8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурвалжлага: "Ургацын далай-2016"

2016-09-20 09:42:00

Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэн худалдаа нийтдээ таван өдөр үргэлжилж өнөөдөр хаалтаа хийх гэж байна. 
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриатайгаар зохион байгуулж байгаа  “Намрын ногоон өдрүүд”-д  үндэсний 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна. Тодруубал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 10 дэхь жилдээ оролцож байгаа бол орон нутгаас ирсэн үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн үзэсгэлэн худалдаа болж байна. Ингээд бид бүхэн намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанаас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе. Намрын ногоон өдрүүд үзэсгtлэн худалдааг та зорьж очвол, төмс кг 450-500 төгрөг, лууван кг 1000, манжин кг  1000, сармис кг 25000, шинэ ургацын сонгиныг кг-ийг 1000 төгрөгөөр худалдаж авах юм байна. Харин Ховдын тарвасыг кг 1000 төгрөгөөр худалдаж авах бол, Увсын чацарганыг 1 литрийг  5000 төгрөгөөр худалдаж авна. 

Булганы нэрийн хуудас нь “Улаан лооль”


Улаан лооль нь таны биед маш их тустай бөгөөд улаан лоолийн шүүс ч мөн адил. Энэ ногоо нь өөртөө олон төрлийн витамин болон бусад шимт бодисыг агуулдаг. Улаан лоолинд глюкоз, фруктоз, нимбэгний хүчилээр баялаг. Мөн их хэмжээний каротин, витамин А, Е, РР, Н, В С, кальци, магни, фосфор, хлор, йод марганци, төмрийг агуулдаг. Уургаар баялаг учир цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс дэглэм барьж буй хүмүүст ашигтай. Тэгвэл та хаанаас улаан лооль авч хэрэглэх вэ?. Тэгвэл таньд хэрэгтэй мэдээлэл хүргэхэд Өмнөговь аймгийн Булган сумын улаан лооль хамгийн алдартай юм байна. Булганд тариалсан улаан лооль нараар улайдаг учраас амт чанар сайтай аж. Тус нутгийн ард түмэн брэнд болсон улаан лоолийг бүх айл тариалдаг бөгөөд, шинээр айл болж байгаа залуухан хосуудад хүртэл нутгийн удирдлагын зүгээс багахан хэмжээний газар өгөөд тариулдаг байна.  Өдөрт 200 гр улаан лооль хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулдаг аж.Гэхдээ таньд зөвлөхөд зарим үед улаан лоолиос татгалзах хэрэгтэй. Тодруулбал, Хоол боловсруулах системийн цочмог өвчинтэй үед хэрэглэж болохгүй аж. Учир нь лоолийг идэхэд хоол идэх дуршил нэмэгдэж болзошгүй бөгөөд хоол боловсруулах эрхтний хөдөлгөөнийг нэмэгдүүлж биеийг хоол идэхэд бэлэн болгодог. Үүний улмаас өвдөлт нэмэгдэж болзошгүйг зөвлөж байна. 

Увс нутгийн брэнд бүтээгдэхүүн “чацаргана”


"Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны гол борлуулалт сайтай байсан бүтээгдэхүүн нь Увс нутгийн брэнд бүтээгдэхүүн “чацаргана” . Дэлхийн зэрлэг чацарганы 60 орчим хувь нь Монголд байдаг. Монгол улсад 29150 га талбайд зэрлэг чацаргана ургадаг гэсэн судалгаа ч бий. Түүнээс 12378 га нь Увс аймгийн нутагт ургадаг . Зэрлэг чацарганы дэлхийн тосны төв нь их нууруудын хотгорт буюу Бөхмөрөний голоос Тэсийн голын хөндий хүртэлх газарт байдаг гэдгийг дэлхийн чацаргана судлаач эрдэмтэд нэгэнт тогтоосон байдаг аж. Увсын чацарганы цэвэр шүүсийг амсаж үзэхэд хэл ам дарвигнуулсан амт өөрийн эрхгүй таньд амтагдана. Үүнийг харсан худалдагч ах жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн гэж энийг хэлдэг байхгүй юу, Увс нутагт ургасан бол хамгийн сайн чацаргана хэмээн хэллээ. Өвөлдөө 50 градус хүйтэн, зундаа 30-40 градусын эрс тэс уур амьсгал, мөнхийн цэвдэг бүхий уулсын усаар тэтгэгдсэн шаварлаг, иодоор баялаг хөрс болон давслаг нууруудын сав газрын онцлог нөлөөгөөр Увсын чацарганын тос болон амин дэм, тэр дундаа С витамины найрлага бусад газар тариалсан чацарганыхаас илүү байдаг аж. Өнөөдөр үзэсгэлэн худаллдаанд та амжиж очвол, Увс нутгийн брэнд бүтээгдэхүүн “чацаргана”-ыг худалдаж авах боломжтой. Дашрамд сонирхуулахад, Увс аймгийн хэмжээнд 500 га талбайд 180 гаруй мянган тонн чацаргана тариалдаг бөгөөд чацарганы өлгий нутгийг нь Увс гэж үздэг. 

Цагаан сармисаараа Хэнтий аймгийн Мөрөн сум алдартай


Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын өндөр настан 76 настай Д.Доржгомбо нутгийн брэнд бүтээгдэхүүн цагаан сармисаараа оролцож байна. Д.Доржгомбо эмээ 35 жил ногоо тариалж байгаа бөгөөд кг цагаан сармисаа 20 мянган төгрөгөөр зарсан аж.  Өнгөрсөн жил 50 кг цагаан сармисыг тав хоногийн дотор зарсан бол  энэ жилийн тухайд  30 кг цагаан сармис зарахаар хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэн худалдаа нийтдээ таван өдөр үргэлжилж байгаа бөгөөд эхний дөрвөн өдөрт нь 28 кг-ийг аж. Д.Доржгомбо эмээ 20 гаруй төрлийн ногоо тариалдаг ч үзэсгэлэн худалдаандаа ганцхан цагаан сармисаараа оролцсон байна. 

 Хамгийн сайн “төмс” Жаргалантынх


Төв аймгийн Жар¬га¬лант сумынх гэдгээр брэнд бол¬сон шар төмс кг 500 төгрөгөөр зарагдаж байна. Шуудайгаар нь 18000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд шуудайндаа 43 кг ордог гэнэ. Монголын хамгийн чанартай төмс тус нутгийн газарт тарьсан төмс байдаг тухай худалдагч нь тайлбарлаж хэлэв. Төв аймгийн Бор нуур, Жаргалант сумын ногооны сангийн аж ахуй Улсын хэмжээнд төмсөөр хангаж байсан гэнэ. Жаргалантын төмс хамгийн амттай байдагын учир нь шинэчлэгдсэн үрээр тариалж байгаа аж. Тодруулбал, Хамгийн гол нь төмс хэр амттай байх нь сортноос ихээхэн шалтгаалдаг аж. Төмсний сортуудыг болц гүйцэх хугацаагаар нь нэн эртний, эртний, дунд, дунд оройн, орой гэж ангилдаг юм байна. Тэгвэл Герман, Голланд, Витара сортоор тарьсан төмс хамгийн амттай байдаг аж.

Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа хүнсний ногоогоос хамгийн хямдхан нь төмс байгаа бол хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь Хэнтий аймгийн Мөрөн сумын цагаан сармис худалдаалагдаж байна. Ийнхүү намрын ногоон өдрүүдэд газар газар брэнд бүтээгдэхүүнүүдээ зарж байгаа бол олны анхаарлыг хамгийн их татсан зүйл нь монгол, эмээл, хазаар, бугуйл байлаа. Ширээр хийсэн бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн үнэтэй уран дарханы монгол эмээл 5 сая төгрөгний үнэтэй байгаа бол хамгийн хямдхан нь 4000 төгрөгний жирэм зарагдаж байна. Өчигдөр хурааж авсан хүнсний ногоогоо шинээр  хэрэглэгч бидэнд түргэн шуурхай хүргэж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусах учраас та амжиж очоорой. Өнөөдөр Мишээл экспо дахь үзэсгэлэн худалдаа дуусаж байгаа ч цаашид дүүрэг бүрт үзэсгэлэн худалдаа үргэлжлэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment