Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр ажилладаг ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл салат нэмэгдэж, үүнийхээ хэрээр хүүхдийн эрх зөрчигдөж байгааг албаныхан онцолсон байна. Тодруулбал, Монгол Улсад нийт 859.106 өрх байгаагаас Улаанбаатар хотод 67 хувь, хөдөө орон нутагт 33 хувь нь ажиллаж, амьдарч байгаа аж. Үүнээс нэг өрхөд 3.5 хүн ногдож байгаа юм байна. Энэ онд 17600 хос гэрлэлтээ бүртгүүлснаас 3600 хос гэр бүлээ цуцлуулжээ. Эндээс харахад гэрлэлт өмнөх оныхоос 1.5 хувь, гэр бүл цуцлалт 3.3. хувиар өссөн байна.