Уншигч танд сонирхолтой санагдаж байна уу... Нэг, хоёрдугаар ангийн бяцхан жаалууд жүжгийн бэлтгэл хийж, түүнийгээ тоглож үзүүлж байна гэдэг одоо үед төдийлөн болоод байдаггүй үзэгдэл. Тэгвэл Төв аймгийн “Шижир алт” сургуулийн сурагчид бүгдээрээ “жүжигчин” болжээ.
“Боловсролын салбарын шинэчлэл” төслийн хүрээнд тус сургууль “Театр ба ном” төсөл сургуульдаа хэрэгжүүлсэн нь энэ.
Төслийнхөө талаар сургуулийн сургалтын менежер, төслийн удирдагч багш Д.Мөнхцэцэг,
-3000 долларын санхүүжилт манай сургуульд ирсэн. Тухайн үеийн ханшаар таван сая 940 мянган төгрөг болсон. Төсөл хэрэгжсэнээр А3 хэмжээгээр хэвлэдэг хэвлэгч, фото хэвлэх зориулалттай өнгөт хэвлэгч авсан. Мөн дөрвөн цаг тасралтгүй бичих камерь хөлтэй нь авсан. Энэ бүхэн цаашид сурагчдад маань их хэрэг болно. Манай сургууль 1-9 дүгээр ангийн 17 бүлэгтэй. Сурагчдынхаа жүжигчилсэн тоглолтыг камериар бичиж хадгалах зэргээр төслийн үр шимээ хүртэж байна. Аймгийн хэмжээний “Сайн хичээл” үзэсгэлэнд сурагчдынхаа жүжгийг танилцуулж, аймгийн хэмжээний бүх сумдын сургуульд хэрэгжүүлэхээр болсон. Аймгийн хэмжээнд төсөл маань тэргүүн туршлага болсон хэмээн ярилаа.
“Театр ба ном” төсөл хэрэгжсэнээр сурагчдын эх хэлний чадварыг сайжруулахад дэвшил гарчээ. Төсөл 2016 оны нэгдүгээр сараас зургадаар сарын 15 хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд 474 сурагч, 633 эцэг эх, орон нутаг байгууллагаас 65 иргэн, 27 багш төслийн үр шимийг хүртсэн судалгаа гарчээ.
Тухайлбал сурагчдын тоглосон жүжгийг эцэг эхчүүд нь үзэж хүүхдүүдээрээ бахархаж, сурах мэдэх үйлсэд нь улам их цаг гаргаж, хүүхдүүдээ дэмждэг болжээ.
Нэгдүгээр ангийн сурагчид монгол ардын үлгэр “Царцаа намжил”, харин хоёрдугаар ангийнхан “Цэцэн хурга”, гурвынхан “Нугасны муухай дэгдээхэй”, дөрөвдүгээр ангийнхан “Тансан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэл, есдүгээр ангийнхан нь “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир” гэх зэргээр зохиолуудаа сонгож, уг зохиолынхоо дүрийн судалж, үгийг цээжилж, хувцас хэрэглэлээ эцэг эхийн тусламжтай бэлдэн сумынхандаа тоглож үзүүлсэн нь амжилт юм.
Ингэснээр зохиолоо судлах, уран тод унших үгийн баялагаа нэмэгдүүлэх, дүрийн зан төрхийг ойлгох, бага ангийнхан минутад унших үгийн тоо нэмэгдэх зэргээр маш их үр дүнд хүрсэн гэж төслийн удирдагч багш ярилаа.
Сурагчдын тэгш оролцоог хангах үүднээс нэг анги 13 дүртэй зохиолыг гурван удаа тогложээ. Тухайлбал “Царцаа намжил”-ыг анги дотроо гурван удаа тоглоход нэгдүгээр анийн гурван бүлгийн нийт есөн хүүхэд Царцаа намжил болжээ.
Төслийн хүрээнд үлдсэн бас нэг үнэтэй зүйл нь “Билиг эрдмийн уурхай-Бидний сургууль Шижир алт” хэмээх сэтгүүл. Сургуулийнхаа түүх, шилдэг сурагчид, санаачилга гэх мэт олон мэдээллийг гаргадаг сар тутмын сэтгүүлтэй болсон нь сурагчдад бичих, бүтээн туурвих урам зоригийг өгч, одоо сэтгүүлээ гаргахаар бүгд шамддаг болсныг сургалтын менежер, төслийн удирдагч Д.Мөнхцэцэг хэллээ.
Ийнхүү Дэлхийн банкны санхүүжүүлэн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл үр шимээ хүүхдүүдэд хүртээж, монголын балчир үрсийн оюун ухааныг тэтгэн тэлсээр байна.Бид дараагийн дугаарт төсөл хэрэгжүүлэгчидтэй хийсэн ярилцлагаа уншигчдадаа хүргэнэ.
Ц.Эрдэнэцэцэг