Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан талаарх мэдээлэлийг бид хүргэсэн билээ. Талийгаач хүүг амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж. Тодруулбал, талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн гэсэн мэдээлэл ид болоод байгаа билээ. Бид энэ хэргийн талаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Н.Мөнхтөрөөс тодруулахад “Манай суманд 10 гаруй хоногийн өмнө 7 настай хүү амь насаа алдсан талаар надад мэдэгдсэн. Одоогийн байдлаар тухайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг өглөө. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлэлсэнээр хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа аж. Саатуулагдаад байгаа хоёр хүний нэг нь тэнсэн харгалзах ялтай нэгэн юм байна. Тун удахгүй энэ хэргийн талаар ЦЕГ мэдээлэл хийнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй хүргэх болно.
7 настай хүүгийн үхэлд хоёр хүнийг сэжигтэнээр татаж, саатуулсан байна
2016-09-27 13:48:00