8o
Улаанбаатар хот
mobile menu

Он дуустал амьд мал тээвэрлэхийг хоригложээ

2016-09-22 13:51:35

Монгол Улсын хэмжээнд бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Мал эмнэлэг үржлийн газраас улсын хэмжээнд амьд мал тээвэрлэлтийг хориглосон байна.

Сүхбаатар аймгийн хувьд хонины цэцэг өвчний голомтот бүс нутаг бөгөөд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй мал угаалгын ажил 30 орчим, вакцинжуулалт 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байгаа нь малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар зайлшгүй анхаарч ажиллах шаардлага бий болгож байна. Тиймээс аймгийн Засаг даргын 2016 оны А/353 тоот захирамж гарч, өөрийн болон өөр аймаг, сумын хооронд амьд малын тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөн хийхийг 2016 оныг дуустал хориглосон байна.

Харин мах бэлтгэж нийлүүлэх, тээвэрлэхийг хориглоогүй байна. Энэ хугацаанд амьд малд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гоц халдварт өвчний гэрчилгээ олгохгүй байх арга хэмжээг зохион байгуулж ажиллах аж. Түүнчлэн малчид, мал бүхий иргэдэд хонины цэцэг өвчний голомт бүхий сум, газар нутгаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн төв суурин газар болон нийтийн хэрэгцээнд нийлүүлэхгүй байх талаар урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг тогтмол хүргэн ажиллахыг сум, багийн Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасаг, малын эмч нарт даалгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment