8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэвлэл мэдээллийн байгууллага дотроосоо өөрсдийгөө цэвэрлэнэ

2016-09-30 17:44:00

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүд”-ийг есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монголд анх удаа орон даяар тэмдэглэж байна.

Өнөөдөр “Ёс зүйтэй сэтгүүл зүй төлөө” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Монголын Хэвлэлийн мэдээллийн зөвлөл болон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн хэрэгсэлийн төлөөлүүд оролцлоо. Өнөөдөр манай улсад нийт 142 телевиз байдгийн 70 гаруй нь Улаанбаатар хотод бусад нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Мөн улсын хэмжээнд  120 сонин байдгийн 16 нь өдөр тутмынх. Сэтгүүл 9, вэб сайт 71 байгаа гэсэн судалгааг 2014 онд Хэвлэлийн хүрээлэнгээс гарсан байна. Харин 2016 оны байдлаар вэб сайтын тоо нэмэгдсэн гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийн ёс зүйн нэгдүгээр заалтыг хамгийн их зөрчсөн мэдээлэл гардаг аж. Тодруулбал, өдөр тутмын гурван сонины 84 дугаарын 181 бүтээлд ёс зүйн 285 зөрчил илэрсэн байна. Тус хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үзэг нэгт нөхөдтэйгөө санал сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэд дарга У.Тамир “Хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудал зөвхөн монголд төдийгүй дэлхий нийтэд яригдаж байна. Олон улсад есдүгээр сарын сүүлийн долоо хоногт сэтгүүл зүйн ёс зүйн асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллага дотооддоо, олон нийтэд ёс зүй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Манай улс анх удаа  аймаг, орон нутагт болон нийслэл хотод хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлж байна.  2015 оны дөрөвдүгээр сараас хойш Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авч байна. Энэ хугацаанд нийт 20-иод гомдлыг авч шийдвэрлэлээ. Гарч буй гомдлын ихэнх хувийг санамсаргүй алдаа зонхилж байна. Сэтгүүлчид мэдээлэлийн чанарт бус, шуурхай байдал хэт их анхаарч байна. Тиймээс сэтгүүлчдийг мэргэжлийн түвшинд ажиллах,  ёс зүйн зарчмаа баримталж ажиллах хэрэгтэйг сануулж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ үеэр Монголын Сайтуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатараас дараах асуулталд тай цөөн хором ярилцлаа.

-Таны бодлоор сайтын сэтгүүлчид ёс зүйгээ баримталж ажиллаж чадаж байна уу?

 -Сэтгүүлч хүн бол нийгмийн эмч байдаг. Гэтэл өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн дунд нийтлэг алдаа, дутагдал харагдаж байна. Энэ нь сэтгүүлчид өөрсдийн эрх мэдэл, ажлын онцлог давуу байдлаа ашиглан мэдээллийг хэт дөвийлгөж бичдэг. Шүүх тухайн хүнийг гэмт хэрэгтэн гэж зарлаагүй байхад гэмт хэрэгтэн мэтээр сэтгүүлчид бичиж байна.  Насанд хүрээгүй хүүхэд, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг ямар ч зөвшөөрөлгүй шууд нийтэлдэг. Дээрхи ёс зүйгүй алдаанаас болоод редакци, сэтгүүлч гүтгэн доромжилсон хэргээр шүүхэд дуудагддаг.

-Мэдээллийн сайтууд дунд мэдээ “угаах” хандлага их ажиглагдаж байна. Энэ нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Эх сурвалжийг нь дурьдах,  мэдээ “угаах” буюу санааг нь хулгайлж, үг, үсэг, найруулга солих эсвэл шууд хуулж тавиад өөрийнхөө нэрийг тавих тохиолдол их бий. Миний хувьд үүнийг “хулгай” гэж үздэг. Учир нь тухайн сэтгүүлч мэдээллийг авах гэж өөрийн цаг, мөнгө, хүч хөдөлмөрөө зориулж байхад бусад хэсэг нь хуулаад тавихыг “хулгай” гэхээс өөр тайлбарлах үг алга.

-Монголын сайтуудын холбоо сэтгүүлчийн ёс зүйн асуудал дээр хэр анхаарч ажилладаг вэ?

-Монголын сайтуудын холбоо энэ асуудалтай тэмцэж байна. Ер нь сайтуудын холбоо ч гэлтгүй хэвлэл мэдээллийн байгууллага бүр тэмцэх ёстой. Хэрэв үнэхээр авах шаардлагатай гэж үзвэл тухайн сэтгүүлчээс нь заавал тодруулж, зөвшөөрөл авах нь зүйтэй. Бид дотроосоо өөрсдийгөө цэвэрлэх шаардлагатай байна. Холбооны хувьд  тухайн сайт ёс зүйгүй үйлдлээ хэд хэдэн удаа давтвал редакцид сануулга өгдөг. Эсвэл гишүүнчлэлээс хасах арга хэмжээ авдаг.

-Монголын сайтуудын холбоо сайтын сэтгүүлчиддээ хэрхэн сургаж, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна вэ?

-Олон улсын хэвлэлийн ёс зүйн өдрүүдийг тохиолдуулан есдүгээр сарын 29-ны өдөр 21 сэтгүүлчийн дунд сургалт зохион байгууллаа. Тус сургалтын үеэр сэтгүүлчид мэдээ “угаах”, хуулбарлах асуудлын талаар санал бодлоо солилцсон. Мөн сэтгүүлчид дараагийн сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс дараагийн сургалтаар сайтын сэтгүүлчдийн бичвэр, мэдээ мэдээллийг хэрхэн бэлтгэх асуудлаар сэтгүүлчдийг хамруулж, мэргэшүүлнэ.

Т.Ариун, Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин зочлоё
сэтгүүлчид тархи угаахаас өөр юу ч хийхгүй бүгд бүхнийг устгах ажлыг хийсэн, сэтгүүлчид мэдээлэл хаасан, хорьсон, гутаасан, батлагдах үед л танина, олон улсад шуугах үед тэд хэн ч биш болсон байна
2016/10/01 95.156.71.116
зочин зочлоё
хэрвээ монгол оронд цор ганц ухаалаг сэтгүүлч байсан бол монгол оронд хамгийн сүүлд мэдэх асуудал гарахгүй байсанг өөрсдөө бодит байдлаар олж үзэх болно
2016/10/01 95.156.71.116
зочин зочлоё
сэтгүүлчид бол монгол орныг балчигт живүүлэгчид, өөрсдийн тархины хэмжээгээр бүхнийг үнэлэгчид хамгийн адгийн хүмүүс, бусдын гар хөл бологчид гэдгээ өөрсдөө тун удахгүй ухаарах болно.
2016/10/01 95.156.71.116