8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баян-Өлгийд хүчтэй газар хөдөлж, Ипотекийн зээлийн журам шинэчлэгдсэн өдөр

2016-09-22 18:38:00

Аз жаргалын тухай ойлголт хүн бүхэнд өөр байдаг.Өсвөр насныхан ихэнхдээ аз жаргал гэдгийг тансаг машин унаж, сайхан байранд амьдрах гэж хэлдэг. Үгүй юм. Жаргал ердөө л дэргэд чинь байдаг. Олон хүн жаргалаа алдсаны дараа жаргалтай байснаа мэддэг гэдэг. Та аз жаргалыг аз жаргалыг холоос бүү хайгаарай. Таны дэргэд байгаа гэр бүл, хань, үр хүүхэд, аав ээж, эх орон, өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарна гэдэг хамгийн том аз жаргал шүү. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, мөн бусдад анхаарал халамж тавих юм. Иймээс хүн бүр хувиа хичээсэн хүслээ хаяж нүдээ том нээж эргэн тойрноо сайн хараасай гэж хүсэж байна. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Энэ нь маш энгийн, уурласан найзынхаа зовлонг сонсоод зөвлөгөө өг, хүүхдийн тэргээ даахгүй шатаар буулгаж яваа эмэгтэйд туслаарай. Хэн нэгэнд зориулж байгаа үйлдэл бүхэн тань хэмжээлэшгүй аз жаргал өгч байгаа гэдгийг та мэдрэх болно. Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж, инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал юм болов уу.
Харин таны хувьд Аз жаргал гэж юу вэ, та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 
Чухал мэдээ: Ипотекийн зээлийн журам ингэж үргэлжилнэ
Барилга хот байгуулалтын яам, Монголбанкны зүгээс ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн ерөнхий журмыг шинэчлэн баталжээ. Зээлийн журам хэрхэн шинэчлэгдсэнийг хүргэж байна.
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА 20 ХҮРТЭЛ ЖИЛ
 -Зээлийн хүү /жилийн/ 8 /±1/, тухайн жилийн инфляциас хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно.
 -Урьдчилгаа төлбөр 30%-аас дээш/ Өөрийн өмчлөлийн орон сууцыг урьдчилгаа хэлбэрээр барьцаалж болно/
 -Өрхийн өр орлогын харьцаа татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй
ЗЭЭЛДЭГЧИД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
-Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
-Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.
-Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
-Өрхийн гишүүний аль нэг “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
-Тухайн байгууллагад 1,5 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
 -Зээл хүссэн өргөдөл
 -Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет
 -Гэр бүлийн насан хүрсэн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
 -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт
 -Байнга оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/
 -Худалдан авагч итгээдтэй хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ
 -Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан дэлгэрэнгүй лавлагаа
-Шаардлагатай үед барьцаа хөрөнгийн эрх бүхий байгууллагаас хийсэн үнэлгээ
-Зээл хүсэгч нь бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга
-Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг батлах баримт /Хадгаламж, харилцах дансны хуулга Г.М/
ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ БОЛ,
-Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Сүүлийн 2-3 жилийн хугацанд нийгмийн даатгал төлөгдсөн хэсэг, ажилд томилсон тушаал хэсэг, иргэний зураг, нэр, мэдээлэлтэй хэсгүүдийг хувилна/
-Ажлын газрын үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ
-Цалингийн дансны хуулга, ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, тодорхойлолт, хүснэгт. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 
Чухал шийдвэр: Он дуустал амьд мал тээвэрлэхийг хоригложээ
Монгол Улсын хэмжээнд бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Мал эмнэлэг үржлийн газраас улсын хэмжээнд амьд мал тээвэрлэлтийг хориглосон байна.
Сүхбаатар аймгийн хувьд хонины цэцэг өвчний голомтот бүс нутаг бөгөөд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй мал угаалгын ажил 30 орчим, вакцинжуулалт 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байгаа нь малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар зайлшгүй анхаарч ажиллах шаардлага бий болгож байна. Тиймээс аймгийн Засаг даргын 2016 оны А/353 тоот захирамж гарч, өөрийн болон өөр аймаг, сумын хооронд амьд малын тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөн хийхийг 2016 оныг дуустал хориглосон байна.
Харин мах бэлтгэж нийлүүлэх, тээвэрлэхийг хориглоогүй байна. Энэ хугацаанд амьд малд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гоц халдварт өвчний гэрчилгээ олгохгүй байх арга хэмжээг зохион байгуулж ажиллах аж. Түүнчлэн малчид, мал бүхий иргэдэд хонины цэцэг өвчний голомт бүхий сум, газар нутгаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн төв суурин газар болон нийтийн хэрэгцээнд нийлүүлэхгүй байх талаар урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг тогтмол хүргэн ажиллахыг сум, багийн Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасаг, малын эмч нарт даалгажээ.
Чухал дуулиан:Багамийн арлуудын оффшор дансанд Монголын улстөрчийн нэр багтсаныг зарлалаа
Сонгуулийн өмнөхөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын баримтуудыг ил болгож хэсэг дуулиан тарьсан. Панамын баримтууд дунд манай улсын нэр бүхий 49 хүний нэр гарч багагүй шүүмжлэл хүртсэн. Харин өнөөдөр Багамын арлуудад бүртгэлтэй компаниудын баримтыг олж авснаа мэдээллээ. Уг мэдээлэлд 176 мянган компани, олон улсын нэр хүндтэй хүмүүсийн нэр орсон байна. Олон нийтэд нээлттэй системд Монгол улсын нэрээр хайлт хийхэд илэрц одоогоор гарахгүй байгаа ч гэсэн  The Guardian сонинд олон улсад алдартай онцлох компани, улс төрчдийн нэр дунд манай улс төрийн нөлөө бүхий эрхэмийн нэр багтсан талаар мэдэгджээ.
Эцэг эхчүүдийн анхааралд
Өнгөрсөн тавдугаар сард орон даяар Улаанбурхан өвчний дархлаажуулалт явагдаж, 18-30 насныхныг үнэ төлбөргүйгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тухайн үед нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 74 мянга нь вакцин хийлгээгүй аж.
Түүнчлэн вакцинд хамрагдаагүй залуусын ихэнх нь оюутнууд байсан тул БСШУСЯ их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлэн, дархлаажуулалтад нөхөн хамруулах үүрэг өгчээ.
Тодруулбал, сургууль бүр вакцин хийлгээгүй оюутны тоог нэгдсэн журмаар гаргаж, оюутнуудыг ХӨСҮТ болон харьяа дүүрэг, өрхийн нэгдсэн эмнэлэгт вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах аж.
Мөн ирэх аравдугаар сарын 3-наас эхлэн зургаан сар хүрсэн хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийж эхлэхээр болжээ. Улаанбурхны вакцинжуулалтыг өмнө нь есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх үүднээс "0” тунгаар хийхээр болжээ.

Чухал сэрэмжлүүлэг:Зөрчилтэй 27 барилгыг буулгахаар боллоо

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй, хууль дүрэм зөрчиж барьсан барилгуудыг буулгахаар болсон байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эхний ээлжинд 27 барилгын жагсаалтыг гаргасан бөгөөд эдгээр 27 барилга нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг илтэд зөрчсөн, мэргэжлийн хяналтын байцаагч нарын удаа дараагийн актыг үл хайхарсан гэх асуудалтай. Тухайлбал, дэргэдэх орон сууцтай хаяа дэрлэсэн, эсвэл нар тусах боломжгүй болгон, цонх таглаж барьсан, зураг төслийн дагуу бариагүй зэрэг зөрчилтэй аж. Гэхдээ одоогоор барилгуудыг хэзээнээс нурааж, стандартад нийцүүлэн барих эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа аж. Үүний дараа барилгуудыг үе шаттайгаар буулгаж, дахин барих компанийг шалгаруулах замаар ажлыг явуулна гэж албаныхан хэллээ.
Дэлхий дахинд: Ирак дах АНУ-ын цэргийн баазын эсрэг IS химийн зэвсэг хэрэглэлээ
АНУ-ын цэрэг армийн удирдлагуудын мэдээлж буйгаар Ирак улсад байрлах АНУ-ын цэргийн бааз руу химийн хортой бодистой пуужин хөөргөсөн байж болзошгүй гэв. Азаар баазад байрлаж байсан АНУ-ын цэргүүд бэртэж, гэмтээгүй аж. Энэ нь Иракд химийн зэвсгээр дайралт хийсэн анхны тохиолдол бөгөөд цэргийн бааз даруй арга хэмжээ авчээ.
Энэ сарын есдүгээр сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар баруун зүгт Каяарад  байрлах агаарын хүчний баазад гэнэтийн дайралт болсон талаар Пентагон өөрийн мэдэгдэлдээ хэлжээ. Тус хөөргөсөн төхөөрөмж нь пуужин, хатуу зуурмаг бүхий хэлбэртэй байсан аж. Үүнээс харахад Пентагон “Исламын улс орон химийн зэвсэг хэрэглэж, үйлдвэрлэж байна. Энэ нь бидний төлөвлөсөн ажилд саад болохгүй, хамгаалалтаа улам сайжруулахыг сануулсан үйл явдал боллоо” гэлээ.
Курдишийн эсэргүүцэгчдийн эсрэг газ болон бусад зэвсэг ашиглан эсэргүүцэлээ илэрхийлсэн 20 гаруй баримт байдаг аж. IS-ийн бүлэглэл Сири, Ирак улсад химийн хорт зэвсэг ашиглан дайралт хийсэн хэд хэдэн тохиолдол бий.  Албаны хүмүүсийн хэлж буйгаар химийн зэвсэг нь хүний нүд, арьс, агаарт их хэмжээний хортой нөлөө үзүүлдэг гэв.
Тус дайралт болсон Мосул хотын хувьд IS-ийн удирдлага дор хоёр жилийн хугацаанд байгаа бөгөөд Иракийн хоёрдох том хот аж.  
Эх сурвалж: BBC
Сэрэмжлүүлэг: Мансууруулах бодисонд хордсон монгол залуу эмнэлэгт ирээд нас баржээ
Өнгөрөгч долоо хоногийн даваа гариг буюу есдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан нэгэн иргэн хүргэгдэж ирээд, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нас барсан иргэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ гар хөл хамаг бие нь хөшсөн, ухаангүй байдалтай ирсэн гэх ба түүнийг хамт мансуурч байсан хоёр иргэн эмнэлгийн үүдэнд хүргээд буцжээ. Улмаар өвчтөнийг нас бармагц холбогдох хуулийн дагуу эмнэлгийн ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нас барсан иргэнийг хэн болохыг тогтоож, цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Улмаар талийгаач нь хар тамхи мансууруулах төрлийн каннабисын хатаасан ургамал хэрэглэсний дараа нас барсаныг тогтоожээ. 

