“Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнэт бэлэг” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таны шинэ 7 хоногийн эхний өдрийн мэндийг эрье. Үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог “Монголын нэг өдөр” өнөөдрийн тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө бяцхан сэрэмжлүүлэг хүргэж байна. Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч цочир хүйтэрнэ гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тиймээс та маргааш гэрээсээ гарахын өмнө цаг агаарын мэдээгээ заавал харж, дулаан хувцсаа өмсөөрэй.
Чухал мэдээ: Зургаан сартай хүүхдүүдэд Улаанбурханы вакцин хийж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн зургаан сартай хүүхдүүдэд улаанбурханы урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэллээ. Өмнө нь есөн сартай хүүхдүүдэд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс 0 тунгаар хийх юм байна. Вакциныг нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүд хамрагдах аж. Мөн өнгөрсөн жил уг өвчнөөс сэргийлэх вакцин хийлгээгүй оюутан, 35-аас доош насны иргэдийг заавал хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Чухал байр суурь: Ж.Батзандан: Эрдэнэтийн хувийг хулгайлж авсан хүмүүстэй ЗГ нэгдчихлээ
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдээс цаг үеийн асуудлаар байр, суурийг нь сонслоо. Тухайлбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг луйврын аргаар хувьчилсан эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас байр, суурийг нь сонслоо.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар та ямар байр, суурийг илэрхийлэх вэ?
- Уг асуудлаар би байр, сууриа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын нэг хувийн компани Засгийн газрын шийдвэрийг үндэслэж авсан. Эрдэнэт үйлдвэрийг авсан процесс нь өөрөө зөрчилтэй, тодорхойгүй, луйврын шинжтэй, хууль зөрчсөн харагдаж байгаа юм. Тиймээс үүнийг тодорхой болгож өгөөч ээ гэдэг асуудлыг удаа дараа намын бүлгүүдэд тавьсан. Үүний дараа Засгийн газраас ажлын хэсэг гаргаж ажилласан. Харин Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-д танилцуулаагүй байна. Ний, нуугүй хэлэхэд Засгийн газрын ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулахаас зугатаж байна гэж харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдаж, хулгайлж авсан хүмүүстэй Засгийн газрын ажлын хэсэг нэгдэж байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд шударга ёс тогтооно гэж УИХ-д суусан. Түүнээс биш Ардчилсан, Ардын нам хоёр ээлжилж хулгай хийнэ гэж улс төрийн сонгуульд ороогүй. Засгийн газрын ажлын хэсэг дүнгээ танилцуулахгүй бол УИХ ажлын хэсэг байгуулаад уг асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Эцсийн цэгийг тавих ёстой. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хулгай хийдэг 1990 оны арга хэлбэр байдаг. Яг тэр арга хэлбэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хулгай хийлээ. Үүнийг тодорхой болгох ёстой.
- Танай нам эрх барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг зарах шийдвэрийг гаргасан. Тухайн үед нь та уг асуудлаар байр, сууриа илэрхийлж болоогүй юм уу?
- Зургадугаар сарын 29-ны өдөр сонгуулийн өдрийг далимдуулж Засгийн газрын гишүүн Б.Болор тэргүүтэй нөхдүүд ийм шийдвэр гаргасан байна лээ. Сонгууль болж байсан учраас ийм шийдвэр гарсаныг ч мэдээгүй. Ардын намын нөхдүүдэд хандаж би “Тэрний нам, энэний нам гэх шаардлагагүй. Хүний өөрийн гэлтгүй хулгайтай тэмц” гэж хэлсэн. Хулгайч, хулгай хийдэг нөхдүүд аль, аль нь байгаа байх. Тэднийг ялгаварлалгүй тэмцэх хэрэгтэй. Ардын нам эрх барьж байгаа учраас хулгайтайгаа тэмцэх ёстой.
Хоёр намын хэдхэн хүн нийлж байгаад ард түмний өмчийг зардаг. Тухайлбал...
- Эрдэнэтийн 49 хувийг хоёр нам дамжсан бүлэглэл зарсан байж магадгүй гэх хардлага Ц.Нямдорж гишүүний ярианаас төрсөн. Үүнтэй та санал нийлэх үү?
- Монгол улсын өмчийг хоёр намын хэдхэн хүн нийлж байгаад хулгай хийдэг болоод 10 гаруй жил болж байна. Нэр усаар нь ч хэлж чадна. Манай намаас Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс байдаг. Мөн Ардын намаас ордог хэд, хэдэн хүн байдаг. Энэ хүмүүс ичих хэрэгтэй. Монголын ард түмний өмчийг хамтарч 20 гаруй жил хулгайллаа. Одоо болих хэрэгтэй. Тэдний үр хүүхдүүд энэ улсад амьдарна шүү дээ. Монголын залуучууд уурлаж байна. Энэ улсад үргэлж хулгай гараад байвал хувьсгал хийгдэнэ ш дээ. Дандаа л хулгайн замаар асуудлыг шийднэ гэж бодож байвал том андуурал. Ардын нам хариуцлагаа хүлээж чадахгүй бол би ч бас тэсэхгүй. Хулгайчдыг Монгол төрөөс зайлуулах дараагийн алхамаа хийх л болно. Өөр арга байхгүй.
