16o
Улаанбаатар хот
mobile menu

“3000 долларын төсөл хэрэгжсэн нь бидэнд үнэхээр бөөн олз болсон”

2016-09-22 09:44:20

Энэ үгийг Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн сургалтын менежер Г.Дулмаа хэллээ. Дэлхийн банкны санхүүжилттэй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл эдүгээ улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа. Гэхдээ бүх сургуульд биш. Төслийн зорилгын хүрээнд сургуулиуд төсөл бичиж, шалгарсан төсөлд санхүүжилт олгож буй юм. Энэхүү төслийн нэгдүгээр шат хэрэгжиж дуусаад одоо хоёр дахь шатандаа орсон. Эхний шатанд төсөл хэрэгжүүлсэн сургуулиудаас бид сурвалжлага бэлтгэн цувралаар уншигчдадаа хүргэж байгаа. Энэ удаа Багануур дүүргийн 125 дугаар сургуулиас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

125 дугаар сургуулийн багш нар Бага ангийн сурагчдын эх хэлний чадварыг сайжруулах нь” сэдвээр төсөл бичиж, энэхүү төсөл нь шалгаран 3000 долларын санхүүжилт авчээ. Монгол төгрөгөөр зургаан сая төгрөг гэсэн үг.

Тус сургуулийн сургалтын менежер Г.Дулмаатай ярилцаж байхад  “Төсөл бичих явцдаа бага ангийн буюу 1-5 дугаар ангийн 373 сурагчаас монгол хэлний чадварын судалгааг дөрвөн чиглэлээр авсан. Энэ судалгаагаар нийт сурагчдын 41,8 хувь нь дунд зэрэг буюу анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээтэй гарсан тул сурагчдын эх хэлний чадварыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзээд тухайн сэдвийг сонгосон” хэмээлээ.

Энэ төслийг хэрэгжүүлэхдээ сурагчдад хүртээмжтэй байх талыг багш нар анхаарч, үүнийг орхигдуулаагүй.  Төслийн зорилго бага ангийн сурагчдын унших, бичих, сэтгэх, ярих  чадварыг хөгжүүлэх зорилго агуулжээ.

Эхни шатанд зөв сайхан бичих чадварыг хөгжүлсэн бөгөөд үр дүнд нь бүх сурагчдын дэвтрийн ажиллагаа жигдэрч, цэвэрхэн бичдэг болжээ.

Дараа нь сурагчдынхаа унших, ярих чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан бөгөөд энэ ажлын үр дүнд хүүхдүүд уншсан зүйлээ ойлгох, ярих, илтгэх чадварт суралцсан байна. Аажимдаа жүжигчилсэн тоглолт хийдэг болж, 2016 оны тавдугаар сард сурагчид өөрсдийн бэлдсэн жүжгээ ээж аавууддаа, багш нартаа тогложээ. Нэгдүгээр ангийнхан “Өнхрүүш, хоёрдугаар ангийнхан “Норовын намтар”, тавдугаар  ангийнхан “Эрэл” жүжиг гэхчлэн нас насны онцлогт тохируулж жүжгээ сонгоод, түүндээ маш сайн бэлтгэж, тогложээ.

Тэргүүний тоглолт хийсэн ангиудаа шалгаруулахаар  нээлттэй өдөрлөг хийхэд  Мэндсайхан багштай тавдугаар ангийнхан тэргүүн байр эзэлсэн байна.

Төсөл хэрэгжсэнээр хүүхдүүдэд үлдсэн зүйл маш их.  Гарааныхтай харьцуулахад сурагчдын бичих чадвар 21 хувь, унших, ярих чадвар 50 хувиар нэмэгдсэн судалгаа гарчээ.

Төслөөс үлдсэн, мөнгөөр хэмжиж болохгүй бас нэг зүйл нь “Хэмнэл” студи.  Дуу бичлэгийн энэхүү студидээ одоо ч хүүхдүүд дуугаа бичиж, жүжгээ тоглох бэлтгэлээ хийж байгаа гээд бүх л чиглэлээр ашиглаж байна.

Сурагчдын эх хэлний чадварыг сайжруулахад зориулсан дуу бичлэгийн студи, “Үгийн утгын тайлбар толь”, жүжигт ашигласан хувцас хэрэглэл гэхчлэн төсөл хэрэгжсэний дараа хүүхдүүдэд үлдсэн зүйл их.

“Энэ бүхэн хүүхдийг цаашид хөгжүүлэхэд маш их хэрэгтэй. Сургуулийн төсвөөс илүү гаргаад энэ хэмжээний хөрөнгө оруулалт бид хэзээ ч хийхгүй, хийж чадахгүй. Томоохон, цогцоор юм хийх ийм хөрөнгө оруулалт орж ирсэн нь бидэнд бөөн олз болсон.3000 доллар буюу зургаан сая төгрөг эхэндээ чамлалттай юм шиг байсан ч одоо эргээд харахад бидэнд үнэхээр их, бөөн олз байжээ. Энэ хугацаанд ийм болох ёстой гээд хугацаа заагаад төслөө хэрэгжүүлсэн  болохоор үр дүн сайн гарсан. Хүүхдүүд урам зоригтой, өөртөө илтгэлтэй болсон. Одоо төслөөс үлдсэн эд зүйлээ  цоожлоод орхичихгүй, ашиглаад явна” хэмээн сурагчид, багш нар сэтгэгдлээ ярилаа.

125 дугаар сургуулийнхан “Бага ангийн сурагчдын эх хэлний чадварыг сайжруулах нь” төслийнхөө хэрэгжилтийг тайлагнахад төсөл санаачлагч, санхүүжүүлэгчид өндрөөр үнэлсэн байна.

Ц.Эрдэнэцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment