Өнгөрсөн 7 хоногт болж өрнөсөн “Чухал” үйл явдлыг тоймлон хүргэе.
Чухал сэдэв: Багамийн арлуудын оффшор дансанд Монголын улстөрчийн нэр багтсаныг зарлалаа
Сонгуулийн өмнөхөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын баримтуудыг ил болгож хэсэг дуулиан тарьсан. Панамын баримтууд дунд манай улсын нэр бүхий 49 хүний нэр гарч багагүй шүүмжлэл хүртсэн. Харин өнөөдөр Багамын арлуудад бүртгэлтэй компаниудын баримтыг олж авснаа мэдээллээ. Уг мэдээлэлд 176 мянган компани, олон улсын нэр хүндтэй хүмүүсийн нэр орсон байна. Олон нийтэд нээлттэй системд Монгол улсын нэрээр хайлт хийхэд илэрц одоогоор гарахгүй байгаа ч гэсэн The Guardian сонинд олон улсад алдартай онцлох компани, улс төрчдийн нэр дунд манай улс төрийн нөлөө бүхий эрхэмийн нэр багтсан талаар мэдэгджээ.
Чухал шалгалт: "Фортуна" Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа юм байна.Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар ийнхүү сэжигтнээр тооцжээ.
Чухал хүн: Цэдэнбалын Зоригийг Монгол Улсын иргэнээр бүртгэжээ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж баярын хурал, хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ойн арга хэмжээнд түүний хүү Ц.Зориг оролцсон юм. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр төр, нийгмийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хүү Зоригийг Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэсэн тухай үнэмлэхийг гардуулан өгчээ. Ц.Зориг өнөөг хүртэл Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгүүлээгүй байжээ.
Чухал шийдвэр: Ургац хураалтыг түр хугацаагаар хойшлууллаа
Өнөөдрөөс эхлэн манай орны нийт нутгаар болон газар тариалангийн бүсэд бороо орж, уулархаг газраас нойтон цас орохыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа билээ. Тиймээс ургац хураалтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар урьдчилсан мэдээгээр ургац хураалт 30 орчим хувьтай яваа бөгөөд 501.0 мянган тонн үр тариа, 174,7 мянган тонн төмс, 117,5 мянган тонн хүнсний ногоо, 43,4 мянган тонн малын тэжээл хураан аваад буй аж.
Чухал баривчилгаа: Хар тамхи борлуулдаг, худалдан авдаг 8 хүнийг баривчилжээ
Хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан нийт найман хүнийг хамт баривчилжээ. Тодруулбал Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн шөнө эдгээр хүмүүсийг илрүүлсэн байна. Тухайн найман хүн дотор улс төрийн нэр нөлөө бүхий нэгэн байсан гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа аж. Сүүлийн хэдхэн жилийн дотор хар тамхи болон мансууруулах бодист донтогчдын тоо ихсч, цаашлаад гэмт хэргийн золиос, эзэн холбогдогч болох нь буурахгүй байгааг Цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас онцлон анхааруулжээ.
Чухал томилгоо: Таван яамны ТНБД-ыг томилжээ
Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Үүнд
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг томилсон байна.
Чухал мэдээ: Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр нөхөж олгоно
Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд суусан бөгөөд энэ сарын сүүлээс олгож эхлэх юм байна. Улмаар 7, 8 дугаар сарын мөнгийг энэ сарын мөнгөтэй хамт нөхөж олгох аж. Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг аваад байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа. Улмаар төсөвт тодотгол хийж ялгавартайгаар хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Энэ дагуу амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос эдийн засаг сайжирхаар бөөнд нь олгох юм байна.
Нярай хүүхдүүдэд Улаанбурханы вакцин хийнэ
Хүйтэн сэрүүний улирал эхэлж ханиад томуутай зэрэгцэн улаанбурхан дэгдэх магадлал өндөр байгааг албаныхан онцолжээ. Тиймээс энэ жил Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлэн, өнгөрсөн зун улаанбурханы дархлаажуулалтаас хоцорсон оюутнуудыг нөхөж хамруулахаар болсон. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс нийслэл, баруун дөрвөн аймгийн нярай болон зургаан сартай хүүхдүүдэд “0” тунгаар улаанбурханы вакцин хийлгэхээр болсон байна.
Чухал сэрэмжлүүлэг: Тээвэр зохицуулалтын газраас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Цаг уур орчин шинжилгээний газраас есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг малчид, тариаланчид, хадланчид, иргэдэд онцгойлон анхааруулсан. Тэгвэл эдгээр өдрүүдэд зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүй тул орон нутгийн замд зорчигчид анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас сэрэмжүүлж байна.
Ахмадуудад “Насны хишиг” олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.Тус төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69,2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургуульд болон халаалт авах 13 эмнэлэгт халаалт өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 542,1 тогнн давс, 639,3 тонн зориулалтын бодис нөөцөлжээ.