Ж.Мөнхбат өмнөх ЗГ-ынхан хулгайг нуугаад явж байна. Хулгайг хамгаалбал Ж.Эрдэнэбатыг зайлуулна
-Засгийн газар байгуулагдсаны 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар өөрсдийн чиг баримжаагаар ажиллаж чадсан гэж та бодож байна уу?
- Засгийн газрыг 100 хоногт ажиллах хугацаанд бид их тэвчээртэй ажиглаж байсан. Аливаа Засгийн газар 100 хоногийн хүрээнд бодлогоо гаргаж, зоримог алхам хийдэг уламжлалтай. Харамсалтай нь энэ Засгийн газар олигтой ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Өмнөх Засгийн газрын хулгайг үргэлжлүүлнэ гээд Ерөнхий сайд нь ярьж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх, газрын дарга Ж.Мөнхбат өмнөх Засгийн газрынхаа зарим хулгайг нуугаад явж байна. Ийм байж болохгүй залуучуудаа. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат гэсэн сайхан залуус гарч ирээд шударга бус зүйлтэй тэмцэх болов уу гэж горьдож байсан. Чадахгүй юм байна. Эхнээсээ буугаад өгчихлөө энэ нөхдүүд чинь. Оффшортой тэмцэнэ гэсэн яасан бэ?. Оффшорын хуулийг батална гэсэн ч өнөөдөр яриагүй л байна. Яагаад Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулахгүй байгаа юм. Ерөнхий сайд нь Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид зарсаныг зөвтгөсөн маягтай юм ярьсан байна лээ. Тийм юм байхгүй шүү Ерөнхий сайд аа. Хулгайг хамгаалж эхэлбэл өөрийг чинь зайлуулах асуудлыг хөндөнө.
Чухал сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 5, 6-нд зарим нутгаар хур тудас үргэжлэн орохыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулжээ.
Мөн энэ өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурах юм байна.
Түүнчлэн ойрын өдрүүдэд нийт нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан байх аж.
Чухал зөвлөмж: АТГ-аас СЕХ-нд зөвлөмж хүргүүллээ
Монгол Улсын сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байгаатай холбогдуулан АТГ-аас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд зөвлөмж хүргүүллээ.
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр Авлигатай тэмцэх газарт сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирсэн юм. Тэдгээрийн дийлэнх нь нийтийн албан тушаалтны сонирхлын зөрчлийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтнууд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэсэн агуулгатай байв.
Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа дээр дурдсан зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүргүүлсэн зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийгхангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаас хүсчээ.
2016 оны сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгаа энэ сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт албан ёсоор эхэлсэн билээ. Орон нутгийн сонгуулиар Улс төрийн их замналынхаа үүдийг нээж буй эрхмүүд энэ өдрөөс эхлэн өөрсдийн зураг бүхий самбараа байршуулж сурталчилгаагаа эхлүүлсэн юм. Тэгвэл уг сонгуульд нэр дэвшиж буй олны танил хүмүүсийг танилцуулж байна. Мөн Ураг төрлийн барилдлагатай улстөрчид бүх шатны байгууллагад өөрийн хүнээ, танил тал, ах, дүү амраг садангаа оруулахаар ийнхүү ажиллаж эхэлснийг доорх нэр дэвшигчдээс харж болохоор байна.
Дархлагдсан улстөрчид залгамжаа Орон нутгийн сонгуульд сойж байна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаад Баянзүрх дүүргийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболд мөн л охиноо энэ удаагийн орон нутгийн сонгуульд сойж байна. Түүний охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн зургадугаар тойрогт “хүч” үзэх аж. Ийнхүү дархлагдсан улстөрчид залгамж халаагаа Орон нутгийн сонгуулиас эхлүүлж байгааг зарим хүмүүс тэдний үзэл баримтлал, үйл хэрэг цаашид үргэлжлүүлнэ гэсэн таамаг дэвшүүлж суугаа нь лавтай.
Орон нутгийн сонгууль УИХ-ын гишүүдийн дүүгээр дутахгүй
Орон нутгийн сонгуульд хэд хэдэн УИХ-ын гишүүний дүү, эхнэрийнх нь дүү хүргэн гээд ураг барилдсан нөхдүүд нэлээд нэр дэвшсэн аж. Тэднийг Онцолбол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хүргэн дүү Б.Золбоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр тойрогт, МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар төрсөн дүүгээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо,эхнэрийнхээ дүүг 15 дугаар хороонд нэр дэвшүүлжээ. Үүнээс үзэхэд Орон нутгийн сонгууль УИХ-ын гишүүдийн дүүгээр дутахгүй бололтой. Түүгээр ч зогсохгүй УИХ, НИТХ-д өрсөлдөж өвдөг шороодсон нөхдүүд дүүрэгт үзэхээр болсон байна. НИТХ-ын сонгуульд хүч үзэж, бүдэрсэн нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан экс орлогч Т.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн есдүгээр тойрогт, Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт, дүүргийн Засаг даргын орлогч Б.Батхуяг 12 дугаар тойрогт тус тус өрсөлдөж “Даагаа” нэхэхээр болсон байна.
Урлагийнхан орон нутгийн сонгуулийн ард үлдэхийг хүссэнгүй
Үүгээр нэр дэвшигчид зогсохгүй ээ. Урлагийнхан орон нутгийн сонгуулийн ард үлдэхийг хүссэнгүй бололтой. Учир нь " Lumino " хамтлагийн Баажий, Дуучин О.Анхбаяр нар одоогоор нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарлаж үнэмлэхээ гардаж авсан зургаа оруулж дэмжиж туслахыг аминчилж байх жишээтэй. Тодруулбал, “Lumino” хамтлагийн дуучин Б.Батхишиг БЗД-ийн 18-р хорооноос нэр дэвшиж байгаагаа илэрхийлж цахим хуудастаа нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж буй зургаа оруулан “Би өөрийгөө сорьж үзэхээр шийдлээ. Өнөөдөр болж бүтэж байгаа зүйл энэ улсад маань цөөхөн байна. Залуу хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой нь болж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж, болж бүтэж байгаа зүйлсийг дэмжих нь нийгмийн идэвхтэй залуус бидний үүрэг билээ. Иймд одоо болох гэж байгаа сонгуульд өсөж төрсөн мөн хүмүүжсэн 18-р хорооноос нэр дэвшихээр боллоо” хэмээж Орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон шалгаанаа хэлээд амжсан юм. Энэ зүгээр л эхлэл.
Мөн Орон нутгийн сонгуулийн сонин, содон нэр дэвшигчдийн буухиа үүгээр дуусахгүй Ийгл телевизийн сэтгүүлч Э.Дөлгөөн Баянгол дүүргийн 7-р хороонд МАН-аас, “Монгол HD” телевизийн Ардын буйдан нэвтрүүлэгт амжилттай оролцож, үзэгчдийн талархлыг хүлээж байсан оролцогч Б.Батбаатар БГД-ийн наймдугаар тойрогт тус тус нэр дэвшиж байгаа аж.
Үүнээс үзэхэд улс төрийн сонгууль гэдэг хэн дуртай нь нэр дэвшдэг улс төрийн тоглоомийн талбар болсон гэдгийг харуулж байна. Нөгөө талаас төрийн алба гэдэг өөрийн гэсэн болгоноо оруулдаг хамгийн хямдхан “арга хэрэгсэл” болсон нь илт байна.
МАН-ын бүлгээс төсөв, мөнгөний бодлогын асуудлаар ажлын хэсэг байгуулжээ
УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан анхны хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хоёр ажлын хэсэг байгуулсан талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. 2017 оны төсвийн төсөлд санал дүгнэлт боловсруулах бүлгийн ажлын хэсгийг МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлахүндсэн чиглэлийн төслийн талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахлах юм.
Бүлгээс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодруулсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Засгийн газар ажлын хэсэг байгуулж ажилласан. МаргаашЗасгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг мэдээллээ танилцуулах юм билээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газар сонссоны дараа УИХ-аар хэлэлцэх байр суурьтай байна” гэв.
Гэр нь шатаж, есөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ
Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж есөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс айл шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчдыг очиход есөн настай хүү амиа алдсан байжээ. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.
Т.Тулга хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Якутск хотноо ЗХУ-ын Гавъяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дэх удаагийн чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай гурван бөх зодоглосноос ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт якутын бөх Петр Павловыг 8:1 онооны харьцаагаар ялсан ч гуравдугаар тойрогт буриадын бөх Баяр Цыреновт цэвэр ялагдсан байна.
С.Гантогоо Гранпри шагналын эзэн болов
БНСУ-ын Чанвон хотод болсон "Migrant Arirang Multiculturural festival- 2016" олон улсын дулаачдын 11 дэх удаагийн уралдааны С.Гантогоо оролцож Гранпри шагналыг эзэн боллоо. Энэхүү наадам нь Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийн дунд зохион байгуулагддаг аж. С.Гантогоо тус улсад есөн жил амьдарч буй бөгөөд долоон жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцож байжээ. Тухайн үед амжилт гаргаагүй тухайгаа тэрбээр дурссан байна. Харин энэ удаад тэмцээний эцсийн шатанд тунан үлдэж, 3000 гаруй дуучинтай өрсөлдөж Гранпри шагнал хүртжээ.
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.