Аз жаргалын тухай ойлголт хүн бүхэнд өөр байдаг.Өсвөр насныхан ихэнхдээ аз жаргал гэдгийг тансаг машин унаж, сайхан байранд амьдрах гэж хэлдэг. Үгүй юм. Жаргал ердөө л дэргэд чинь байдаг. Олон хүн жаргалаа алдсаны дараа жаргалтай байснаа мэддэг гэдэг. Та аз жаргалыг аз жаргалыг холоос бүү хайгаарай. Таны дэргэд байгаа гэр бүл, хань, үр хүүхэд, аав ээж, эх орон, өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарна гэдэг хамгийн том аз жаргал шүү. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, мөн бусдад анхаарал халамж тавих юм. Иймээс хүн бүр хувиа хичээсэн хүслээ хаяж нүдээ том нээж эргэн тойрноо сайн хараасай гэж хүсэж байна. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Энэ нь маш энгийн, уурласан найзынхаа зовлонг сонсоод зөвлөгөө өг, хүүхдийн тэргээ даахгүй шатаар буулгаж яваа эмэгтэйд туслаарай. Хэн нэгэнд зориулж байгаа үйлдэл бүхэн тань хэмжээлэшгүй аз жаргал өгч байгаа гэдгийг та мэдрэх болно. Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж, инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал юм болов уу.
Харин таны хувьд Аз жаргал гэж юу вэ, та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Дэлхий дахинд: Доналд Трамп: Хиллариг дараагийн мэтгэлцээнд “бут ниргэнэ”
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон нарын дунд болсон анхны мэтгэлцээний эцсийн дүнд Доналд Трамп ялагдлаа хүлээсэн. Тэгвэл дараагийн мэтгэлцээндээ Хиллариг “бут ниргэхээ” илэрхийллээ. Доналд Трамп “Би хэн нэгнийг хурц үгээрээ гомдоож, уурлуулахыг хүсээгүй” гэсэн тайлбар өгөв. “Fox News”-ийн мэдээлж буйгаар Доналд Трамп “ Мэтгэлцээний явцад хөтлөгч Лестер Холт надад их дургүй байгаагаа илэрхийлж, Хиллари Клинтонд давуу талыг өгч байсан” гэв.
Ниелсен судалгааны компаний дүнгээс харахап 100 сая Америкчууд ерөнхийлөгчийн халз мэтгэлцээнийг үзэж, бүх цаг үеийн рекордыг эвдсэн гэжээ. 1980 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Роналд Рейган болон Жимми Картер нарын мэтгэлцээнийг 80,6 сая хүн үзсэн аж. Харин таамар ёсоор энэ удаагийн сонгуулийг 100 сая гаруй хүн үзжээ.
Доналд Трамп “Хөтлөгч хатагтай Клинтоноос устгасан цахим шуудантай холбоотой мэдээлэл, Бенгазийн зурвас орчмын талаар юу ч асуугаагүй. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй байна. Магадгүй Билл Клинтонтой холбоотой олон асуудал ил гарах байсантай холбоотой байхаа. Дараагийн мэтгэлцээнд би ялалт байгуулах болно. Хэн нэгнийг хурц үгээр гомдоохгүй гэсэн дээ дуугүй байсан” гэжээ.
Эх сурвалж:BBC
Чухал зөвлөмж: БНСУ-д зорчихдоо ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Cүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой. Мөн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баримт, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна.
Иймд БНСУ-ын Чэжү хот руу аялахаар төлөвлөж буй иргэд аялалын зорилгоо нотлох баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж зорчихыг ГХЯ-наас зөвлөж байна.
Сониуч: Канадад суурших хүсэлтэй иргэдийг хүлээн авч байна
“Chuhal.mn” сайтыг уншигч та бүхэндээ “Сониуч” булангаараа дамжуулан сонирхолтой баримтуудыг оруулдаг билээ. Тэгвэл Канадын зүүн зүгт орших Капе Бретон гэх жижиг арал дээр суурин амьдраад ажлын байр, газраа аваарай. Уг арлын иргэд өөрсдийн иргэдийн тоог нэмэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь гадна, дотны иргэдийг татах арга ч байж болох юм.
Энэхүү газар нь байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд арлын төвд хүүхдийн амралт, чөлөөт, цаг заваа өнгөрүүлэх клуб, сүм дуган зэрэг байрладаг. Тус аралд 150.000 хүн оршин суудаг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо буурах хандлагатай байна.
Тус аралд бүхий л салбарын мэргэжилтэн, боловсон хүчин дутмаг байгаа талаар арлын удирдлагууд онцолсон юм. Энэхүү аралд нүүж, ирэхийг хүссэн хүн бүрт ажлын байр, амьдрах газрыг нь өгч байгаа аж. Тус хотод амьдрах сонирхолтой иргэд Канадад хуул ёсны визатай оршиж байгаа бол амьдрах боломжтой. Харин гадаад иргэдийн хувьд Канад дахь ажил олгогчоосоо бичиг авч, Канадын Нийгмийн хөгжил, боловсон хүчний яамд хандан түр зуур ажиллах виза хүсэж, авч болох аж.
Д.Ангараг: Бид "Атганд үлдсэн эрдэнэ", "Чингисийн хүүхдүүд" гээд хоёр кино экспортлож чадлаа
“Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан” зэрэг олон кинонд зураглаачаар ажилласан кино зураглаач, гэрэл зурагчин СТА Д.Ангарагтай ярилцлаа. Тэрээр энэ зун уран бүтээлийн олз омог дүүрэн байж, цоо шинэ уран бүтээл болох “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинон дээр ажиллажээ. Түүнтэй хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэе. Хамгийн сүүлд “Чингисийн хүүхдүүд” гэсэн уран бүтээл дээр ажилласан гэж сонссон. Түүхэн сэдэвтэй кино юу?
-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Киноны хувьд “Чингисийн хүүхдүүд” гэхээр хүмүүс түүхэн кино гэж төсөөлж, Чингис хааны тухай юм байна гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ кино бол Чингис хааны тухай биш, түүхэн кино ч биш, орчин цагийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулсан уянгын,монгол хүний ахуй, амьдрал, соёлын тухай өгүүлэх кино юм. Үйл явдлын тухайд задалж ярих боломжгүй . Гэр бүлд зориулсан уянгын драм, ер нь бол 70 хувь нь хүүхдүүдийн талаар гарна. Нэг гэр бүлийн морь унаач гурван хүүхдүүдийн талаар өгүүлнэ.
-Бага насны хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж зарим хүмүүс ярьдаг. Нөгөө хэсэг нь морь унах нь уламжлагдаж ирсэн соёл гэдэг талаас авч үздэг. Таны кинонд хүүхдийн эрхийн асуудал хэр тусгагдсан вэ?
-Ерөөсөө сэдвийн хувьд үүнийг барьж авсан. Уран сайхны кино учраас бүх юм багтсан. 1 цаг 30 минутын турш энэ киног үзсэн хүн монгол ахуй, соёл гэж юуг хэлдэг, монгол хүний агуу сайхан зан чанар, морь унаач хүүхэд гэж ямар энхрий зөөлөн байдаг тэр ертөнцөөр аялаад гарна. Энэ кинонд хар бараан, орилсон, чарласан, зодоон нүдээнтэй юм гарахгүй. Мэдээж уран сайхны кино учраас эсрэг дүртэй. Уран сайхны кинонд байж болох бүх л элементүүдийг шингээсэн. Ерөнхий найруулагчаар нь бид бүхний сайн мэдэх Монгол филм группын найруулагч Д.Золбаяр ажилласан. “Аравт”, “Үхэж үл болно” гээд кинонууд дээр ажиллаж байсан монголдоо урдаа барих найруулагчдын нэг ажилласан.
-Шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хэзээ хийхээр төлөвлөсөн вэ?
-Ирэх 2017 оны зургадугаар сард нээхээр төлөвлөөд, ярилцаж байна.
-Киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ. Холливудын залуу жүжигчин тоглосон гэсэн. Нууц биш бол ямар жүжигчин тоглосон вэ?
-Холлиувудаас залуу жүжигчин ирж тоглосон.
Хамгийн сүүлд “Ээжүүдийн өдөр” гээд Америкт 2016 оны 4 дүгээр сард нээлтээ хийсэн кинонд Женнифер Анистон, Жулия Робертс нартай хамтран тоглосон залуу жүжигчин Britanny Belt тоглосон.
Жүжигчины хувьд Америкт ид гялалзаж, моод болж байгаа эмэгтэй. Ажлынхаа гарааг телевизийн олон ангит киноноос эхлээд одоо бүрэн хэмжээний уран сайхны кино руу орж байгаа залуу уран бүтээлч киноны минь гол дүрийг өнгөлсөн.
-Киноны утга найруулга нь өөрөө монголын тухай түүх соёл, монгол хүний тухай өгүүлнэ гэсэн. Тэгэхээр Холливудын залуу жүжигчин энэ ахуй соёлтой хэр зохицож чадаж байна бэ?
-Кино гарахаар энэ жүжигчний ямар дүр бүтээснийг мэдэх болно. Мэдээж манай алдартай эмэгтэй жүжигчин бас тоглосон.
-Кино бүтээх багийн хувьд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан гэсэн. Энэ кинонд хичнээн уран бүтээлчид оролцсон бэ?
-Анхнаасаа энэ киног том цар хүрээнд харж хийсэн. Гуравдугаар сард анх киноны зохиолтой танилцаж эхэлсэнээс хойш, “Чингисийн хүүхдүүд” гээд кино брэндийг яаж гаргаж ирэх вэ, яаж олон нийтэд хүргэх вэ? гээд маш том компанит ажил явсан. Энд маркетинг, санхүүгийн хэлтэс түүнээс гадна гадаад харилцаа хариуцаж байгаа хүмүүс ч ажиллаж байна. Гадаадын том кино компаниуд төлөөлөл,зөвлөхөөр манайхта хамтарч ажиллаж байна. Нэг талаар монголын кино урлагт маш том өөрчлөлт, ахиц дэвшил авчирч байгаа. “Чингисийн хүүхдүүд” гэдэг кино брэндийг гаргаж ирэхийн төлөө 250 гаруй уран бүтээлчид ажиллаж байна. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.
Чухал зөвлөгөө: Уурлавал элэг, гуньж гутарвал уушиг гэмтэнэ
Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Нэгэн зүйлийн бие сэтгэлээ чөлөөлж сурах аргад хүйсний доор хоёр ямхын зайнд Хятад эмнэлгийн зүү төөнүүрийн “Шиа дан тиан” хэмээх нэгэн чухал газар байдаг. Хүн өдөр бүр хоёр алгаа зөрүүлэн энэ газарт дарж 30-40 минутаар амьдралын аливаа бүхнээс бодлоо чөлөөлж байгаль дэлхийн хамгийн цэвэр агаар энэ газарт хуримтлагдаж байна хэмээн бодох дасгалыг удаан хугацаанд хийж чадсанаар эрүүл мэндэд сайн гэдэг уламжлал байдаг. Зүү төөнүүр энэ газар хүний биеийн цог золбоо, бие чийрэгжихэд их ач холбогдолтой хэмээн үздэг.
