Өнгөрсөн сарын 29-ны өдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлаар мэдээлэл хийхдээ "Эрдэнэт үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл огт байхгүй болсон. ТУЗ-ын дарга хэн гэдэг нь ч ойлгомжгүй байна. 280 тэрбумыг татварт төлж байсан Эрдэнэт энэ жил 20 тэрбумыг төлсөн. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Оюутолгой 244 тэрбумыг энэ жил татварт төлсөн байна. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчихсан юм биш үү гэдэг дүр зураг харагдаад байна. Энэ луйврыг илчилж, ард түмэнд мэдээлэл өгнө" гэв. Оросын талын эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн хэвшлийн компани худалдаж авсан билээ" хэмээн мэдээлэл хийсэн. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон энэ асуудлаар дөнгөж сая “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийлээ. Ц.Нямдорж гишүүний энэхүү мэдээлэлд няцаалт хийж, хариулт өглөө. Тодруулбал, “эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 64 тэрбум, орон нутагт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр жилийн жилд төр засгийнхаа ажлыг дэмжиж ажилладаг. 2015 оны төгсгөлд 74 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан. 2016 онд 64 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлснээс 40 тэрбум төгрөгийг өмнөх онд урьдчилж төлсөн бөгөөд 24 тэрбум төгрөгийг бэлнээр нь төлсөн. Ингээд орон нутгийн 70 тэрбум төгрөгтэй нийлээд 134 тэрбум төгрөгийг төсөвт төлсөн байгаа. Тиймээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ташаа мэдээлэл өгсөн байна гэсэн хариултыг өглөө. Мөн 2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөсөө авлагатай явж ирсэн. Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн.2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөчээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн.Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна гэв.
Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар 6092 хүн ажиллаж байгаа бөгөөд 2016 оны7 дугаар сараас хойш 13 Орос ажилчин өөрсдийн хүсэлтээр халагдсан, 3 захирлыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэлийг өглөө. Мөн үүнээс гадна олон нийтийн анхаарлыг хамгийн эхээр татаж байгаа асуудал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг асуухад "Энэ талаар хариулт өгөхгүй, энэ талаар надад мэдэгдээгүй" гэсэн хариултыг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн өглөө. \Мөн тэрбээр хувьцаа эзэмшигчдийн ТУЗ шинээр байгуулагдсан. ТУЗ-ын дарга нь Да.Ганболд болсон гэлээ.
Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес шургах болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Урьд байсан уу, байсан. Үүнийг ганцхан тоогоор илэрхийлж болно. 2013 оны байдлаар нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 6625 байсан. Өнөөдрийн гүйцэтгэлээр бол буурсан байгаа. Энэ зардал буурахад нөлөөлсөн зүйл гэвэл илүү гардаг зардлуудыг хэмнэсэн, бараа материалыг хямд авдаг болсон. Сүүлийн гурван жилд үүний үр дүнд 250 орчим тэрбумын хэмнэлт бий болгож чадсан. Нэг тонн цэвэр зэсийн ямар үнээр үйлдвэрлэж байна вэ гэдгээр бидний үйлдвэрлэлээс бидний ашиг хамаарна.
-Одоо “Эрдэнэт” үйлдвэрт засаглалын ямар хэлбэр хэрэгжиж байгаа юм бэ?
-Бүх асуудал Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж явагддаг. Бидний хийсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан нь компанийн засаглалын сайжруулах гэсэн бодлого. Манай үйлдвэрт ямар ч халаа сэлгээ хийгдээгүй. Одоо “Эрдэнэт”-д 6000 гаруй хүн ажиллаж байна. Гурван захирлын асуудал шийдэгдэж, толгойны данхар бүтцээ авч хаясан. Бидний бүх үйл ажиллагаа, ажил хууль, тогтоомжид нийцсэн гэдгийг онцлъё.
-"Эрдэнэт" үйлдвэрийг 70 тэрбумын зээл авсан гэх мэдээлэл байгаа. Хаанаас ямар хүүтэй зээл авсан юм бэ?
-2015 оны арванхоёрдугаар сард 70 тэрбумын зээлийг Засгийн газартай зөвшилцөж авсан. Гадаадын банкны зээлээр авч байгаа л гэсэн ш дээ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой янз бүрийн асуудал гарч байна. Яг хэн худалдаж авсан юм бэ?
-Төр засгийн түвшинд хийгдсэн ажил. Худалдаж авсан асуудал бол бидний асуудал биш. 49 хувийн хувьцааг хэн, хаанаас яаж худалдаж авсныг бид мэдэхгүй. Харин 49 хувийн хувьцаа зарагдсантай холбоотойгоор манай байгууллагад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ТУЗ байгуулагдаад тэндээс ирсэн шийдвэрээр бол хэлтэс бүрт орлогч дарга томилогдож, эдийн засгийн хэмнэлтийн бодлогоо сайжруулж, үр ашгаа нэмэгдүүл гэх чиг үүрэг өгсөн.
Эрдэнэт үйлдвэр төрийн 51 хувийн өмчлөлтэй, хувийн хэвшлийн “Монголын зэс” ХХК-ийн 49 хувийн өмчлөлтэй болсон. Ер нь нэг зүйлийг хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг улс төрөөс хол байлгаач ээ. Хэрвээ улс төржмөөр байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрээс хол улс төржөөч ээ. Улс төржсөн мэдээлэл өгмөөргүй байна. Татвар төлөлт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх гэж ирсэн. Өнөөдөр бид төрийн эзэмшиж байгаа 51 хувийг хэн нэгэн хүн авч, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэх мэдээлэл аваагүй. Тэгэхээр 51 хувийг Монголын төр эзэмшиж байгаа хэвээр байгаа гэж ойлгож байна.
-“Эрдэнэт” үйлдвэрт 2500 доллар төлж ажилд орж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ажилд орох процесс алдагдсан зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэр ажилтнуудаа халаагүй, солиогүй. Харин бүтцийн өөрчлөлт хийж, газар нэгжүүдээ нэгтгэж байгаа. Доллар авч ажилд оруулсан гэдэг асуудал огт гараагүй.
-