Таньд хэрэгтэй зөвөлгөө: Арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

Язралт нь бэлхүүс болон хэвлий хэсэг томрох, жин нэмэх, бялдаржуулах төвд удаан хугацаанд хичээллэх болсонтой холбогдуулан үүсдэг. Мөн жирэмсний эхэн үед арьсан дээр улаан зураас үүсгэн гарч төрсний дараа аажимдаа бүдгэрч, хүрэн өнгөтэй болж цайрдаг. Тэгвэл энэ удаагийн зөвөлгөөндөө арьсны язралтаас хэрхэн сэргийлэх, нэгэнт гарсан тохиолдолд яаж арилгах талаар зөвлөмж хүргэж байна.
•     Амьдралын хэв маягаа өөрчил
Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Энэ бидний мэддэгээр эрүүл, амин дэмээр баялаг хоол хүнс багтана. Эрүүл амин дэмээр баялаг хүнс хүүхдийн өсөлтийг дэмжиж, эхийг хэт таргалуулахгүй байх талтай. Мөн арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх хоол хүнс сонгох нь зүйтэй. Үүнд:
• Антиоксидантаар баялаг цэцэгт байцаа, бууцай, нэрс, хад, гүзээлзгэнэ, шинэ ногоо, жимсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
• Е витамин агуулсан самар, үр, авокода буюу ногоон өнгөтэй бүтээгдэхүүн арьсны эсийн үйл ажиллагааг дэмждэг..
• А витамин агуулсан лууван, амтат төмс, манго, улаан амтат чинжүүг хэрэглэ. Энэ нь арьсны нөхөн сэргэх чадварыг идэвхжүүлдэг.
• Омега 3 агуулсан хүнс, загасны тос, мах, өндөг хэрэглэх нь арьс, үс, хумсыг гэрэлтүүлж, хуурайшуулдаггүй.
•    Цангаж болохгүй
• Өдөрт дунджаар найман аяга ус уух шаардлагатай. Энэ нь хоёр литрээс багагүй ус юм.
• Ургамлын гаралтай цай уу. Коффейн агууламжгүй учир цангах мэдрэмжийг багасгаж, өдөр бүр ус уух залхмаар мэдрэмжийг үгүй хийдэг.
• Усны агууламж ихтэй жимс, ногоо идэх хэрэгтэй. Өргөст хэмх, тарвас, гүзээлзгэнэ идэхийг зөвлөж байна.
•    Жирэмсэний хугацаанд дасгал, сургуулилт хийх шаардлагатай
Кегелийн дасгал, хөнгөн йогийн дасгалыг хослуулан хийх шаардлагатай. Дасгал хийх үед цусны эргэлт сайжирч, жирэмсний үеийн сэтгэл гутралаас гаргах болно.
•     Хуурай биеийн угаах алчуур ашигла
• Хуурай биеийн алчуурыг ашиглаж, хуурай арьсаа зөөлөн массаж хийх маягаар угаагаарай. Ингэснээр биеийн үхсэн арьсны эсийг унагааж, шинэ эс өсөж, арьс өнгөлөг толигор болох болно. Биеэ чийгшүүлэгч тосоор байнга тослохоо мартаж болохгүй. Мөн хөх болон эмзэг хэсэгээ үрж, угааж болохгүй.
 5. Химийн хорт бодис агуулсан тос, гоо сайхны бүтээгдэхүүн бүү ашигла.
• Кокос агуулсан тос, биеийг зөөлөн үрж угаах, бүлээн ус арьсны уян хатан шинж чанарыг нэмэгдүүлдэг. Дээрхи зөвлөмжийг дагавал биеийн язралт болон хэт хуурайших, батгаших гэх мэт зүйлээс ангижрах болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment