8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчид мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой болсон

2016-10-04 16:11:00

Дэлхийн банк, БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Боловсролын чанарын шинэчлэл” төсөлд ерөнхий боловсролын 200 сургууль хамрагдсан. Энэхүү төслийн хүрээнд сургуулийн удирдлага, багш нар өөрийн сургуульд нэн шаардлагатай байгаа асуудлаар төсөл бичиж оролцсон. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн тухайд радио нэвтрүүлэгтэй болох санал санаачилга гарган амжилттай хэрэгжүүлж байна. Өглөө бүрийг төрийн дуулалаа сонсноор эхлүүлдэг сурагчид оюуны их ачаалалаа тайлах үүднээс хөнгөн хөгжмийн аянд 3 минутын дасгал хөдөлгөөн хийдэг уламжлал энэ сургуульд тогтсон байна. Үүний зэрэгцээ тус сургуулийн сурагчид сургуулийн дүрэм журам, нэн шаардлагатай зар мэдээллийг радио үзелийн тусламжтайгаар хүлээн авч сонсдог байна.

1 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэнхүү

-Радио нэвтрүүлэгтэй болох санал санаачилгыг яагаад гаргах болсон бэ?

-БСШУСЯ болон Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй энэхүү төсөл их үр өгөөжөө өгсөн. Сурагчид болон сургуульд нэн шаардлагатай байгаа зүйл, тулгамдаж буй асуудлын  талаар багш  эцэг эхчүүдийн дунд санал асуулга явуулсан л даа. Ингэхэд  олонхи нь энэхүү радио нэвтрүүлэгтэй болох саналыг дэмжсэн байсан. Мэдээж хэрэг олон төрлийн санал бичсэн байсан. Тухайлбал морин хуурын дугуйлан, анги танхим тохижуулах гээд.

Ингээд олонхийн саналыг үндэслэнбага ангийн багш нар хамтран радио нэвтрүүлэгтэй болох энэхүү төслийг бичсэн.

-Төслийн давуу талыг онцлон дурдахгүй юу?

-21 зуун өөрөө мэдээллийн зуун шүү дээ. Тиймээс мэдээллээр олон хүнийг нэгэн зэрэг хамруулах хамгийн шалгарсан арга бол радио узел гэж боддог. Манай сурагчид радио нэвтрүүлэгийн тусламжтайгаар өглөө бүр хөнгөн хөгжмийн аянд дасгал хөдөлгөөн хийдэг мөн өдөр тутам заавал мөрдөх ёстой дүрэм журмыг сурагчдад танилцуулахаас гадна танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээ мэдээллийг хүргэдэг. 9 дүгээр сард л гэхэд энэхүү узелийн тусламжтайгаар мэндлэх ёсны талаар өдөр бүр давтамжтайгаар мэдээлэл хүргэсэн. Энэ нь хүүхдийн хүмүүжилд нэлээн тус дөхөм үзүүлсэн гэж бодож байгаа.

-Хүүхдэд хүргэж буй мэдээллийг хэн хэрхэн бэлтгэн хүргэдэг вэ. Үүнд эцэг эх,  сурагчдын оролцоо хэр байдаг вэ?

-Энэхүү радио нэвтрүүлгийг нийгмийн ажилтан хариуцан явуулдаг. “Радио сурагч”-ийг бэлтгэж байгаа. 4-5 дугаар ангийн сурагчид радио нэвтрүүлэг бэлтгэн хүргэх юм. Ингэснээр хүүхэд хүүхдээсээ суралцах боломжтой болж байна.

-Дэлхийн хөгжилтэй орнуудын ерөнхий боловсролын сургуулиудад энэхүү радио нэвтрүүлгийг өргөнөөр ашигладаг. Танай  сургууль хаанаас туршлага судалсан бэ?

-Япон улсын туршлагыг 20 гаран  жилийн өмнөөс манай сургууль анх хэрэгжүүлж эхэлсэн. Харин бага сургуульд энэ төхөөрөмж байхгүй байсан.

-Онцгой байдлын үед их хэрэгтэй зүйл байх. Манай улс онцгой байдлын үед ашиглах дуут дохио, мэдээлэл хүргэх арга хэрэгслийн хувьд хомс байдаг шүү дээ?

-Тийм. Газар хөдлөлтын дадлага сургуулалтын үед манай сургуулийнхан ашигласан. Үнэхээр нэг дор олон хүнд нэгэн зэрэг мэдээлэл хүргэдэг гэдэг утгаараа байгалийн онц аюултай үзэгдлийн үед хамгийн найдвартай мэдээлэл дамжуулах хэрэгсэл болно.

Ийнхүү “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд олон сургууль өөр өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа тодорхой хэмжээнд шийдүүлж чадсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл