Үл ялиг ногоон судалтай шаралсан навчис, модны мөчир цасанд дарагдан бөхийжээ. Тэртээ дээр тэнгэрт үүлс хөшилдөж өвөл айсу. Шив шинэхэн, цав цагаахан цас бударч эх оронд минь нэгэн өвөл ирлээ. Эрхэм уншигч та бүхэндээ цастай өдрийн мэндийг хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу.
Чухал хувьчлал: Төрийн өмчит компаниудыг хувьчилна
УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх юм. Ирэх оны төсөвт зарим Төрийн өмчит компанийг хувьчлах асуудлыг тусгасан байна. Тухайлбал, “Оргил” рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг аж ахуйн нэгжүүдийг хувьчлахаар ирэх оны төсөвт тусгажээ.
Чухал сэдэв: Ц.Даваацэрэн: “Эрдэнэт”-ийг худалдаж авсан асуудлаар мэдээлэл өгөхгүй
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг бид мэдэхгүй. Тэр бол Засгийн газар хоорондын асуудал. Энэ талаар би мэдээлэл өгөхгүй” гэв. Мөн тэрбээр хувьцаа эзэмшигчдийн ТУЗ шинээр байгуулагдсан. ТУЗ-ын дарга нь Да.Ганболд болсон гэлээ. Харин "Татварын тухайд Ц.Нямдорж гишүүний хэлээд буй шиг 20 тэрбумын татвар төлөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр энэ оны найман сарын байдлаар 134 тэрбум төгрөг төлсөн. Улсын төсөвт 64 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбумыг төвлөрүүлсэн. Үүнээс 44 тэрбумыг 2015 онд урьдчилж төлсөн. Хамгийн сүүлд Сангийн яаманд өгсөн татварын тайлангийн дүнг Ц.Нямдорж гишүүн ярьж байна лээ” гэв.
Чухал мэдээ: Уушгины хатгалгааны эсрэг вакцин хийж байна
Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь хатгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа аж. Харин манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг гарчээ. Тиймээс уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг өвчлөл өндөртэй дээрх хоёр дүүрэгт хийж байгаа юм. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авч товлолд заасан насны хүүхдээ дээрх вакцинд хамруулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Чухал сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд хальтиргаа үүссэн тул жолоо нар болгоомжил
Өчигдөр оройноос хойш нийт нутгаар нойтон цас, бороо орсоноос үүдэн орон нутгийн замд хальтиргаа, гулгаа үүсчээ. Тодруулбал, хойд чиглэлд 61 гарам, Баруун турууны даваа, Борнуур, Жаргалант орчим цас бороо холилдож орж, Өвөрхангай аймагт мөн цас бороо холилдож орсон бол Завхан Тосонцэнгэл бороо, Дундговь аймаг Сайнцагаан-Хулд сумын хооронд бороо оржээ. Харин Баянхонгор аймаг шуурга шуурчээ. Мөн А14 дугаартай Ховд-Манхан- Булган-Улсын хил чиглэлийн замд Бага улаан даваа-Бодончийн хавцал хооронд 70 км-т цасаар шуурсан байна. Иймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүтэн байдлыг хангуулж замд гарах, үзэгдэх орчноо зөв тооцоолж, тохирох хурдыг сонгож явахыг зөвлөж байна.
“Луйвар” нь цайрсан ХААН банк
Үйлчлүүлэгчийнхээ итгэлийг уландаа гишгэж “Луйвар” нь цайрсан ХААН банк
ХААН банктай холбоотой нэгэн дуулиан шуугиан өчигдөр цахим ертөнцөд “Өндөрөө” авлаа. Тодруулбал, өчигдөр "ХААН банк"-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөгийн зарлага гарсан байна. Түүний дансанд энэ сарын 3-ны өдрийн 15:49 минутад хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа эргэн зарлага болон гарчээ. Дансан дахь хоёр сая төгрөг нь гэнэт алга болсон асуудлаар харилцагч тус банкинд өөрийн биеэр хандаж “Хаашаа хэн рүү ямар утгатай гүйлгээ хийсэн нь тодорхойгүй байна. Шалгуулах гэсэн юм” гэхэд “Хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Цагдаад ханд” гэхээс өөр хариулт өгөөгүй аж. Уг нь бол иргэн өөрийн дансны гүйлгээр харах ёстой. Тийм ч эрхтэй санагдах юм. Гэтэл харилцагчдынхаа мэдээллийг найдвартай хамгаалж чадах итгэлтэй түнш хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкны хувьд үйлчлүүлэгч дансан дахь мөнгөө ямар учраас хэн рүү шилжсэн болохыг асуухад “Бид мэдэхгүй. Цагдаадаа ханд” гэсэн нь “Системд алдаа гарсан тул гүйлгээ хийх боломжгүй” гэдэг бичиг гарч ирдэг АТМ-тэй “Агаар” нэг мэт. “Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө” уриатай ч ийнхүү үйлчлүүлэгчийнхээ итгэлийг уландаа гишгэж “Луйвар” нь цайрсан ХААН банк.
Өдөрт хамгийн багадаа 77800 төгрөг ямар ч зарлаггүйгээр ХААН банкны “Халаас” руу ордог
Нэг бяцхан бодлого бодъё “ХААН банкны АТМ улсын хэмжээн нийт 778 ширхэг байдаг юм байна. 778 АТМ-ээр тус бүр нэг иргэн үйлчлүүлдэг гэж тооцоход өдөрт хамгийн багадаа 77800 төгрөг ямар ч зарлаггүйгээр ХААН банкны “Халаас” руу ордог гэсэн үг. Энэ тоог хоёр дахин үржүүлбэл 155600 төгрөг болно. Гэхмэтчилэн гурав, дөрөв дахин үржүүлэхэд багагүй хэмжээний мөнгө дүн гарна. Энэ бол ХААН банкны цахим үйлчилгээний нэгнээхэн хэсэг. Цаашилбал, Интернэт банк, Мобайл банк, Телефоны банкны үйлчилгээ, Ухаалаг мэдээ, И-Билинг, Cash back үйлчилгээ, Гадаад гуйвуулга зэрэг маш олон үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр шимтгэл авна. Эдгээр үйлчилгээний шимтгэл нь АТМ-ынх шиг зуун төгрөгөөр хэмжигдэхгүй хэрэглээ, зэрэглэлээсээ хамаарч хэдэн мянгаар яригдах шимтгэл авдаг.
Техник, тоног төхөөрөмжөө шинэчилсэн ч иргэдэд бус ХААН банк тус болсон уу
Тус банктай холбоотой гомдол, санал тасардаггүй. Та бидний дунд энэ банкаар үйлчлүүлж байхдаа бухимдаж, ундуйцдаггүй хүн олон. Аль ч салбарт нь очиж үйлчлүүлсэн ч оочер дугаар ихтэй байх нь наад захын жишээ. Теллерүүд нь хурдан шуурхай үйлчилнэ гэж байхгүй. Гэтэл энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх нэгэн гарч болсон юм. Тэр нь иргэдэд бус ХААН банкинд ашиг, тусаа өгч байгаа нь илт. Тодруулбал, ХААН банк өнгөрсөн наймдугаар сард АТМ-ын бэлэн мөнгөний шимтгэлээ нэмэгдүүлсэн юм. Өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсан бол өдгөө 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөгийн татаас авдаг болсон.
Тухайн үед учрыг нь тодруулахад “Манайх хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэж тайлбарлаж байсан удаатай. Хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө шинэчлэсэн гэх нэрийдлээр иргэдээс авах шимтгэлийн мөнгөө нэмж баг багаар нэмсэн гэдэг нь илт байна. Түүгээр ч зогсохгүй иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ хэмээн теллерүүдийг үгүй болгож, "Экспресс банк" хэмээх хүнгүй АТМ-ууд бий болсон. Гэвч "Экспресс банк"-ы үйл ажиллагаа доголдож, иргэдийн картнаас бага гэлтгүй шулсаар. Тодруулбал өнгөрсөн 7 хоногт танил минь манайд ирэхдээ монгол хүний зан юм хойно айлд хоосон орохгүй гэсэн дээ сүү, жимс, үзэмж зэрэг ойр зуурын зүйл авч ирэхэд гэж бөөн асуудал орсоноо ярьсан юм. Тэрбээр “"Экспресс банк"-аар үйлчлүүлж картнаасаа 40 мянган төгрөгийн зарлага хийжээ. Картаа авчихаад мөнгө гарч ирэхийн хүлээж байтал“Системд гэмтэл гарч гүйлгээ амжилтгүй боллоо” гэсэн бичиг дэлгэцэн дээр гарч иржээ. Энэ мэтчилэн жижиг, сажиг гэмтэл гарсан мэтээр харагдуулан байж үйлчлүүлэгчиддээ луйвардах үйлдэлтэй та, бид өдөр бүр таарсаар л.
Б.Болор: Би ганц ч хууль бус тушаал гаргаагүй
Сангийн сайд асан Б.Болортой холбоотой дуулиан сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан гэх асуудлаар мэдэгдэл хийх үеэрээ “Сангийн сайд асан Б.Болор хоёр тушаал гаргаад л “Эрдэнэт” үйлдвэрийг ганцхан хүний мэдэлд шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгвэл дөнгөж сая Төрийн ордонд Сангийн сайд асан Б.Болор УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өрөөгөөр орж нилээн удаан ярилцаад гарлаа. Энэ үеэр сайд асан Б.Болороос цөөн асуултад хариулт авлаа.
- Өмнөх Засгийн газрыг маш хүнд эдийн засгийг хүлээлгэж өгсөн гэж одоогийн эрх баригчид хэлээд байгаа. Та тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Үнэхээр тийм хүнд эдийн засаг хүлээлгэж өгсөн юм уу?
-Ер нь эдийн засаг хүнд байгаа нь хэн, хүнд ойлгомжтой л байгаа шүү дээ. Хүнд эдийн засаг хүлээлгэж өгөхдөө гол асуудал нь байгаа юм биш. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 20 жил буруу явсаны дунд ингэж дордсон. Би есөн сарын хугацаанд Сангийн сайдаар ажилласан. Энэ хугацаанд улс төржилт маш их байсан. Шинэ Засгийн газар төсвийн тодотголоор зөв зүйлүүдийг оруулж ирсэн. Гэтэл харамсалтай нь улс төржилтөөс болоод түүнийгээ хэрэгжүүлж чадсангүй.
- 2017 оны төсвийн төслийг олж харсан уу?
- Би төсвийн төсөлтэй танилцаж амжаагүй байна.
- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах асуудлаар таны гаргасан тушаал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
- Би одоо янз бүрийн юм яриад яах вэ. Би хууль бус ганц ч тушаал гаргаагүй.
Тэрбээр ийнхүү хэлээд Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанд суухаар А танхим руу орлоо.
Б.Болдбаатар: Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын талаар өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийж олон нийтийн анхаарлыг ихэд татсан. Түүний мэдээллийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн талаар “VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар “Шударга ярья”, “25-р суваг” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул “Ам нээвэл” хэмээх ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж, ярилцсан юм. Тэгвэл олон нийтийн сүлжээн дэх “Монгол Мессенжер” хуудас УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг эдгээрт нэвтрүүлэгт мөнгө төлж орсон хэмээх мэдээллийг тараасан байна. Тодруулбал, “Шударга ярья” нэвтрүүлэгт ороход 30 сая, “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо 15 сая төгрөг өгсөн гэсэн аж. Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Б.Болдбаатар, Г.Мөнхтуул нар мэдээлэл хийлээ. Тэд уг мэдээллийн үеэр “Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг" гэдгийг онцлов. Мөн олон нийтийн сүлжээний нэр бүхий цахим хуудас дээрх мэдээлэлдээ залруулга хийхгүй бол шүүх, хяналтын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм.
Төөрсөн хоёр иргэнийг эрэн хайх ажил эхэлжээ
Сүүлийн үед самар түүж яваад ойд төөрч сураггүй болсон талаарх мэдээлэл цөөнгүй ирэх болсныг албаныхан онцолж байна. Үүүнтэй холбоотой нэг хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 4-ний 09:00 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруу гэдэг газарт 44 настай эрэгтэй иргэн Б самранд явж байгаад модон дунд төөрчээ. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруун бэлсэг гэдэг газарт иргэн Б мөн өдрийн 18.00 цагийн орчимд жимс түүж явж байгаад сураггүй болсон байна. Тус мэдээллийн дагуу аймгийн ОБЕГ-ын ажилтан аврагч нар эрэл зохион байгуулж эхэлжээ. Одоогийн байдлаар төөрсөн хоёр иргэн олдоогүй байгаа аж.
АТГ-аас Т.Мэндсайханыг шалгаж эхэллээ
ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс ирүүлсэн гомдлыг хянан шалгаж эхэлсэн байна. Энэхүү гомдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаар дурджээ.
Энэ 7 хоногтоо багтаж 8, 9 сарын хүүхдийн мөнгийг олгоно
Сангийн яамнаас нийт хүүхдийн 60 хувьд бэлнээр олгох 20 мянган төгрөгийг өчигдөр шилжүүлж эхэлсэн. Гэхдээ хүүхдүүдийн дансанд гурван сарын 60 мянган төгрөг бус нэг сарын 20 мянган төгрөг л орсон тухай иргэд мэдээлж байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Долоо, найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлж байна. Энэ сарын 04-ний өдрийн байдлаар долдугаар сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт өчигдөр оройноос банкуудаар дамжин хүүхдийн дансанд орж байгаа. Энэ долоо хоногтоо багтан найм, есдүгээр сарын мөнгө орж дуусна" гэжээ.
"Volkswagen", "Toyota", "Nissan"-ы автомашинуудыг дуудлага худалдаагаар борлуулна
Гаалийн ерөнхий газраас энэ сарын 13-нд автомашины нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах юм байна.Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого 19 автомашиныг дуудлага худалдаагаар борлуулах аж. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг энэ сарын 13-нд 8.30 цагаас бүртгэж, 9.30 цагт дуудлага худалдаа эхлэх юм байна. Дуудлага худалдаанд 1997-2006 онд үйлдвэрлэсэн "Volkswagen", "Toyota", "Nissan"-ы автомашинуудыг 360 мянгаас 9 сая хүртэл төгрөгөөр худалдах суурь үнийг тогтоожээ.
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.