8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сингапурт зорчиж байгаа иргэдэд анхааруулга хүргэж, Г.Мандахнаран медалиа гардаж авсан өдөр

2016-09-30 18:36:00


Эрхэм уншигчидаа оройн мэнд хүргэе. Энэ өдрийн ажил амжилттай биз дээ. Саяхан л шинэ, содон бүхнийг дагуулан ирсэн их ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Таны энэ долоо хоногийг ажил амжилттай байж, олз омогоор дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.  Харин одоо та бүхэн  амралтын өдрөөр юу хийхээ төлөвлөж сууна уу. Тэгвэл таньд хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна. Яг одоо Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр “Никитон”, “Камертон” хамтлагийн тоглолт болох бөгөөд рок, попын бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөх тул яг одоо гэртээ байвал төв талбайг зориорой. Харин маргааш та бүхэн минь юу хийхээ төлөвлөөгүй байгаа бол Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид түүхт 85-н жилийн ойгоо угтан театрынхаа тайзнаа өнөөдрөөс эхлэн 28-ны хооронд Монголын сор болсон түүхэн жүжгүүдийг толилуулах гэж байна. Тус театрын найруулагч Н.Наранбаатарын найруулсан, зохиолч Б.Цогнэмэхийн бүтээл, "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг үзэгчдэдээ тоглох юм байна. Мөн та инээхийг хүсвэл Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшны намар цагийн “Аз жаргалыг шэйрлэ” тоглолт  Соёлын төв өргөөнд 19 цагаас болох бол, Монголын хошин урлагийн ууган продакшн болох “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу МУГЖ Д.Ариунболд, МУГЖ Л.Баттулга буюу Аглуу нарын хамтран “Найзууд” буюу Яг тэрэн шиг” цоо шинэ энтертаймент шоу тоглолт мөн болж байна. Инээд байгаа газар үргэлж аз жаргал дагаж ирдэг юм шүү. Харин одоо та бүхэндээ энэ өдрийн сонин содон мэдээлэлийг багцлан хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Иргэдийн сонорт: Сингапурт зорчиж байгаа иргэд анхаараарай

Монгол Улсын иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй байдаг бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна. Мөн Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, аялах хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг хилээр буцаж гарах хүртлээ үрэгдүүлэхгүй байх ёстой.Ингээд Гадаад харилцааны яамнаас Сингапурт зорчиж байгаа иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
1. Сингапурт аялахдаа доод тал нь 1000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах
2. Харин 20.000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах
3. Сингапурын  гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр эмчилгээний зориулалттайгаас бусад төрлийн бохь, зажилдаг тамхи болон электрон тамхи, гар бууны хэлбэртэй тамхины асаагуур, сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэл болон мансууруулах бодис, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис зэргийг хориглодог. Мөн садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск,  зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал, мэдээлэл, эмчийн жоргүй эм, бэлдмэл, тан, шүдэнз, баллонтой шүршигч, химийн бодис, цэвэрлэгээний шингэн, керосин, хий, будаг, түүнийг шингэрүүлэгч, үнэт эдлэл, үслэг эдлэл, зоос маркны цуглуулга зэргийг хилээр авч орохыг хатуу хориглодог болохыг анхаарах
4. Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ял оноодог тул та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарах
5. Сингапурт согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зүй  бус авч явах тохиолдолд 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсхүл хуулийн энэхүү заалтыг зэрэг оногдуулдаг болохыг анхаарах
6. Хэрэв Сингапурт өмнө нь хэрэг зөрчил гаргаж цагдаад бүртгүүлж байсан бол энэ цахим хаягаар орж, тус улсад нэвтрэх зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай зэрэг болно.


Чухал дуулиан:Улс төрийн авлигачид хүнд өвчин тусчихаад байна, эсвэл жүжиг үү

Энэ сараас эхээс эхлээд Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж шалгаж, шалгалтыг ажлыг эрчимжүүлээд байгаа. Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг хэргийг АТГ нэгтгэж  шалгаж байгаа бөгөөд  “Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа.  Фортуна Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс АТГ шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн лхагва гаригт түүнийг цагдан хорихоор болсон гэж байсан бөгөөд  тэрбээр, “зүрхний өвчтэй тул гадуур байцаагдъя"  гэсэн хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл байна. Ер нь төрийн өндөр албан тушаалтан, бизнесийнхэний  идэж уусан хэрэг илж гарч, шалгагдаж эхэлмэгц янз бүрийн өвчин шалтгаан хэлж, өлсгөлөн зарлаж байсныг бид бүхэн сайн мэднэ. Жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронд хоригдож байх үдээ өлсгөлөн зарлаж эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тухайн үедээ хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны архаг түгмэл хямралын хам шинж, тархины хүчилтөрөгч дутлын уналт таталт, захын олон мэдрэлүүдийн эмгэгшил баруун тахилзуурын мэдрүүлийн саажилт зэрэг олон хам шинжийн өвчний оноштой эмчлэгдэж байсан. Мөн үүнээс гадна  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хоригдож байсан  Г.Шийлэгдамба мөн л хоригдож байх хугацаанд хүнд өвчтэй, гадуур байцаагдая гэсэн хүсэлтийг илэрхийлж байсан. 
Нүүрс хөтөлбөрийн гэх тодотголтой Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нь  баривчлагдахаасаа өмнө Өмнөд Солонгост эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд түүний эрүүл мэнд тун тааруу талаар мэдээлэл гарч байсан. Энэ мэтчилэн шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтанууд хоригдох асуудал яригдахаар гэнэт хүнд өвчтэй, эмнэлэгийн хяналтанд байдаг гэсэн мэдээлэл хөвөрдөг нь нууц биш ээ. Эдгээр эрхэмүүд үнэхээр бие хаа нь тааруу, хүнд өвчтэй юу аль эсвэл арга заль мэх үү.  


Чухал сэрэмжлүүлэг:Хэргийн газрыг орхин зугтжээ

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 422 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас,зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингарав хорооллын урд замд хар өнгийн “Highlander” гэх автомашины жолооч нь “Prius” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Г нарын 2 хүнийг гэмтээн ослын газрыг орхин явсан.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний гудамж, “Сүү” ХК-ын баруун замд амины “Prius” маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч, сургуулиа тараад ганцаараа явж байсан 9 настай, А-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. 

Анхааруулах мэдээ: iPhone 7 гар утас дэлбэрчээ

"Самсунг “Note 7” маркийн гар утасыг өнгөрсөн сард дэлхий даяар худалдаанд гаргасан боловч утас цэнэглэж байх хугацаанд хэд хэдэн утаа шатаж, дэлбэрсэн тохиолдол гарсаны улмаас зах зээлээс эргүүлэн татсан хэрэг гарсан билээ. Тэгвэл сая нээлтээ хийгээд байгаа Apple компанийн шинээр бүтээгдсэн iPhone 7 гар утас дэлбэрсэн хэрэг гарчээ. АНУ-ын Виржиниа муж улсын нэгэн хэрэглэгч Apple-ийн нэрийн барааны дэлгүүрээс тус гар утсыг худалдан авсан бөгөөд уг утас дэлбэрсэн байна. Мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар iPhone 7 гар утас дэлгэцний хэт том шийдлээс болж халуун агаарт дэлбэрсэн байж болзошгүй гэж үзжээ. 

Чухал үйл явдал: Г.Мандахнаран медалиа хүлээж авлаа

"Рио-2016”-д олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд  ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглож, хүрэл медалийн төлөөх барилдаан нэлээд маргаан дагуулсан. Түүнийг медалиа луйвардуулаад эх орондоо ирэхэд  монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнаранг ялсан гэж үзэж алтаар медаль цутгаж бэлэглэсэн. Мөн үүнээс гадна Канад улсад амьдардаг Д.Уянга гэх монгол охин сургуулийнхаа тэмцээнээс авсан медалиа түүнд бэлэглэх талаар мэдээлэл гарч байсан билээ. Д.Уянга охин өөрийнхөө медалиа МУГТ Г.Мандахнаранд илгээсэн байна.   
Чухал мэдээлэл: Дугаарын хязгаарлалтыг өвлийн цагийн хуваарьт шилжүүлнэ
Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжихтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэсийн цагдаагийн хурандаа Б.Батболдоос тодруулахад "Нийслэлийн ИТХын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүйгээр 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох өвлийн бүсчлэл ирэх сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ  .
 
Замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэх зохицуулалт хийдэг. Үүнд Саппорогийн тойрог, III, IV хорооллын эцэс, Тасганы овоо, 32-ын тойрог, КТМСийн уулзвар, Чулуун овоо, Дүнжингарав, Нарантуул, 120, Нарны гүүрээс хойшоо өвлийн бүсчлэлийн хуваарьт шилжих хязгаарлалтыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий хэсгээр дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Зуны бүсчлэлд хамаарах замуудад хязгаарлалт тогтоогоогүй учир дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Зам хаах болон хөдөлгөөний чиглэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй" гэлээ.

Чухал зөвөлгөө: Таны бие өвдөж байгаа бол ямар байрлалаар унтах вэ

Яг одоо таны бие тавгүй байна уу. Тэгвэл таньд бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Зарим үед өглөө эрч хүчээр дүүрэн, сайхан амарч сэрэхээсээ илүү ядарсан байдалтай сэрэх нь их тохиолддог билээ. Ялангуяа бие өвдөж байх үед шүү. 

Дараах байрлалууд нь өглөө таныг хангалттай амрааж сэрээхээс гадна өвдөж буй хэсгийн өвдөлтийг намдаахад тус болох болно. 

Хэвлий таазны өвдөлтийн үед 

Зөв байрлал (зүүн): өвдөгний завсар дэр хавчуулан хажуулдаж унтах 

Буруу байрлал (баруун): дээш эсвэл доош харж унтах 

Эрүү, шүд, чамархайн хэсэг, толгойн өвдөлтийн үед 

Зөв байрлал (зүүн): дээшээ харж номхон байрлалд унтах. Толгойн хэлбэрт тохирсон дэр сонговол зохимжтой 

Буруу байрлал (баруун): гараа толгойныхоо хажууд байрлуулж дээш эсвэл доош харж унтах 

Мөр өвдөх үед 

Зөв байрлал (зүүн): дээш харж номхон унтах, ингэхдээ мөрөн доороо бага зэрэг дэр ивээрэй. Эсвэл мөрөндөө ачаалал өгөлгүйгээр хажуу тийш харж унтах 

Буруу байрлал (баруун): дэргүй хажуу тийш харж унтах 

Бүсэлхий, нуруу хэсгээр өвдөх үед 

Зөв байрлал (зүүн): өвдгөн доороо дэр байрлуулаад дээш харж унтах 

Буруу байрлал (баруун): өвдгөн доороо дэр тавилгүй дээшээ эсвэл доошоо харж унтах 


Дуулиант хэргийн эздүүд хэргээ хүлээх үү, эсвэл

Хүргэн Дэнзэн гэхээр та хэнийг хэлж байгааг анхдахгүй сайн мэднэ. Тодруулбал,  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн. Г.Дэнзэн гэсэн  нэрний цаана идсэн уусан, хоригдох асуудал 2014 оноос эхлэн сонсогдож эхэлсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр Г.Дэнзэнг Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар гэрээс нь баривчилсан байна. Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тиймээс энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилсан байна. 2015 онд  мөн л түүний гэрт нь үзлэг хийж, гэрээс нь баривчилж байсан түүхтэй.  Түүний хувьд шалгагдаж эхэлсэнээс хойш би ямар ч  мөнгө идээгүй гэдгээ дахин дахин илэрхийлсэн, бас хоригдож байхдаа өлсгөлөн ч зарлаж байсан. 2 жил гаруй хугацаанд шалгагдаж, 2 удаа хоригдсон ч өнөөдрийн хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Харин ч өнөөдрийг хүртэл шалгагдаж байхдаа “Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг байсан” гэсэн байр суурин дээрээ баттай зогсож байгаа. Ер нь баригдаж, хоригдож байгаа бүх хүн би буруугүй, гэдэг ч үүнийг хуулийнхан болон өөрөө баталж, нотолж чаддагүй.  Энэ талаарх, дэлгэрэнгүй  мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баярлалаа хэрэгтэй мэдээлэл оруулж өгсөнд
2016/09/30 202.131.230.221
  • Recent
  • Most Read
  • Most Comment