-8o
Улаанбаатар хот
mobile menu

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл “Өсвөрийн морин хуурчид”-ыг дэмжлээ

2016-10-03 11:43:56

Хоёрхон утсаар хорвоог уяраадаг хорвоод хосгүй морин хуур хөгжим минь гэж монголчууд Морин хуур хөгжмийг дээдлэн хүндэлдэг. Дэлхий дахинд Монгол соёлыг түгээн дэлгэрүүлж буй энэхүү гайхамшигт хөгжмийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийнхан онцлон “Өсвөрийн морин хуурчид” төслийг БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Гар утас, интернэт тоглоомонд чөлөөт цагаа зориулдаг болсон өнөө үед үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг сурагчдад төлөвшүүлж байгаа тус сургуулийн багш нарт эцэг эхчүүд ихэд ам сайтай байна.

67  дугаар сургуулийн захиар Ч.Алтансүх

-“Өсвөрийн морин хуурчид”-тай болох санал санаачилга гаргасан талаараа ярихгүй юу?

-Баянхошууны энэ бүс нутаг бол хөдөө орон нутгаас шилжин ирэхсэд олонтой. Гэхдээ нэг давуу тал байгаа. Юу гэхээр хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд монгол ахуйтайгаа их ойр байдаг л даа. Энэ төлсийг хэрэгжүүлэхдээ бид эцэг эхчүүдээс судалгаа авсан. Эцэг, эхчүүд, хүүхдүүдээ монгол ахуйтай ойр байлгахын тулд морин хуур хөгжим сургая гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд л энэхүү төслийг багш нартайгаа хамтран бичсэн.

-Сурагчид морин хуур хөгжим тоглож сурахын давуу талыг та юу гэж хардаг вэ?

Морин хуурын аялгууг монголчууд сүнс тэжээдэг гэж ярьдаг шүү дээ.Өөрөөр хэлбэл үйлдвэр, машин техникийн дуу бид бүхнийг маш ихээр бухимдуулдаг. Харин морин хуурын аялгуу, уртын дуу хүмүүсийг байнга тайвшруулдаг. Хүмүүсийн яриад байгаа гэрлэн бүрхүүлийг тэжээж байдаг аялгуу морин хуур, хөөмийнөөс гардаг.

Энэ төслийг эцэг эх, сургууль, төслийн баг гээд гурван талын оролцоотой хэрэгжүүлсэн. Тиймээс энэ төсөл маш амжилттай хэрэгжсэн. Энэ жил манай сургуулийн 40 жилийн ой тохиож байгаа. Тиймээс 40 морин хуурчинтай болсон. Манай хүүхдүүд морин хуур тоглоод удаагүй байгаа ч гэсэн 3-4 аяыг тун  чадварлаг тоглож сурсан.

Бага ангийн сургалтын менежер Х.Нарантуяа

-“Өсвөрийн морин хуурчид” төслийг бичсэн хүний хувьд төслийн ач холбогдлын талаар яривал?

-Хүүхдүүд өөртөө их итгэлтэй болдог юм байна. Чөлөөт цагаараа гадуур PC тоглодог байсан бол нэг найз нь морин хуур тоглож байгааг сонсоод өөрөө ч бас тоглох хүсэлтэй болох жишээтэй. Хүүхдүүд нэг нэгнээ их даган дуурайдаг шүү дээ. Морин хуурын дугуйланд суралцах сонирхолтой хүүхдийн тоо их нэмэгдэж байгаа.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл ийм боломж олгоогүй байсан бол манай сургуулийн энэ олон хүүхэд морин хуур хөгжим сурахгүй байсан. Үнэхээр л цаг үеэ олсон, олон хүүхдийн хөгжмийн мэдлэгт өгөөжөө өгсөн зүйл болсон гэж бодож байна.

МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир, дуу хөгжмийн багш Э.Төгөлдөрбаян нарын удирдлаган дор 40 сурагч морин хуурын аяыг ихэд чадварлаг тоглож байлаа. 5-11 дүгээр ангийн хүүхдийг хамруулсан энэхүү дугуйланд суралцаж буй хүүхдүүд зарим нь өөрсдийн морин хуураар тоглож байгаа бол амьдралын бололцоо таараа 10 хүүхдэд төслийн шугмаар морин хуур авч өгсөн байна.

Дуу хөгжмийн багш Э.Төгөлдөрбаян:

- 40 орчим хүүхэдтэй ажиллахад цаг зав, хүч хөдөлмөр их шаарддаг байх?

-Анх сургалт явуулж байхад их хүндрэлтэй байсан л даа. Одоо ингээд хүүхдүүдийнхээ сурсан байдлын харахад өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн.

-Танай дугуйлангийн хүүхдүүдийг харахад насны хувьд харилцан адилгүй байна. Ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүд хамрагдсан бэ?

-5-11 дүгээр ангийн хүүхдүүд байгаа. Хуурыг 10 наснаас дээш насны хүүхдүүд сурахад тохиромжтой гэж үздэг л дээ. Хүүхдэд хуур томдох, суултнаас эхлээд хөл их чилдэг. Ер нь бол их тэсвэр хатуужил шаарддаг.

-Эмэгтэй хүүхэд их байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэй хуурчид их болсон юм уу даа?

-Монголчууд эрэгтэй хүүхэд морин хуур тоглодог гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ хөгжим сурахад эрэгтэй эмэгтэй хүүхэд гэсэн ялгаа байхгүй Ер нь бол морин хуур тоглож байгаа эмэгтэй хүн их гоё харагддаг ш дээ.

Ийнхүү “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл олон хүүхдэд хөгжмийн боловсрол олгоход тусалж байгаад эцэг эхчүүд талархан хүлээж авч байгаа талаар багш нар онцолж байлаа

11 дүгээр ангийн сурагч Д.Халиунаа

-Танай дугуйлангийн хүүхдүүд их чадварлаг хөгжимчид болж. Хөгжим  тоглож сурахад хэр хугацаа зарцуулах вэ?

-Ер бол сурахад их хэцүү л дээ. Олон жилийн хичээл зүтгэлийн дүнд л төгс тоглож сурна гэж бодож байгаа. Хөгжим тоглосны давуу тал их. Морин хуур хөгжим тоглодог болон тоглодоггүй хүүхдийн хооронд ялгаа их ажиглагдаад байгаа. Хөгжим тоглодог хүүхдүүд хариуцлагатай бас аливаа зүйлд их хүлээцтэй ханддаг тал ашиглагдаад байдаг.

67 дугаар сургуулийн удирдлага, багш нар ийнхүү сурагчдад хөгжмийн боловсрол олгох их аянд хэдий нь ханцуй шамлан зүтгэж байна. Хэдийгээр төслийн хэрэгжих хугацаа дууссан ч гэсэн энэхүү “Өсвөрийн морин хуурчид”-ынхаа тоог улам нэмж үргэлжлүүлэх болсноо хэлж байсан юм. Эхний ээлжинд хөгжимчин болсон хүүхдүүд дараа дараагийн хүүхдүүдэд багшлаж морин хуурчдын тоо жилээс нэмэгдэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 76