8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүллээ

2016-10-04 17:40:44

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ӨДРҮҮД

2016.09.19-30

Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн өдрүүдийг олон улсын хэмжээнд 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх сайн дурын хэдэн сэтгүүлч нэгдэн бусдыгаа уриалж байсан нь жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр олон орныг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон байна. Өнгөрсөн жил “Глоб интернэшнл төв” ТББ энэ өдрийг Монгол улсад анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Монгол улс олон улсын сүлжээнд нэгдэн энэ өдрүүдийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тэдний санаачилсан энэхүү арга хэмжээг энэ жилээс Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл 9 дүгээр сарын 19-30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэв.

 Энэ өдрүүдийн хүрээнд GoGo мэдээний агентлаг Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл (МХМЗ)-тэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй-Таны бодлоор” онлайн хэлэлцүүлгийг редакц дээрээ зохион байгуулсан. МХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүд, сэтгүүлчид, иргэдийн төлөөлөл оролцсон энэхүү хэлэлцүүлэг олон нийтээс санал асуулга авч шууд хариулан live явагдсанаараа онцлог боллоо. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг: http://news.gogo.mn/r/193493 сайтаас уншина уу.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүдийг тохиолдуулан редакциудыг Ёс зүйн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, энэ сэдвийг хөндөн ярилцахыг МХМЗ-өөс уриалсан юм. Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд “Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн иргэдийн гомдлуудын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа, сэтгүүлчийн ёс зүйн зарчмын талаар сэтгүүлчдэд танилцууллаа.

 

 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр МҮОНТВ-ийн “Монголын мэдээ” сувгаар нэвтэрсэн “Монгол улсад хэвлэл мэдээллийн ёс зүйг төлөвшүүлэх нь” нээлттэй хэлэлцүүлгийг Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөлөөс санаачлан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Глоб Интернэшнл төв” ТББ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл болон сэтгүүл зүй, хууль эрхзүйн их дээд сургуулиудын оюутнууд, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, сэтгүүлчдийн дунд “Ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө” сургалт-хэлэлцүүлгийг МХМЗ зохион байгуулж, хэвлэл мэдээллийн ёс зүй, хариуцлагын тогтолцооны шинэ чиг хандлага, соёлыг төлөвшүүлэхийг уриаллаа.  

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүрэлцэн ирж, "Сэтгүүлчийн ёс зүй ба хууль эрх зүйн орчин" сэдвээр сэтгүүлчидтэй ярилцав.

Хэлэлцүүлэгт МХМЗ-ийн гишүүд “Хэвлэл мэдээллийн ёс зүй, өнөөгийн байдал, Хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйд суурилсан хандлагыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьснаас гадна Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын талаар сурталчлан таниулах сургалт хийж, хүрэлцэн ирсэн редакциудад Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг гардуулсан юм.

Уг хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.ikon.mn/n/ubv сайтаас аваарай.

Даваа гараг бүр үзэгчдэд хүрдэг Монгол Телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгээр “Хуулиас дээгүүр” сэдвийн дор хэвлэл мэдээллийн ёс зүйг хөндсөн хэлэлцүүлэгт олон талт төлөөллийг оролцуулан сонирхолтой мэтгэлцээнийг өрнүүллээ.https://www.youtube.com/watch?v=QeOuDPCVUcU&feature=youtu.be

Мөн энэ өдрүүдийн хүрээнд АНУ-ын ЭСЯ-ны урилгаар олон улсын эксперт, Индианагийн их сургуулийн професор , доктор Шерри Ричиарди (Sherry Ricchiardi) хүрэлцэн ирж, МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүдтэй уулзалт, дугуй ширээний ярилцлага хийн санал бодлоо солилцсон юм.

Ийнхүү 9 дүгээр сарын сүүлийн хоногууд ёс зүйн сэдвээр “амьсгалж”, нийслэл хот төдийгүй хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхитэй оролцсон нь иргэдийн үнэнд нийцсэн, баталгаатай мэдээлэл авах эрхийн төлөө ажилладаг хэвлэл мэдээллийн салбарынхан хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэхийн зэрэгцээ хариуцлагын тогтолцоогоо олон улсын сайн жишигт нийцүүлэн сайжруулах эрмэлзлээ илэрхийлсэн үйл явдал боллоо. 

Top of Form

Bottom of Form

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment