Түргэн хоолны KFC сүлжээ ресторан манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Дэлхийд алдартай олон улсын KFC сүлжээ ресторан Улаанбаатарт анхны салбараа 2013 онд нээлтээ хийсэнээс хойш үйлчлүүлэгчийг хуйлруулсан гэж хэлж болно. Монгол дахь анхны “tech-savvy” буюу орчин үеийн технологийн шийдэл бүхий рестораны интерьер дизайнтай хэмээн өөрсдийгөө магтдаг тус газар наад захын соёлыг мэддэггүй бололтой. Тодруубал, 3,4 дүгээр хорооллын Өргөө кино театрын зэргэлдээ байрлах KFC сүлжээ ресторан нэлээд шүүмжлэл дагуулаад авлаа. Учир нь тус рестораныхан өөрсдийн хэрэглэсэн хогоо нийтийн эзэмшлийн талбайд ил задгай хаясан тухай баримтыг нэгэн фэйсбүүк хэрэглэгч зурагжуулан цахим хуудастаа дэлгэжээ. Оршин суугчдын мэдээлж байгаагаар энэ нь зөвхөн ганц удаагийн үйлдэл биш бөгөөд хорооллын KFC сүлжээнийхэн энэ мэтээр удаа дараалан хогоо ил задгай хаяж байсан талаар гомдоллож байгаа юм.