8o
Улаанбаатар хот
mobile menu

“Голомт банк” Паушоктой нийлж “Алтандорнод” –ыг залгих уу  

2016-10-05 11:34:00

“Алтан Дорнод Монгол” компаний захирал С.В.Паушок гэж орос эр Монголын алтаар баахан тоглоод хилээр зугтан гарсан. С.В.Паушокийн хэргийн талаар Монголын нийгэм хэрхэн шуугиж байсныг уншигчид сайн мэднэ. Энэ нөхөр Японы алдарт “Иточу” корпароцитай холбоотой байсан төдийгүй сэжиг бүхий зорилгоор олон тэрбумын иеныг  зориулалтын бусаар эргэлдүүлж  үүнд нь “Голомт” банк холбогдсон ноцтой хэрэг байдаг. Энэ явдал 2007 онд болсон бөгөөд үр дагавар нь одоо болтол үргэлжилж буйг өчигдөрхөн хэвлэлээр дэлгэгдсэн Алтан Дорнодын “ИЛ ЗАХИДАЛ”-аас харж болно. “Голомт” банк нь 2007 оны 7-р  сарын 5-ны өдөр “Алтандорнод Монгол”-ын хүсэлтээр   34,1 тэрбумын дүнтэй таван аккредитивийг Япон улсын Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид нээх гэрээ байгуулжээ.

Уг аккредитивын дагуу “Алтан Дорнод Монгол” нь Японы алдарт корпорациас уул уурхайн машин механизм худалдан авах байж. Хэлцлийн дагуу аккредитив нээгч банкаар Голомт банк, аккредитив нээлгэгчээр “Алтандорнод Монгол”, төлбөр хүлээн авагчаар буюу бенефицараар Япон улсын “Иточу” корпораци оролцсон ба энэ нь Олон улсын худалдааны танхимын Банкны техникийн хорооноос боловсруулан гаргасан 1993 оны Аккредитивийн нэгдсэн журамд нийцсэн байж. Төлбөр хариуцагч буюу нь “Алтандорнод Монгол” нь аккредитивийн дүнгийн 1.5 хувь иений шимтгэлийг нэг удаа төлж, аккредитивийн нөхцөлд заагдсан барааны төлбөр гүйцэтгэх өдрөөс 3 хоногийн өмнө төлбөрийн эх үүсвэрийг банкин дахь аккредитивийн эх үүсвэрийн дансанд төвлөрүүлэх, гэрээний 2.5-д заасан хугацаанд төвлөрүүлээгүй тохиолдолд хоногийн 0.06 хувийн алданги тооцож төлөх, хугацаа хэтрүүлсэн алдангийг ам доллараар тооцож төлөх  үүрэг хүлээж. Хүлээсэн үүргийн баталгаа болгож нийт 15 ширхэг  ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл,  уул уурхайн зориулалттай 39 ширхэг машин механизм,  Сонгинохайрхан дүүргийн нутаг Рашаантанд байрлах нефть боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай 13 дуусаагүй барилга байгууламж,  нефть боловсруулах үйлдвэрийн зориулалттай 690000 мкв газар ашиглах эрх гэрчилгээ, ажилчдын тосгоны 42 ширхэг дуусаагүй барилга байгууламж гээд С.Паушок нь бараг өөрт байгаа бүхнээ барьцаалжээ. “Голомт” банкаар нээлгэсэн  аккредитивууд нь баталгаагүй, буцаан үл дуудах, эх үүсвэргүй байсан гэнэ. Аккредитивийн гэрээнд зааснаар Голомт банк дээрх аккредитивуудыг нээсэн тухай мэдэгдлийг “Токио Мицубиши” банк руу свит сүлжээгээр явуулж. 

Ингээд “Голомт” банк нь аккредитивийн нэгдсэн журамд заасан үүргээ биелүүлсэн гэсэн боловч Японд байдал эсрэгээрээ эргэжээ. “Иточу” корпораци нь “Алтандорнод Монгол” болон “Востокнефтгаз” компанитай байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг Япон улсын худалдааны Арбитрын холбоонд гаргажээ. Япон улсын худалдааны Арбитрын холбоо нь Иточу корпорацийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэх явцад ханган нийлүүлэгчдийн нэг болох ОХУ-д байршилтай “МОПС-Бизнес ЛТД” гэх компани  нь офшор бүс болох Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй байсныг тогтоож. Мөн уг компаниас ямар ч барааг худалдан авагчид хүргүүлээгүй байжээ. “Бодит байдал дээр Голомт банкаар дамжин төлбөр тооцоо нь хийгдсэн гэрээний дагуу нийлүүлэгдэх ёстой байсан тоног төхөөрөмжүүд нь Монгол улсын хилээр ч орж ирээгүй, “Алтандорнод Монгол” буюу худалдан авагч тал энэ төлбөрүүдэд ямар ч эд хөрөнгө хүлээж аваагүй” хэмээн тус компаний одоогийн захирал Т.Ганболд баталж байсан. “Иточу” корпораци нь дээрхи төлбөрийн дагуу нийлүүлэгдэх машин техник, тоног төхөөрөмжийн төлбөр захиалгыг ОХУ болон Украйны машин техник үйлдвэрлэгч компаниудад өгсөн гэдэг тайлбар хийдэг боловч тэдгээр нь бодит машин техник худалдах, худалдан авах зорилгыг угаасаа анхнаасаа агуулаагүй, зөвхөн худалдааны болон аккредитивийн гэрээгээр халхавчлан ОХУ-ын компани хувь хүмүүст мөнгөн хөрөнгийн санхүүжилт өгөх санхүүгийн үйл ажиллагаа байсныг Япон улсын худалдааны арбитрын шүүх тогтоожээ.

Ийнхүү С.Паушокын Орос дахь эзэддээ өгсөн мөнгө эсвэл улс дамнасан санхүүгийн луйвардаа “Голомт” банкыг ашигласан байж магадгүй том хэрэг дэгджээ. Харин Голомтынхон уг хэрэгт өөрсдийгөө буруугүй хэмээн үзэж шүүхээр заргалдаж эхэлжээ. Гэтэл Алтандорнодынхон тэс өөр зүйл ярьж уг хэрэгт Голомт, .Паушоктой хуйвалдсан гэж байгаа юм. Тэдний байгуулсан гэрээг Япон Улсын Худалдааны Арбитрын шүүхийн 2013.10.30-ны өдрийн №12-02, №12-03 тоот шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014.11.05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус худалдааны хэлцэлийн үндсэн дээр хийгдсэн аккредитивын хэлцэл хүчингүй болохыг, мөн уг гэрээний дагуу шилжсэн мөнгийг манайх авч ашиглаагүй ба үүний төлбөрт ямар ч машин техник орж ирээгүй болохыг шүүхийн шийдвэрт маш тодорхой дүгнэж, “Алтандорнод Монгол” ХХК нь дээрхи гэрээнээс үүссэн төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй болохыг эцэслэн тогтоожээ. Гэсэн ч Голомт банк нь С.В.Паушокийн үед өөрсдийн хамтран үүсгэсэн хиймэл зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр улайран зүтгэж эхэлсэн гэж “Алтан Дорнод”-ын зүгээс мэдэгдээд байна. Дээрхи таван аккредитив хуурамч худалдааны 21 гэрээгээр дамжуулан С.В.Паушок-Голомт-ИТОЧУ-МОПС-ийн хийж байсан 7.1 тэрбум иен буюу 159.7 тэрбум төгрөгийн хууль бус санхүүгийн схемийн нэгээхэн хэсэг нь байсан аж.

Энэхүү схемээр дамжуулан С.В.Паушок-Голомт банк нар нь гадаад улс руу хөрөнгөө Монголын хууль, хяналтын байгууллагаас бултуулан гаргаж, Засгийн газартай шүүхдэлцэх бэлтгэлээ хангаж хиймэл хохирол бий болгосон бөгөөд тэрээр алтны 68 хувийн татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг ОУ-ын арбитрын шүүхэд өгч 1 тэрбум гаруй ам.долларын хохирол нэхэмжилсэн ба манай хууль, хүчний байгууллага түүнд их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэж Алтандорнод үзэж байгаа аж.

Тус компанийн зүгээс “Энэ компаниудын хувьцааг худалдан авсан зээлийн төлбөрт танай банкинд нийт 33.1 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 25 сая ам.доллар төлсөн боловч бидний зүгээс цаашид ийм хууль бус үйл ажиллагаанд орооцолдож түүний золиос болох, хөрөнгө болж орж ирээгүй, хэсэг хүмүүсийн хууль бус ажиллагаагаар үүссэн хиймэл өр, төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулах ямар ч боломжгүй ба ийм шаардлага ч байхгүй тул хөрөнгөөсөө татгалзаж танай банкинд шилжүүлж байна.Иймд Монгол улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон  Голомт банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, “Алтандорнод Монгол” ХХК,“Бумбат” ХХК-иас 100%-ийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу” хэмээн мэдэгдээд байгаа юм.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сараа
Голомт ийм муухай банк байсан юм уу
2016/10/05 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment