Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан нэгэн иргэн хүргэгдэж ирээд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал уг хэрэг энэ сарын 12-ны өдөр болсон байна. Нас барсан иргэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ гар хөл хамаг бие нь хөшсөн, ухаангүй байдалтай ирсэн аж. Түүнтэй хамт мансуурч байсан хоёр иргэн эмнэлгийн үүдэнд хүргээд буцжээ. Улмаар өвчтөнийг нас бармагц холбогдох хуулийн дагуу эмнэлгийн ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нас барсан иргэнийг хэн болохыг тогтоож, цогцосыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Шинжилгээгээр талийгаач нь хар тамхи мансууруулах төрлийн каннабисын хэрэглэж байгаад нас барсан нь тогтоогджээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба талийгаачийг нас барах үед хамтдаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан гэх хоёр иргэнийг саатуулан шалгаж байна.
Хар тамхи татсан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ
2016-09-19 08:41:50