уу. 

Энэ талаар ярихдаа Э.Бат-Үүл ярихдаа  "Өнөөдөр намайг олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа.  Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан.  Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан. Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би порокурорт  шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.
Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа  тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна.С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг  шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг. Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү.  С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн юм.  Олон жилийн турш хав дарсан, “эзэнгүй" хэрэг учраас нэг хүнийг хоёр дахиа яллагдагчаар татсан нь яалт ч үгүй олны анхаарлыг татаж байгаа ч мэдээж шүүхээс гэм буруутайд тооцоогүй байгаа учраас хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэдэг. Тэгэхээр хэрэг хаашаа эргэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 

 

 

 

Таны  маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baya
Bi Zorigiin hergiig ilreesei gej odor bolgon zalbirdag gej ee!?! Uunii orond bitgii ilreesei gej odor bolgon zalbirdag gevel unen sonsogdoj baina!?!? Tegej zalbirdag humuus olon bii!?! Bagabandi,Bay
2016/09/14 174.201.4.108