Эртний иогийн дасгалаар чадлыг олсон хүмүүсийн ихэнх нь тус бэлчиртээ хий бөмбөлгийг бүтээсэн гэж үздэг. Шаардлагатай үед энэхүү хий бөмбөлгөө зөв ашигласнаар юунд ч автагддаггүй буюу бүхнийг ялж чадцаг гэсэн түүхэн уламжлал бий. Бас нэгэн сэтгэл засах арга бол эрх тоолох. Бурхны сургаалд эрх тоолох нь сэтгэлийг зөөлрүүлэх, засахын нэгэн сайн арга. Ер нь хүн ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд энерги, сэтгэлээ самууруулж байснаас нэгэн зүйл дээр төвлөрүүлэн сурах нь юу юунаас чухал юм шиг санагдана.
Эртний Хятад эмнэлгийн “Дотор өвчний судар”-т уурлаваас элэг гэмтэнэ, бодол санаа хэтэрвээс дэлүү гэмтэнэ, гуньж гутарваас уушиг гэмтэнэ, айж цочвоос бөөр гэмтэнэ гэж бичсэн байдаг. Сүүлийн жилүүдэд анагаах ухаан хөдөлгөөний дүнд сэтгэцийн сургуулилтыг хийж амжилт олж байгаа нь бие, сэтгэл хоёр нягт холбоотой гэдгийг баталж байна. Нийгмийн хөгжлийг даган хүмүүс чөлөөт цагаараа хөдөлгөөний арга барилаар биеэ чийрэгжүүлж, биеийн тамирын уралдаан тэмцээнийг сонирхож хүүхэд залуус нийгэмд идэвхтэй оролцож ямар нэгэн төрлийн спортоор хичээллэж байгаа нь сайшаалтай.
Хүмүүс биеэ чийрэгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнд идэвхтэй оролцох нь эрүүл байхын үндэс юм.
Улс төр: “Люмино”-гийн Баажий сонгуульд нэр дэвшинэ
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх сарын 19-ний лхагва гаригт явагдана. Орон нутгийн сонгууль нэлээд өрсөлдөөн явагдах бөгөөд нэлээд олны танил хүмүүсч өрсөлдөж байна. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ нэр дэвшихээр болсон бол харин өнөөдөр Люмино хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг нэр дэвших гэж буйгаа мэдэгджээ. Тэрээр цахим хуудсандаа “Би гэдэг хүн өөрийгөө сорьж үзэхээр шийдэв. Залуучуудынхаа дуу хоолой болж болохгүй байгаа зүйлийг шүүмжилж болж байгааг нь дэмжихийг хүсч байна. Орон нутгийн сонгуульд өсч хүмүүжсэн 13 дугаар хорооллын 18 дугаар хорооноос дэвшинэ. УИХ, нийслэлд нэр дэвшиж хэнээтсэнгүй. Хэн нэгнээр татуулж лифтэнд суухыг хүссэнгүй, ойлгоорой” гэжээ.\
Дуулиан:7 настай талийгаач хүүг ээжийг нь дэлгүүр явсан хойгуур хөнөөжээ
Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан талаарх мэдээлэлийг бид хүргэсэн билээ. Талийгаач хүүг амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж. Тодруулбал, талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн гэсэн мэдээлэл ид болоод байгаа билээ. Бид энэ хэргийн талаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Н.Мөнхтөрөөс тодруулахад “Манай суманд 10 гаруй хоногийн өмнө 7 настай хүү амь насаа алдсан талаар надад мэдэгдсэн. Одоогийн байдлаар тухайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг өглөө. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлэлсэнээр хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа аж. Саатуулагдаад байгаа хоёр хүний нэг нь тэнсэн харгалзах ялтай нэгэн юм байна. Сэжигтэнүүд талийгаач хүүг ээжийг нь дэлгүүр явсан хойгуур хөнөөсөн талаар эх сурвалж мэдээлэлээ. Талийгаач хүүгийн ээж гэртээ эргэж ирэхэд хүү нь ухаан алдсан байсныг мэдэн, эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.
Иргэдийн анхааралд: Долоон буудлын эцсийн зогсоолд өөрчлөлт орлоо
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ. Дээрх ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд байна. Иймд 7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх зураглалын дагуу үйлчлүүлнэ үү.