8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 7 настай хүүгийн үхэлд 2 хүнийг сэжигтэнээр татаж, Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан өдөр

2016-09-27 18:50:00

Зүүний үзүүрт будаа тогтоохтой адил зүйрлэгдэх энэ амьдралыг олсон би хамгийн үнэ цэнэтэй нь.  Магадгүй  уншигч та ч үүнтэй санал хийлэх болов уу. Учир нь та эсвэл намайг мэндлэхтэй  цуг үнэ цэнэ дагаж төрдөг. Энэ хорвоод нэгэн бяцхан эрхэм дуугаа хадааж мэндлэх тэр мөчид эцэг, эх гэдэг нэг насны алдрыг хүртдэг. Үүнийг эцэг, эх тань бэлэглэсэн. Тэр бэлгэнд та хүрч амьдарч чадаж, үнэ цэнэтэй амьдарч байгааг өнөөдрийн дүр зураг харуулна. Тиймээс та өөрөө төрсөн чинь л үнэ цэнэ. Яагаад ийм бичих болсон нь өнөөдөр цахим ертөнцөд нэгэн аймшигт хэрэг шуугиан тарьлаа. Тодруулбал, 7 настай хүүг аавынхан нууц амраг бусдад  200 мянган төгрөг өгч захиалгаар амь насыг нь хөнөөлгөсөн хэрэг юм. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж. Зүүний үзүүрт будаа тогтоохтой адил зүйрлэдэг энэ амьдралын үнэ цэнэ хаачив гэж өөрийн эрхгүй асуумаар санагдав.“Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү бараан мэдээллээр хүргэж байгаадаа хүлцэл өчье. Та бид ганцхан амьдрах энэ хорвоод  хүн хүнээрээ дутахгүй гэсэндээ хүргэлээ. 

Чухал сэрэмжлүүлэг:  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

 Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар агаарт 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэрч нойтон цас орж хонох тул хальтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

Чухал мэдээ:  Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг ирэх сараас хийж эхэлнэ

Хүйтний улирал эхлэхэд ханиад томуунаас гадна Улаанбурхан өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс ирэх сарын 3-наас зургаан сартай хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийхээр болсон юм. Өмнө нь есөн сартай хүүхдүүдэд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс 0 тунгаар хийх аж. Мөн нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүд хамрагдах юм байна.

Чухал шүүх хурал:  Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал дахин хойшилжээ

Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал хойшилжээ. Тодруулбал, шүүх хуралд хариуцагчаар оролцож байгаа “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөл шүүгчээс татгалзсан шалтгаанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар дахин хойшилсон байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршидог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж.

Чухал амжилт: Манай улсаас Азийн элсний наадмын хоёр аварга төрлөө

Азийн элсний спортын V наадам Вьетнамын Данан  хотноо үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар манай улс хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.  Тодруулбал, Жиү жицү бөхийн -62кг жинд Б.Буяндэлгэр, -56кг жинд Ө.Эрдэнэбаатар нар алт,  Кураш бөхийн -60кг жинд О.Чинбат мөнгө,   Жиү жицү бөхийн +70кг жинд М. Сугар, +94кг жинд Б.Өнөржаргал, -94кг жинд  Б.Ариунцог нар тус тус хүрэл медаль хүртжээ.  Манай улс найман медаль хүртсэн амжилттайгаар медалийн чансаагаар наймдугаар байрт бичигдэж байна.

Чухал зөвлөгөө: Амжилттай яваа бүсгүйчүүдийн алтан зарчим

Өнөөдрийн “Зөвлөгөө” буландаа амжилттай яваа бүсгүйчүүдийн амьдралдаа хэвшүүлдэг зарчмыг танилцуулж байна. Зөв дадал, зуршилаас аз жаргал, эрүүл бие, ажлын амжилт, сайхан бүхэн эхэлдэг. Тиймээс өөрт олдож буй цаг хугацаа, залуу нас, эрч хүчийг хэрэггүй зүйлд бүү зарцуулаарай.

Нар мэт эрт манд.
Толгой сэргэг үед ажлын бүтээмж илүү өсөх сайн хандлагатай. АМЖИЛТТАЙ, УХААЛАГ бүсгүй болмоор байвал нартай цуг манд.
Цагийг зөв төлөвлө.
Жижиг хэмжээтэй дэвтэр гаргаад цаг бүрийг төлөвлөн бичээрэй. Ажил, сургууль, гэртээ гээд хаана ч хийх ажил бүрийн жагсаалт, төлөвлөгөөг гаргаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээ.
Дасгал хөдөлгөөнийг бүү орхигдуул.
Эрүүл мэнд болон оюуны дасгал, хөдөлгөөнийг бүү орхигдуул. Чөлөөт цаг заваараа ном уншиж, өөрийн боловсролдоо анхаарлаа хандуул. Идэвхитэй дасгал хөдөлгөөн өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, ажлын бүтээмж өсгөдөг.
Идэж буй зүйлдээ анхаарлаа хандуул.
Та өөрийн мөнгөөрөө хор эсвэл хоол худалдаж авч байна уу? гэдэг хоорондоо асар том ялгаатай. Интернет, эрүүл мэндийн сэтгүүл бүрт байрлах хооллох зөвлөмжийн талаар уншаад амьдралдаа хэвшил болгоорой.
Зүгээр сууж болохгүй
Хором бүрийг алдалгүй өөрт хэрэгтэй зүйлийн төлөө дайчилж, эцсийн шат хүртэл нь зүтгэ. Уйгагүй, хөдөлмөрч занг шагнадаг.  
Шантрах хэрэггүй
Асуудал, бэрхшээл ямар ч ажилд саад болж, удаашруулдаг. Тулгарсан бэрхшээл бүрийг даваж, алдаанаасаа суралц.

Эх сурвалж: Cosmopolitan

Т.Ариунболд: Ирэх жил Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө

Дэлхий дахин инновацийн давалгаа хүчээ авч байгаа энэ үед Монгол улс ч мөн цаг үеэсээ хоцрохгүй оюутан залуус энэ салбарт хүч үзэж, техник сэтгэлгээгээ дээшлүүлэхийн тулд шинэлэг технологиудыг дотооддоо санаачлан, бүтээж байна. Үүний нэг тод илрэл болсон зүйл бол “Кансат” бичил хиймэл дагуул хөөргөх тэмцээн юм.  Уг тэмцээнд энэ чиглэлээр суралцаж буй оюутан, залуус оролцож өөрсдийн мэдлэг, шинжлэх ухаанд тулгуурлан өөрсдөө хиймэл дагуул хийж хөөргөдөг. Энэ жилийн "Кансат 2016" тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн  Физикийн тэнхимийн дөрөвдүгээр курсын оюутан Т.Ариунболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт  болсон “Кансат-2016”-д амжилттай оролцож хоёрдугаар эзэлсэн ч баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчддад танилцуулаач?

-Баярлалаа. Энэ тэмцээнд ороход дэмжиж тусалсан хүмүүст баярлалаа. Намайг Түвшинбаярын Ариунболд гэдэг. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн  Физикийн тэнхимийн дөрөвдүгээр курсын оюутан. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын  Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын үндэсний хиймэл дагуул" хөтөлбөрийн хүрээнд "Хиймэл дагуул-Бидний гараар" сэдэвт  “Кансат 2016” сонирхогчийн бичил хиймэл дагуул хийх тэмцээнд “Numsat 1” багаас орж хоёрдугаар байрт шалгарлаа. 2012 онд МУИС, ШУТИС-ийн хамтарсан баг анх удаа энэ төрлийн олон улсын тэмцээнд оролцож байсан. “Кансат” тэмцээн нэлээд хэдэн жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн.

-Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Кансат-2016” тэмцээний энэ жилийн онцлог юу байв?

  -Энэ жилийн тэмцээн онцлог нь хиймэл дагуулдаа камер суурилуулж, объектын зураг дарах даалгавар байсан.Манай сургууль жил болгон энэ тэмцээнд тогтмол идэвхтэй, амжилттай оролцдог. Энэ жилийн хувьд амжилтаа бататгаж хоёрдугаар байт орлоо. Би хоёр дахь жилдээ оролцож байна. Өмнөх жилүүдэд үндэсний хэмжээнд зохиогддог байсан бол энэ жил хүрээгээ тэлж Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын баг оролцсон. Мөн манай МУИС, ШУТИС, БХИС-ийн оюутнуудтай сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж ур чадвараа. Тэмцээний үүрэг даалгавараас хамаарч жижиг хэрэгслүүр тавьж болдог. Энэ жилийн тэмцээн онцлог нь хиймэл дагуулдаа камер суурилуулж, объектын зураг дарах даалгавар байсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

7 настай хүүгийн үхэлд хоёр хүнийг сэжигтэнээр татаж, саатуулсан байна

Дорнод аймгийн Хэрлэн суманд  долоон настай  хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан талаарх мэдээлэлийг бид хүргэсэн билээ. Талийгаач хүүг  амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж. Тодруулбал, талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн  гэсэн мэдээлэл ид болоод байгаа билээ. Бид энэ хэргийн талаар Дорнод аймгийн Хэрлэн  сумын Засаг дарга Н.Мөнхтөрөөс тодруулахад “Манай суманд 10 гаруй хоногийн өмнө 7 настай хүү амь насаа алдсан талаар надад мэдэгдсэн. Одоогийн байдлаар тухайн хэрэг мөрдөн байцаалтын  шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг өглөө. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлэлсэнээр  хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа аж. Саатуулагдаад байгаа хоёр хүний нэг нь тэнсэн харгалзах ялтай нэгэн юм байна. Тун удахгүй энэ хэргийн талаар ЦЕГ мэдээлэл хийнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй хүргэх болно.

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

Ирэх сарын 19-нд болох сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм. Нийслэлийн есөн дүүрэг дэх мандатын тоог тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх юм байна.

Автобусны жолооч хүн мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс  зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн автобусны жолооч явган зорчигч мөргөн гэмтээсэн хэрэг дахин гарсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 49 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээжээ.

"Монголын нэг өдөр"  тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа.Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Өнөөдрөөс илүү сайхан маргааш биднийг угтана.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл