8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: 16 дэд сайдаасаа эхлээд зардлаа танах хэрэгтэй

2016-10-05 14:53:00

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, ирэх оны төсөв, орон нутгийн сонгуулийн асуудал болон бусад асуудлаар хэлэлцжээ. Хуралдаанд тус бүлгийн гишүүдээс гадна орон тооны бус зөвлөхийн гишүүд болох УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Болор нар оролцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: “Бид сөрөг хүчин гээд бүх зүйл дээр сөрөг байр суурь бариагүй. Төсөв, санхүүгийн хувиарлалт дээр болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжээд явна. Төсөв дээр АН-ын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална. Мөн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд асуудал их гарч байгааг хэлээд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг үйлдэл их гарч байна гэв. Мөн Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдаж байгаа учраас сонгуулийг луйвардах, улмаар олонхиороо хүч түрж шийдвэр гаргах боломжтой” гэв.

Харин  УИХ-ын гишүүн, УИХ дахь Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа “2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийгдэх зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ний 9.9 хувьтай буюу нийт 2.6 их наяд төгрөг байхаар орж ирсэн байна. 2016 оны тодотголыг хийхдээ оны эцсээр 1.7 их наядын алдагдал байхаар байна гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2.6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт явагдахгүй гэсэн төсөөллөөр тооцоолсон байна. Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж байна. 2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2.8 их наядаар орж ирсэн байна. Энэ нь 2.6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2.8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрөө юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8.5 их наяд төгрөг гэж баталсан. Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6.9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргана” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 -Хүүхэд харах үйлчилгээг хойшлуулах төсөв өргөн барилаа. Үүнээс болж 6000 гаруй хүүхэд цэцэрлэггүй болно гэсэн мэдээлэл байна. Дээр нь энэ үйлчилгээг эрхлэх гээд байшин саваа барьцаанд тавьсан, зарсан хүмүүс олон байгаа. Энэ хүмүүст нөхөн олговор олгох уу. Энэ асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

 -АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Өнөөдөр иргэдэд хүрч байгаа сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоож байна. Зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан байна гэдгийг иргэдэд итгүүлэх далд санаа юм. Бодит байдал дээр 2012 оноос эдийн засаг муудсан. Тухайн үеийн олон улсын зах дээр дээр манай улсын эдийн засгийн гац тулгуур болсон уул уурхайн түүхий эдийн үнэ ханш 3-5 дахин огцом унасан. Үүнийг дагаад эрсдэлтэй нөхцөл байдлууд үүссэн. Өргөн барьсан төсвийн тухай хуулийг харахад ганц тулгууртай эдийн засгийг олон тулгуурт эдийн засаг руу хөрвүүлэх, түүн рүү зорьсон ямар нэгэн хөтөлбөр арга хэмжээ авах зүйл тусгаагүй. 6000 гаруй хүүхэд болон энэ үйлчилгээг эрхэлж байсан иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ дээр ямар нэгэн нөхөн олговрын тухай яриагүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг хэмнэсэн эдийн засагт ямар үр өгөөж байгаа юм гэдгийг ойлгохгүй байна. 6000 хүүхдийг ямар цэцэрлэгт авах юм. Тэр хүүхдийн сурч, хүмүүжих орчин нь хаана байна. Тэр орчныг бий болгож байсан иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ гээд ярих юм бол маш их сөрөг үр дагавартай шийдвэр.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Төсвийн зардлыг бууруулах тал дээр нэлээд судалдсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь оруулж ирсэнгүй. Зардлыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгрөөс төсвийн урсгал зардыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноос 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байсныг болиулж 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнууддаа дэмжих төрийн бодлогын ухралт. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгон хойшлуулсанаар 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. 5.6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6700 орчим хүүхдийг хохироож байна.

 -Энэ удаагийн өргөтсөн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг ярьсан уу. Үнэхээр танай нам засаг барьж байх үед Сангийн сайд Б.Болор нууц тогтоол гаргасан юм уу?

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ж.Батзандан хоёрыг энэ асуудлыг судлах үүрэг өгсөн. Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдах худалдан авах процесс. Энэ асуудал хэрхэн явагдсан, хууль зөрчсөн нь үнэн үү, худал уу гэдгийг баримтаар баталгаажуулах арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно.

-Ирэх оны төсвийн төслөөр зээлийн эргэн төлөлтөд 6.6 их наяд буюу төсвөөсөө давсан өр төлнө гэж тусгасан. Энэ өрийг дарахын тулд дахин зээл авах талаар эрх баригч намынхан ярьж байна. Өрөө дарахын тулд дахиж зээл авдаг байж болох юм уу?

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Чингис” бондыг төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр энэ бондыг төлөх хугацаа тулаад ирсэн юм шиг яриад байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар Чалко-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс л Тавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна. Ер нь 2017 оны улсын төсвөөс эдийн засгийн реформ хийгдээгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Тиймээс бидний хувьд бүрхэг асуудал хэвээр байгаа. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна. Тийм учраас орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.

-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2017 оны төсөвт танагдахаар орж ирсэн үү. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон. Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмжийг олгоно гэж орж ирж байгаа. Өнгөрсөн сард энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй. Яагаад гэвэл хууль цуцлагдсан. 2017 оноос эхлээд тэтгэврээ тогтоолгох иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.

-Хэмнэж болох зардлуудаа нэрлээч?

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хэмнэж болох зардал олон байна. 16 дэд сайдын орон тоог байхгүй болгохоос эхлээд туслах, машин унааны зардал, тавилга гээд зардлуудыг хасахад маш олон сая төгрөгийн хэмнэлт гаргаж болно.  Эдийн засгийн хямралтай энэ үед гадаадад байгаа шаардлагагүй ЭСЯ-дын орон тоог гадаад улс орнууд цомхотгож, татан буулгаж байна. Төр өөрөөсөө эхэлж хэмнэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Төсвийн ерөнхийлөгч захирагч нарын тэвчиж болох урсгал зардлуудаас зөвхөн 24 тэрбум төгрөгийг хэмнэхээр заажээ. Үүнээс ч олон зардлыг нэмнэж болно. 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирж байна. Засаг даргын Тамгын газрын конторын байр, дарга нарын байрны засвар үйлчилгээ, тохижилт энэ дотор багтжээ.  Энэ жилдээ конторын байр нураад уначихгүй бол тэвчиж болно. Хүүхэд харах үйлчилгээнээсээ танаж, ахмаддаа олгох тэтгэмжийг харамлаж байгаа юм чинь Засаг даргын байрны тохижилтыг тэвчиж болно гэж харж байна.

О.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
oorsdoo terbum terbumaar ni hulgai hj ochnoon ondor barilga barichaad bue bieniihee harg gaihchih uym daa
2016/10/06 139.5.218.63
zochin
erdenee ta 3/4 r horoolold barisan 18 davhar barilgaa yamar mongoor barisanaa ard tumend yag uneneer ni tailbarlachih daa hulgai hiisen biz de
2016/10/06 139.5.218.63
Эрдэнэ
Энэ 16 дэд сайдын орон тоогоо хасаач дээ
2016/10/05 122.201.27.244
зочин
Та нар ч дэд сайдын зардлыг хэмнэж байсан бол улс ихгэж хямрах уу
2016/10/05 202.9.44.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment