Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баяр болгон тэмдэглэдэг. Албан байгууллагууд ч ахмад ажилтнуудаа хүлээн авч, баярлуулаад эхэлжээ. Жилд ганцхан удаа болдог энэ баяраар ахмадууд хамт олонтойгоо уулзан, залуу насаа дурсаж, халуун сав бэлгэнд аваад хөөрцөглөн харьцгаадаг.
Харин та хайртай аав, ээж, эмээ өвөөгөө яаж баярлуулах гэж байна?
Энэ жилийн ахмадын баяр маргааш тохионо. Та буурлуудадаа бэлгийг нь сонгоогүй бол танд дараах бэлгүүдийг санал болгож байна.
ЭСГИЙГЭЭР ХИЙСЭН ГЭРИЙН ШААХАЙ
Гар урлаачид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эсгийгээр гэрийн шаахай урлах болсон. Өнгө бүрийн, задгай, битүү, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийнх гээд төрөл нь ч олон. Өвөл ойртож байна. Мөн өндөр настнууд амархан даардаг тул 15-25 мянган төгрөгөөр худалдаалдаг, эдэлгээ урт эсгий шаахайнууд цагаа олсон бэлэг мөн.
УИД-ийн бэлэг дурсгалын тасаг, хотын төв дэх бэлэг дурсгалын дэлгүүрүүд болон Нарантуул, Дүнжингарав зэрэг томоохон захууд, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хаягтай дэлгүүрүүдэд эсгий шаахай худалдаалдаг. Гадаадад суугаа ах дүү, найз нөхдөдөө илгээмж илгээх үедээ л бид эсгий шаахай сонгодог. Тэгвэл одоо өвөө, эмээдээ ч бэлэглэж болох нь.
ХЭТЭВЧ, ҮЗЭГ, НҮДНИЙ ШИЛНИЙ ГЭРҮҮД
Хэтэвч, үзэг, нүдний шилний гэр болон түлхүүрийн оосор зэргийг арьс, эсгийгээр урлах болсон. Эсгий урлал эрхэлдэг Хөсөг брэндийн бүтээгдэхүүний зургуудыг та бүхэн харж байна. Эсгий эдлэл авч явахад хөнгөн байдаг давуу талтай. Арьсан хэтэвчний хувьд маш өргөн сонголттой. Бөмбөгөр худалдааны төв, УИД, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд төрөл төрлөөрөө бий. Мөн уншигч та аав, өвөөдөө арьсан тэлээ үйлдвэрлэгч Кажугаас бэлгээ сонгох боломжтой.
ЦЭВЭР АРЬСАН МОНГОЛ ГУТЛУУД
Монголын гутлын зах зээлийн жилийн багтаамж долоон сая орчим. Үүний нэг саяыг бид өөрсдөө үйлдвэрлэдэг. Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдиййн холбооны тэргүүн Т.Баярсайхан бид жилд 3 сая ширхэг хос гутлыг Гуанжугаас импортолдог гэсэн юм. Үлдсэнийг нь ОХУ, БНСУ зэргээс импортолдог.
Нэг гутлын дундаж үнийг гучин мянган төгрөг гэвэл бид жилд ойролцоогоор 135 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Харамсалтай нь энэ мөнгөний дийлэнхийг Гуанжу руу илгээчихдэг.
Тэгвэл Choice, Best shoes, Хас гутал, Төв аймгийн Төв гутал үйлдвэр, Хөөндий, Баян цагаан нуур, Чиг, хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан гутал үйлдвэрлэж байна. Та дотоодод үйлдвэрлэсэн гутал сонгосноор арьс шир боловсруулах 34 үйлдвэр, арьс ширэн эдлэл үйлдвэрлэдэг 100 орчим ААН, хувь хүмүүс, 21 аймгийн 330 суманд ажиллаж буй 2000 орчим түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд хөрөнгө оруулна.
МОНГОЛ ОЁДОЛЧНЫ УРЛАСАН МАЛГАЙ
Малгайн үйлдвэр бий гэхээр та гайхаж байна уу? “Green hat” компани олон төрлийн малгай урладаг талаар бид өмнө нь Гарааны бизнес буландаа онцолсон. Тэд өнгө загвар, оёдол хийцээр хаа ч гологдохгүй малгай урладаг.
Та илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
ЭМЧИЛГЭЭНИЙ ЦАЙНУУД
2011 онд байгуулагдсан “Монос хүнс” компани олон төрлийн “Энхжин” цай үйлдвэрлэдэг. Дархлаа сэргээх, тайвшруулах, элэг хамгаалах, чацарганы эсвэл гааны навчтай, уушги, бөөр, чихрийн шижингийн гэх мэт төрлүүд бий.
Мөн “Хөвсгөл” цайг хүн бүр мэдэх болов. Хөвсгөл аймагт цай үйлдвэрлэгч 10-аад компани байгаа нь цайны түүхий эд болох ургамал тус аймагт ургадагтай холбоотой. Сүүлийн үед булцуут цэцгийн, Баавар гэх мэтээр цайны шинэ төрлүүд нэмэгдсээр байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд ч эдгээр цайг худалдаалах болов. “Монгол цай үйлдвэр”, “Монэнзим”-ийг ч энд заавал дурдах ёстой. Тэд Чихэр өвс, Чага, Цээнэ, Хунчир, Алтан гагнуур зэрэг олон төрлийн цай үйлдвэрлэж байна.
Мөн өтгөн хаталт зогсоох, даралт тогтворжуулах, гэдэс цэвэрлэх, хаван хөөх үйлчилгээтэй, чавганы 100 хувь цэвэр жүүс сонгож болох юм.
ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Манай ахмадууд тэтгэвэртээ гарч, гэртээ сууж эхлэхээрээ гадаад үзэмжиндээ анхаарахаа больж, ор тас орхигдуулдаг нийтлэг тал бий. Уг нь тэд маань гоо сайхандаа улам их цаг зарцуулах ёстой.
Манай орон эмчилгээний ургамлаар баялаг тул гоо сайхны бараа үйлдвэрлэгчид олширсоор байна. Seaberry зэрэг зарим брэнд экспортоо эхлүүлсэн. Монос косметик, Монкрем, Лхамур, Мандухай хатан, Мон Энзим, Дэвжих-Оюу, Гоо зэрэг компани гар, нүүрний тос, сүүн шингэн, тоник зэргийг үйлдвэрлэж байна. Нарны тос, уруулын будгийг ч дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ нь харьцангуй хямд. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд манай орны эрс тэс уур амьсгалд тохируулсан байдаг давуу талтай.
НООЛУУРАН ЦАМЦ, ХАНТААЗ
Нас ахих тусам хүн даарамтгай болдог. Иймд ноолууран эсвэл хонины ноосон цамц, хантааз хөгшчүүлд хамгийн их хэрэгтэй. Говь, Гоёо, Эвсэг, Алтай, Буян, Кашмер холдинг зэрэг олон компани ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдгээрт 8000 хүн ажиллаж байна.
“Монголд үйлдвэрлэв”, “Үндэсний үйлдвэрлэл” гэсэн үзэсгэлэн худалдааг хааяа зохион байгуулахад л бид сонирхон очдог. Тэгвэл энэ жилийн ахмадын баяраар дотоодод үйлдвэрлэсэн, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс сонгохыг танд зөвлөж байна.
Төгсгөлд нь хэлэхэд өнөө цагт бүх л зүйл ухаалаг болж байна. Ухаалаг гар утас, ухаалаг хөргөгч, ухаалаг банк, ухаалаг шуудан болон тавилгын талаар бид өдөр бүр сонсдог, уншдаг, үздэг. Тэгвэл эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал биднээс УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ болохыг шаардаж байна. Энэ нь бид өдөрт тутамд хийж байдаг худалдан авалт, сонголтоо эргэн харна гэсэн үг юм.Өөрөөр хэлбэл аль болох дотоодын үйлдвэрлэгчийнхээ бараа, үйлчилгээг сонгох цаг ирлээ.
Эх сурвалж. Gogo.mn